Шинэ улирал ирж, шинэ үнэт эдлэл сонгох цаг ирлээ бүсгүйчүүдээ. Бид Dior, Louis Vuitton, Chanel, Van Cleef & Arpels, Bulgari зэрэг орднуудын хамгийн сүүлийн үеийн үнэт эдлэлүүдийг багцлан бичлээ. Сонголтоо хийгээрэй
Dior-ын шинэчлэгдсэн Tribales цуглуулга
Dior ордны аксесуарын бүтээлч захирал Камилла Мичели дэгжин загварын Tribales ээмгийг анх 2013 танилцуулсан билээ. Мөлгөр бус бөөрөнхий хэлбэртэй тэрхүү ээмгүүд бүсгүйчүүдийн дунд жинхэнэ шуугиан дэгдээж, маш их амжилт олсон. Харин саяхан франц ордон алдарт Tribales ээмэгнийхээ шинэ хувилбарыг танилцууллаа. Энэ удаад брэндийн дархад хөндийн сараана цэцгээс урам авч ажилласан байна. Кристиан Диор энэ цэцэгт хамгийн их дурладаг байсан төдийгүй аз авчирдаг гэж итгэдэг байжээ.
Доорх бичлэгээс Dior-ын уран гартнууд шинэ загваруудаа ямар нямбай хийцтэй бүтээснийг сонирхон үзээрэй.
Louis Vuitton-ы Blossom цуглуулга
Louis Vuitton загварын ордон өөрийн гол бэлгэ тэмдэг болсон дөрвөн навчит Monogram цэцгээ брэндийн бүтээгдэхүүнүүдэд хээ болгон ашиглах дуртайг бүгд мэднэ. Blossom нэртэй шинэ үнэт эдлэлийн цуглуулгад Monogram цэцгийн гурван төрлийн хувилбар орж, алтан ба ягаан алтан нарийн гинжин дээр тогтож, маш цэмцгэр хүзүүний зүүлт бий болгосон харагдана.
Chanel-ын шинэчлэгдсэн Les Icones de Chanel цуглуулга
Les Icones de Chanel цуглуулгад хэд, хэдэн сувдан эдлэл нэмэгдлээ. Загварын ордны уламжлалт бэлгэ тэмдэг болох камелия цэцэг болон ромбо хэлбэрийн гинжийг сувд эрдэнэ гоёмсогоор чимж өгчээ. Эдгээр тансаг үнэт эдлэлүүд нь хатагтай Коко Шанелийн хэлсэн "Сувд ямар ч нөхцөлд зохимжтой байдаг" гэх алдарт үгийг батлах болно.
Van Cleef & Arpels-ын Two Butterfly цуглуулга
Van Cleef & Arpels Францын үнэт эдлэлийн брэнд хаврын улирлыг шинэ цуглуулгаар угтан авлаа. Two Butterfly нэртэй цуглуулгын хүзүүний зүүлт, ээмэг ба бөгжийг чимсэн эрвээхий бүрийн голд очир эрдэнэ чулуу гялалзаж байна. Van Cleef & Arpels-ын дархад үнэт эдлэл бүтээхдээ зөвхөн өндөр чанарын байгалийн материал ашигладаг юм. Тухайлбал тэдний очир эрдэнэ чулуу D,E,F ангиллын тунгалаг өнгөтэй, IF буюу цэвэр эсвэл VVS буюу үл үзэгдэх орцтой байдаг. Тиймээс тус брэндийн үнэт эдлэлүүд хамгийн цэвэр байгалийн төрхөөр гэрэлтэх болно.
Bulgari-гийн B.zero1 бөгж
Эхлэл төгсгөлгүй, битүү бөгж бүрэн, бүтэн байдал, эв нэгдэл болон мөнхийн амьдралыг бэлгэддэг. Эрт цагт бөгжний төв цагирагт тэнгэрийн хүч хурж, бөгжний эзэн нь өөрийн гэсэн далд ертөнцийг гартаа зүүн явдаг гэж тооцогддог байжээ. Орчин цагт энэхүү бэлгэ тэмдэг өөрийн нууцлаг, ид шидийн утгаа алдсан хэдий ч эзнээ хүчирхэг харагдуулдаг хэвээр байна. Bulgari брэнд анх 1999 онд танилцуулсан B.zero1 бөгж үүний хамгийн тод жишээ болно. "В" нь Bulgari нэрийг илтгэж, харин zero нь төгсгөлгүй эхлэлийг тодорхойлдог. Энэ бөгж анх гурван төрлийн загвартай бүтээгдэж байжээ. Хамгийн эхний хувилбар буюу алтан B.zero1 1999 ондоо худалдаанд гарсан бол бусад хоёр загвар нь дөнгөж энэ жил олонд дэлгэгдэж байна. Эдний нэг нь цагаан, шар ба ягаан алтыг нэгэн зэрэг өөртөө агуулсан "оксюмор" бөгж бол харин нөгөөх нь нарийн цагираг бүхий бугуйвч юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт