Мария Грация Кьюригийн ур чадварыг харуулсан мөч
Хоёр хоногийн өмнө зохион байгуулагдсан Dior брэндийн аяллын цуглуулгын талаарх шуугиан одоо хүртэл намжаагүй байна. Лос-Анжелес хотын "Santa Monica Mountains" үндэсний амралтын хүрээлэнд зохиогдсон энэхүү арга хэмжээний эд эс бүр гайхамшигтай байлаа. Онгон байгаль, жаргах нар, "Dior Sauvage" бичигтэй хоёр аварга том агаарын бөмбөлөг, газар дэвссэн сүлжмэл хивс, дуусч, дундаршгүй Moët оргилуун дарс болоод гайхалтай хувцаснуудаар тодорхойлогдох уг загварын шоу хүрэлцэн ирсэн зочдыг, мөн дэлгэцийн цаанаас сонирхож буй биднийг ид шидийн ертөнцөд хүргэж чадлаа.
Товчхон хэлбэл энэ нь Dior-ын шинэхэн бүтээлч захирал Мария Грация Кьюригийн ур чадварыг тодорхойлох мөч байлаа. Дизайнер зөвхөн бүрдүүлсэн орчноороо биш, мөн урласан хувцсаараа өөрийгөө бататгаж чадсан юм. Брэндэд хүрэлцэн ирснээсээ хойш нийт хоёр ready-to-wear цуглуулга танилцуулсан тэрээр саяхныг хүртэл өөрийгөө бэлтгэж, Dior ордон дахь өөрийн чиглэлийг тодорхойлж байсан бол, өнөөдөр Кьюри бэлэн болжээ. Тэр дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндийн бүтээлч захирлаар сонгогдсон шалтгаанаа загварын салбарынханд харууллаа.
Түүний загварууд одоо хүртэл Valentino-г санагдуулдаг хэвээрээ юу? Тийм ээ. Гэхдээ энэ нь Кьюригийн салшгүй нэгэн хэсэг биш гэж үү? Бид түүнийг үргэлж үүнд буруутгаж болохгүй. Valentino брэндийн бэлгэ тэмдэг болсон тюль загварууд Dior ордон руу нүүж ирсэн нь үнэн ч, Мария Грация Кьюри өөр олон шинэлэг зүйлс Dior-т нэвтрүүлсэн. Тэр брэндийг удирдаж буй энэ богино хугацаанд өөрийн нөлөөг аль хэдийнэ мэдрүүлж чадсан. Нарийн мөртэй, дөрвөлжин энгэртэй даашинз, намхан өсгийтэй шөвгөр хоншоортой гутал, энгэр дээрээ бичигтэй футболка, Dior ордны логотой дотуур хувцас зэргийг бид өнөөдөр хаа сайгүй харж байгаа шүү дээ.
Шинэхэн аяллын цуглуулга бүхэлдээ гар урлалын чимэглэлээр баялаг болж, элсэн цөлийн өнгөнүүдээр тодорхойлогдож байлаа. "Lascaux" агуй доторх балар эртний ханын зургууд даашинз дээр хээ болон бууж, брэндийн алдарт "Bar" хүрэм А хэлбэрийн дэрвэгэр юбкатай хосолж, сүлжмэл хийцтэй сул хүрэмнүүд "зэрлэг" атлаа дулаан мэдрэмж төрүүллээ. Кьюри энэ удаагийн цуглуулгад үслэг, торон, жийнсэн, сүлжмэл, даавуун, торгон болон бусад олон төрлийн материал ашигласан хэдий ч загвар бүр хоорондоо төгс нийцэж байлаа. Гэхдээ аяллын цуглуулгаас онцлох хэрэгтэй хамгийн гол зүйл бол феминизмийн уур амьсгал юм. Бандана алчууртай хослуулсан шляп малгайгаар гоёсон модель бүр хүчирхэг харагдаж байсныг үгүйсгэх хүн үгүй биз ээ. "Бид бүгд феминист байх хэрэгтэй" хэмээн анхны цуглуулгадаа тунхагласан дизайнерын үзэл бодол Dior ордонг чиглүүлсэн хэвээр байгаа бололтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт