Миланы намар-өвөл 2025 улирлын эрэгтэй загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ үеэр нийт 60 загварын ордон өөрсдийн шинэ улирлын цуглуулгаа танилцуулсан бөгөөд тэдгээрээс Emporio Armani брэнд эмэгтэйлэг элементүүдийг эрэгтэй загварт шингээж, JordanLuca ордон оффис хувцасны уламжлалт хэв маягийг өдөр тутмын амьдралд нийцсэн загваруудад уусгаж олон сонирхолтой шийдлийг танилцуулжээ. Мөн энэ удаагийн загварын долоо хоногт Federico Cina, Rubinacci, Maragno, Qasimi, болон Blauer тэргүүтэй брэндүүд анх удаа оролцсоноороо онцлог болсон юм.
Ийнхүү бидний зүгээс Миланы эрэгтэй загварын долоо хоног дээр онцгойрч, олны анхаарлыг илүүтэй татаж чадсан дөрвөн цуглуулгыг танилцуулахаар бэлтгэлээ.
Dolce & Gabbana намар-өвөл 2025 улирлын эрэгтэй хувцасны цуглуулгаа "Папарацци" хэмээн нэрлэжээ. Тэр ч утгаараа шоуны өнгө аяс тэр чигтээ папараццийн дуранд өртөж буй улаан хивсний ёслол дээрх алдартнуудын цуглаан мэт мэдрэмжийг өгч байв. Харин тус брэндийн танилцуулсан загваруудад өдөр тутмын энгийн хувцаснаас эхлээд чухал үйл ажиллагаанд өмсөхөд тохиромжтой хээнцэр үдшийн гоёлууд багтаж байлаа.
Харин шоуны тайзнаа алхсан моделиудын төрхийг ажвал 1970,1980-аад оны хээнцэр хэв маягтай, жентльмен залуучуудыг санагдуулна. Тэд өргөн жийнсэн өмд, сүлжмэл цамц, хамбан материалтай хослол, сонгодог кардиган зэргийг oversized пальто, савхи, хиймэл үсэн хүрэм тэргүүтэй гадуур хувцастай хослуулан цаанаа л нэг донжтой төрхүүдийг бүтээсэн байв. Мөн тэдний шинэ цуглуулгад багтсан тейлор хийцтэй, давхар энгэртэй хослолууд болон үдшийн гоёлуудыг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Сатин цамц болон сонгодог өмдний нэгдэл нь хэзээд эрэлтээс гардаггүй, мөнхийн классик хэвээр байгаа гэдгийг Dolce & Gabbana брэнд энэ удаагийн цуглуулгаараа батлан харуулж чадлаа.
Онгон дагшин байдлын илэрхийлэл Prada брэндийн цуглуулга
Prada загварын ордон энэ удаагийн шоугаа гурван давхар, төөрдөг байшин мэт хийцтэй төмөр хоолойтой байгууламж дотор хийсэн нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад амжсан байна. Дизайнер Раф Симонс болон Миучча Прада нар намар-өвөл 2025 улирлын загваруудаа урлахдаа онгон, дагшин байгалийн гоо үзэсгэлэнгээс санаа авч бүтээсэн бөгөөд тайзнаа алхсан моделиуд боловсруулаагүй арьсаар хийгдсэн мэт цамц, үслэг эмжээртэй хүрэм, ховхорсон мэт хоншоортой ковбой гутал, хиймэл үсэн хүрэм гэхчлэн мөстлөгийн үеийн мэт загваруудыг өмссөн байв.
Мөн Prada брэнд уламжлал ёсоор аксесуар дээр нэлээн анхаарчээ. Тухайлбал тэд цэцгэн хэлбэртэй энгэрийн чимэглэл, сагсан бөмбөгийн хэлбэртэй ээмэг зэргийг онцолж, загварууддаа орчин үеийн деталиудыг шингээж өгсөн байлаа.
Тренди загваруудыг нэгтгэсэн Emporio Armani-гийн цуглуулга
Одоогоос 40 гаруй жилийн өмнө Жиоржио Армани залуу хэрэглэгчдийг татах зорилгоор Emporio Armani брэндийг үүсгэн байгуулсан. Тус брэнд нь орчин үеийн хэв маягтай, тренди загваруудыг урладаг гэдгээрээ алдартай. Тэр ч утгаараа Emporio Armani брэнд энэ удаагийн цуглуулгадаа яг одоо эрэлттэй байгаа загваруудыг нэгтгэж өгсөн байна. Тухайлбал металлик, гялалзсан, хилэн гэхчлэн шууд л анхаарал татахуйц материалтай өмд, цамц, хослол, аксесуараас эхлээд төрөл бүрийн амьтны хээтэй үслэг эдлэл, нил ягаан, гүн цэнхэр, чидун жимсний ногоон өнгө давамгайлсан гадуур хувцас, шагай шүргэм урттай савхин хүрмүүд шинэ цуглуулгад зонхилжээ.
Тэд энэ удаагийн цуглуулгаараа сэтгэл татам байдлыг онцолсон бөгөөд загваруудаа танилцуулахдаа "Хүний сэтгэлийг татна гэдэг бол нарийн мэдрэмж шаарддаг урлаг. Энэ урлагт хүн өөрийн үгс, үйл хөдлөл, өмсөж буй хувцсаараа дамжуулан суралцдаг" хэмээн тодорхойлжээ.
Нарийн хийцтэй тансаг зэрэглэлийн хослолуудаараа алдартай Zegna брэнд Vellus Aureum нэртэй цуглуулгаа танилцууллаа. Энэ удаагийн загварын шоу ноос, ноолуураараа алдартай Австралийн өвслөг толгодыг санагдуулам орчинд зохион байгуулагдсан байна. Zegna брэндийн үүсгэн байгуулагч Эрменежильдо Зейна 1963 онд дэлхийн хамгийн шилдэг ноос үйлдвэрлэгч орныг олохоор Wool Trophy Awards хэмээх тэмцээнийг Австрали улсад зохион байгуулж байсан юм. Харин тус тэмцээний тусламжтайгаар тэд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн ноосон утас гэгддэг Vellus Aureum-ийг олж нээсэн гайхалтай түүхтэй билээ.
Тэдний танилцуулсан намар-өвөл 2025 улирлын шинэ цуглуулгад хүрэн бор, шаргал, бургунди улаан болон цайвар өнгө зонхилжээ. Цуглуулгад ноосон хослол, тааран өмд, нэхмэл цамц, савхи, ноолууран хүрэм зэрэг quiet luxury буюу даруу тансаг хэв маягийн загварууд давамгайлсан байв. Мөн тус шоунд Severance цувралын од, алдарт жүжигчин Жон Туртурро алхсан нь олон нийтийн анхаарлыг татаад амжжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт