“Sex and the City 3” киноны продюсерууд нэгэн гол дүрийн баатрыг хөнөөх гэж байжээ

Хэрэв киног хийсэн бол

Origins подкастыг хөтлөн явуулдаг сэтгүүлч Жеймс Эндрю Миллер нэвтрүүлгийнхээ шинэ дугаарт "Sex and the City" цувралын уран бүтээлчидтэй ярилцсан байна. Тэрээр ярилцлагынхаа үеэр алдарт цувралын бүрэн хэмжээний киноны гуравдугаар анги яагаад гарахаа больсон, хэрэв гарсан бол ямар үйл явдлууд өрнөх байсан гэх зэрэг шүтэн бишрэгчдийн сонирхсон асуултуудыг Сара Жессика Паркер, Кристин Дэвис, Крис Нот, Уилли Гарсон болон бусад уран бүтээлчдээс асуужээ.

Хэрэв "Sex and the City 3" кино нь үзэгчдийн хүртээл болсон бол гол баатруудын нэг болох Кэрригийн нөхөр "Mr.Big" буюу Жон Жеймс Престон үхэх байсан гэнэ. Продюсеруудын төлөвлөснөөр кино эхлэхэд тэрээр шүршүүрт орж байхдаа зүрхний шигдээс болж таалал төгсөх байсан аж. Кэрригийн дурлалт залуугийн дүрийг бүтээсэн жүжигчин Крис Нот энэ тухай "Өмнөх хоёр ангиасаа хамаагүй сайн зохиолтой болсон байсан бөгөөд урлагийн нэрийн өмнөөс дүрээ золиослоход бэлэн" гэж хэлжээ.

Мөн яг ийм зохиолтой байсан учраас жүжигчин Ким Кэтролл тус франчайзын үргэлжлэлд тоглохоос татгалзан байна. Тодруулбал кино зөвхөн бэлэвсэрсэн Кэрригийн эргэн тойронд төвлөрсөн байсан учир жүжигчин бүсгүй ийм шийдвэр гаргасан гэнэ.

Энэ талаар Сара Жессика Паркер жүжигчин Ким Кэтроллд "Чи энэ төслийн нэг хэсэг байгаасай гэж бид хүсэж байна. Учир нь чи бол энэ түүхийн салшгүй нэг хэсэг. Зохиолыг уншсаны дараа бидний харсан энэ бүх гоо үзэсгэлэн, баяр баясгалан, уйтгар гунигийг чи мэдэрнэ гэж найдаж байна" хэмээн ятгасан гэжээ.

Гэхдээ энэхүү хэлэлцээр нь амжилт олоогүй тул кино студи төслийг хаасан бөгөөд үүнээс хойш Сара Жессика Паркер ба Ким Кэтролл нар хөндий харьцаатай болсон юм.

Buro.Mongolia

2018-11-21, 11:00