MFW: Salvatore Ferragamo, хавар-зун 2016

Тогтвортой гоо үзэсгэлэн

Оросын Бюрогийн тоймч Елена Стафьева Миланы загварын долоо хоног дах Salvatore Ferragamo брэндийн шинэ цуглуулгын хуниас, лакан арьс болон өднүүдийн талаар ярьлаа

Массимилиано Жорнетти Salvatore Ferragamo брэндэд 2000 оноос хойш ажиллаж эхэлсэн билээ. Нийт 15 жилийн сүүлийн таван жил тэрбээр эмэгтэй загвар гаргаж байгаа бөгөөд энэ хугацаа брэндийн хувьд хамгийн амжилттай үе байсан гэж хэлж болно. Массимилиано улирал болгон маш чанартай хувцас хийдэг, ерөнхийдөө нэлээд тогтвортой, сайн дизайнер юм.

Түүний энэ удаагийн шинэ цуглуулга онцгой үзэсгэлэнтэй байлаа. Тэр өргөн загвартай, дээр, доороо эсвэл бүхэлдээ хуниаснаас бүрдсэн даашинзууд танилцууллаа. Загваруудыг бүтээхэд хатуу бүтэцтэй материал ашигласан тул хуниаснууд хэлбэрээ алдалгүй дэгжин харагдана. Үүний тод жишээ болгож улбар шар өнгийн сул даашинзыг харахад л хангалттай. Цуглуулгын хамгийн тод төрхүүдийн нэг бол цайвар цэнхэр хуниастай топ бөгөөд өргөн загвартай, лакан арьсаар хийсэн панталон өмдний хослол байв.

Дизайнер олон тод өнгөнүүд ашиглаж, зарим үед дан өнгөнөөс бүрдсэн төрх бүтээж, заримд нь холилдсон өнгөнүүдийн загварууд тайзнаа гаргасан. Энэ дундаас тэнгэрийн гэмээр цайвар цэнхэр өнгө хамгийн сонирхолтой санагдлаа. Харин дизайнерын танилцуулсан спорт ултай сандаалууд дараа зун загварлаг бүсгүйчүүд дунд хит болох нь гарцаагүй болов уу.

Цуглуулгын хамгийн үзэсгэлэнтэй төрхүүд шоуны эцэст тайзнаа гарч ирлээ. Олон өнгийн судалтай, доороо ба дээрээ хуниастай гурван төрлийн даашинзууд ирэх 2016 онийн хавар-зун улирлыг чимэх болно.

Ө.Тодгэрэл

2015-09-29, 19:01

  • Зураг: