Эрчүүд корсет өмсөж болно: Dolce & Gabbana намар-өвөл 2023 цуглуулга

Эрчүүдэд зориулсан зоригтой загварууд

Dolce & Gabbana загварын ордон намар-өвөл 2023 улиралд зориулсан эрэгтэй цуглуулгаа танилцууллаа. Доменико Дольче болон Стефано Габбана нар шинэ улиралд зориулсан загваруудаа урлахдаа брэндийн 1990-2000 оны хооронд бүтээж байсан загваруудаас бүтээлч сэдэл аван “Essenza” буюу “Мөн чанар” хэмээн нэрлэсэн цуглуулгыг урлажээ.

Эрчүүд корсет өмсөж болно: “Бидний анхаарлыг сарниулах алаг эрээн зүйлсээр хорвоо дэлхий дүүрчээ. Яг энэ үед бид хэн гэдгээ ойлгох хэрэгтэйг мэдэрч, бидний мөн чанарыг илэрхийлэх зүйлийг бүтээхээр зорилоо. Ингэхдээ шаардлагагүй зүйлсийг танасан бөгөөд энэ нь минимализмтай огтоос хамааралгүй, харин энгийн байдалтай холбоотой” хэмээн дизайнерууд онцолсон юм.

Тэд цуглуулгаа бүтээхдээ ерөнхий төрх бус, харин загвар тус бүрд онцгой ач холбогдол өгч урласан ба өмнө нь туршиж байгаагүй шинэ эсгүүр, оёдлын шинэ арга барилыг ашиглажээ. Хар, саарал, цагаан өнгөөс бүрдэх цуглуулгад нам суудалтай өргөн өмд, бэлхүүс тодотгосон хүрэм, шигтгээн чимэглэлтэй нэвт гэрэлтэх цамц, богино топ, латекс материалтай хослол, нөмрөг зэрэг өдөөн хатгасан мэт секси загварууд багтжээ. Эдгээрээс эрчүүдэд зориулсан корсет хамгийн ихээр анхаарал татсан ба сорочкан цамц, зангиатай хамт загварчилсан нь эрчүүд корсет өмсөж болно гэдгийг харууллаа.

Buro.Mongolia

2023-01-18, 16:41