Бэнкси өөрийн бүтээлээ устгаж, Женни Савиль шинэ рекорд тогтоолоо
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Лондон хотод зохион байгуулагдсан Sotheby's ордны дуудлага худалдааны үеэр урлагийн ертөнцийн хоёр чухал үйл явдал болж өнгөрлөө.
Бэнксигийн гэнэтийн бэлэг
Дуудлага худалдааны үеэр гудамжны уран бүтээлч Бэнксигийн "Агаарын бөмбөлөгтэй охин" (2006) бүтээл 1,4 сая ам.долларын үнээр зарагдсан билээ. Гэхдээ дуудлага худалдааны алх сүүлчийн удаа дуугарч, тус бүтээл зарагдсаныг зарласны дараа энэхүү бүтээл жаазан дотроо хэдэн хэсэг болон хэрчигдэж, хүн бүхнийг гайхшруулсан юм. Алдарт уран бүтээлч энэ талаар "Устгах хүсэл эрмэлзэл ч бас бүтээлч эрмэлзэл мөн юм" хэмээн Пикассогоос иш татсан бөгөөд хэдэн жилийн өмнө тус зургийг дуудлага худалдаанд орсон тохиолдолд устгана хэмээн тооцоолж, жаазанд нь тусгай хэрчигч машин нууцаар суурилуулсан хэмээн тайлбарлажээ. Тэрээр мөн хэрхэн үүнийг хийснийг дэлгэрэнгүй харуулсан видео цацсан юм. Дашрамд дурдахад дуудлага худалдааны ордон энэ талаар огт мэдээгүй байсан гэдгээ хүлээсэн байна.
Женни Савиль одоо амьд байгаа хамгийн үнэ цэнэтэй эмэгтэй уран бүтээлч
Бэнкси Sotheby's дуудлага худалдаан дээр шуугиан тарьсан цорын ганц уран бүтээлч байсангүй. Их Британийн уран зураач Женни Савилийн "Propped" (1992) нэртэй бүтээл 12,4 сая ам.доллараар худалдагдаж шинэ рекорд тогтоосон байна. Аз болоход түүний бүтээл хэдэн хэсэг болон хэрчигдээгүй юм. Уг дуудлага худалдааны дараа Женни Савиль одоо амьд байгаа хамгийн үнэтэй эмэгтэй уран бүтээлч болж урлагийн түүхэнд бичигджээ. Уг зурагт Женни Савилийн нүцгэн хөрөг дээр алдарт феминист Люс Иригарейн эссений хэсэг дүрслэгдсэн байдаг. Дашрамд дурдахад өмнө нь түүний "Shift" нэртэй бүтээл 2016 онд 9 сая ам.доллараар зарагдаж байсан түүхтэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт