Кутюр загварын долоо хоног: Schiaparelli, намар-өвөл 2016

Сансар огторгуйн биес

Бүтээлч захирал Бертран Гийон Schiaparelli ордныг “Valentino”-гийн хэв маягтай төстэй болгож, гоёл чимэглэлийн аргачлалыг сонгож байна

Schiaparelli-гийн эзэмшигч Диего Делла Валле брэндийг сэргээж, шинэ амь оруулах зорилгоор италийн дизайнер Марко Заниниг урьж авчирсан ч тэрбээр хоёр улирлын дараа даалгавраа биелүүлж чадалгүй албан тушаалаа орхисон билээ. Харин түүний оронд Valentino-гийн кутюр дизайны урланд ажиллаж байсан, олонд танигдаж амжаагүй дизайнер Бертран Гийон ирсэн юм. Парисын загварын ордонд зориулсан түүний анхны цуглуулга нэлээд болгоомжтой болсон хэдий ч дараагийнх буюу намар-өвөл 2016 улирлын цуглуулга түүний Valentino-д ажиллаж байсан туршлагыг тодотгосон, илүү зоримог болжээ.

Парисын кутюр загварын долоо хоногийн хүрээнд зохиогдсон Schiaparelli-гийн загварын шоу өчигдөр "The Solar Circus or Heavenly Bodies" буюу "Нарны цирк эсвэл Тэнгэрлэг биес" нэрэн доор явагджээ.

Одон орон ба зурхай судлал тус брэндийн үүсгэн байгуулагч Эльза Скьяпареллигийн бүтээлд чухал нөлөө үзүүлдэг байсан нь түүний 1938-39 онуудад гаргасан "Зурхай" нэртэй намар-өвөл улирлын цуглуулгаас илт харагддаг юм. Бертран Гийон тэрхүү эртний цуглуулгаас санаа авч, илүү орчин үеийн өнгө аястай загварууд бүтээсэн байлаа. Бэлхүүс тодотгосон, өргөн мөртэй, хээ угалзаар баялаг загварууд шинэ цуглуулгыг тодорхойллоо.

Гийон цуглуулгынхаа хувцас бүрдээ нарийн чимэглэл оруулсан нь түүний өмнө нь ажиллаж байсан Valentino ордны хэв маягтай тун төстэй харагдав. Тэндхийн дизайнерууд цөөн тооны үндсэн дүрснүүдтэй ажиллаж, улирлаас улирал бүрд загваруудынхаа дүрсийг биш, харин зөвхөн гоёл чимэглэлийг нь өөрчилдөгийг та бүгд анзаарсан байх. Ингээд мод цэцэгс ургаж, эрвээхий нисч, тогос шувуу олон өнгийн туяа цацруулах ертөнцөд дахин нэг удаа тавтай морилно уу.

Ө.Тодгэрэл

2016-07-06, 08:00

  • Зураг: