2021 онд ямар загварын нарны шил сонгох вэ?

Зуны хамгийн хэрэгтэй аксесуаруудын нэг нарны шилээ сонгох гэж байна уу? Тэгвэл бид таны сонголтыг хөнгөвчлөхөөр загварын шоунууд дээр үзэгдсэн хамгийн загварлаг, орчин үеийн шилнүүдийг нэг дор цуглууллаа.

2021 оны хавар-зуны цуглуулгуудаас Versace брэндийн дөрвөлжин хүрээтэй уламжлалт авиатор загвар болон Miu Miu-гийн 2000-аад оныг санагдуулам гялалзсан шигтгээтэй хүрээ бүхий тэгш өнцөгт хэлбэрийн цайвар ягаан өнгөтэй нарны шил хамгийн ихээр анхаарал татлаа. Түүнчлэн энэ улиралд сонголтоо хийхдээ өвөрмөц хэлбэр, дүрстэй шилнүүдээс гадна тод өнгөтэй хувилбарууд дээр төвлөрөхийг зөвлөж байна. 

Муурын нүд

Хэзээ ч моданаас гардаггүй сонгодог атлаа чамин загвар бол муурын нүдний хэлбэртэй нарны шил билээ. Энэхүү загвар нь улирал бүр өөрийн хэлбэр, дүрсээ шинэчилдэг бөгөөд энэ жилийн хувьд шилний линзийг нарийн харин хүрээг нь өргөн болгосноор илүү ретро өнгө аяс нэмэгдсэн байна.

Авиатор

Бас нэгэн сонгодог загварын шил бол авиатор юм. Энэхүү нарны шилийг хэзээ ч, ямар ч нөхцөлд зүүсэн тохиромжтой байдаг. Харин та уламжлалт хувилбаруудаас залхаад байгаа бол илүү сонирхолтой солонгорсон өнгийн линзтэй загвараас сонгоорой.

Тэгш өнцөгт

Хамгийн өндөр эрэлттэй байгаа “Instagram-лаг” нарны шилнүүд дундаас тэгш өнцөгт загвар онцгойрч байна. Ийм хэлбэрийн нарны шилнүүдийг Miu Miu, Jacquemus, Ami зэрэг загварын орднуудын шинэ цуглуулгуудаас олох боломжтой.

Oversize

Өмд, цамцнаас гадна нарны шил хүртэл oversize загвараар хийгдэж загварын хорхойтнуудын сонирхлыг татаад байна. Та Gucci-гийн хавар-зун 2021 цуглуулгад багтсан 1970-аад оныг санагдуулам дөрвөлжин хэлбэртэй oversize шилнээс эсвэл Fendi брэндийнх шиг өнгөлөг линзтэйгээс сонгоорой.

Тод өнгийн хүрээнүүд

Минимал, энгийн хувцаслалтад өнгө нэмэхийн тулд өөрт таарсан тод өнгийн нарны шилийг сонгоход л хангалттай. Энэ зуны улиралд хүссэн өнгийн нарны шилээрээ гоёорой.

Buro.Mongolia

2021-06-11, 17:24

  • Зураг: Vogue