Бюро 24/7 тойм: Saint Laurent, хавар-зун 2018

Амьдрал өөрөө гайхамшигтай гэдгийг харуулсан загварын шоу

Saint Laurent нь Францын хувьд ямар ач холбогдолтой ордон бэ? Энэ бол Францын стиль эсвэл загвараас ч илүү эрхэм хүндтэй, 1961 онд эхэлсэн нэгэн гайхамшигт түүх юм. Энэ бол эмэгтэйлэг ба тачаангуй хэв маягийн хязгаарыг тэлж өгсөн, эмэгтэйчүүдэд дэгжин хувцаслах эрх чөлөө олгосон үндэсний хэмжээний үзэгдэл юм. Ив Сен-Лоран ба Пьер Берже нар зөвхөн Франц гэлтгүй дэлхийн домогт эрхмүүдээр нэрлэгддэг тул энэхүү загварын ордныг удирдах шинэ бүтээлч захирал бүр брэндийн нэр төрийг хадгалж үлдэх маш том хариуцлага хүлээн авдаг.

Энэ сарын эхэн өдрүүдээр Сен-Лораны мөнхийн хамтрагч Пьер Берже таалал төгссөн гунигт явдал тохиосон. Тиймээс энэ удаагийн загварын шоу эдгээр агуу хүмүүсийн гэгээн дурсгалд зориулагдаж, дэлхийн загварын салбарт оруулсан хувь нэмрийг нь тодотгон харуулжээ. Үдшийн цагаар уулга алдам гоёмсог гэрлээр асдаг Эйфелийн цамхагийн чанх эсрэг талд байрших Трокадеро талбай дээр зохион байгуулагдсан энэхүү загварын шоу нь нэг ёсондоо Ив Сен-Лораны Парис хот руу хийсэн аялал л гэсэн үг юм. Одоогийн бүтээлч захирал Энтони Ваккарелло домогт дизайнерын архивыг сөхөж, түүний сэдэж байсан бүхий л сэдвүүд болон эсгүүрүүдийг эмх цэгцтэйгээр цуглуулан эртний атлаа шинэлэг загварууд дэлгэлээ. Ингэснээр тэрээр Сен-Лораны урлагийн тэнгэр Лулу де ла Фалезын 1970-аад оны төрхийг санагдуулам цэцгэн хээтэй хүрэм ба жижиг хуниасаар чимэглэгдсэн нимгэн цамц урлаж, брэндийн 1980-аад оны цуглуулгуудыг илтгэх атлас материал бүхий сул эсгүүртэй, намирсан цамц бүтээж, мөн 1987 оны haute couture цуглуулгаас санаа авсан тэмээн хяруулын өдтэй даашинзуудыг танилцуулжээ.

Гэхдээ 2017 оны Saint Laurent ордон эртний агуу түүхийг өгүүлэхээс гадна ямар нэгэн шинэлэг зүйл харуулах ёстой гэдгийг Ваккарелло сайн ойлгодог. Ийм ч учраас тэрээр энэ удаагийн цуглуулгад хувийн зүгээсээ өөрийнхөө хэв маягийг шингээсэн хэд, хэдэн сонирхолтой зүйлс нэмж оруулсан байлаа. Өдөөр чимэглэгдсэн тачаангуй өндөр өсгийт, савхин материалтай богино шоорт, гялтганасан саагаар бүрхэгдсэн смокинг хослол ба даашинз зэрэг нь Эйфелийн цамхагийн фон дээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан юм. Дизайнерын хэлснээр тэрээр энэ цуглуулгад амьдралаас баяр баясгалан мэдэрч чаддаг бүсгүйг дүрсэлсэн аж. Хэдийгээр цуглуулга бүхэлдээ энэ сард тохиосон гунигт явдалд зориулагдсан ч, загварын шоуны уур амьсгал эсрэгээрээ амьдралд улам бүр дурлахад хүргэлээ.

Buro.Mongolia

2017-09-28, 12:00

  • Зураг: