Нью-Йоркийн загварын долоо хоног: Rosie Assoulin, хавар-зун 2017

Том хэмжээс, тэгш бус хэм

Дизайнер Рози Ассулины цуглуулгаас орчин үеийн эмэгтэйн биед эвтэйхэн атлаа загварлаг дүр төрхийг олж хараарай

Энэ зун шинэхэн дизайнер Рози Ассулин жил бүр зохион байгуулагддаг Swarovski Collective Award шагналын эзэн болж, өөрийнхөө брэндийг хөгжүүлэхэд зориулсан €25,000 евро хүртсэн байгаа. Тэмцээний шүүгчид хамгийн чадварлаг дизайнерыг тодруулсанд ямар ч эргэлзэх зүйл байсангүй. Розигийн өөдрөг уур амьсгалтай, этгээд загварууд дэлхийн загварын салбарт аль хэдийнэ нэр хүнд олж, жил ирэх тусам улам хүчээ авч байна.

Үнэхээр л сүүлийн үед дэлхийн ихэнх бүсгүйчүүд уламжлалт эмэгтэйлэг дүр төрхөөс татгалзаж, аль болох этгээд бас өвөрмөц эсгүүртэй, хувь хүний зан чанарыг илтгэсэн загварууд сонгодог болсон харагдана. Энэ үед Prada, Marni, Celine, Comme des Garcons, Rosetta Getty ба Gabriela Hearst гэх зэрэг брэндүүд бусдаасаа ялгарч байна. Сүүлийн хоёр брэндийн дизайнерууд болох Розетта Гетти ба Габриела Херст нар Рози Ассулинтай ижилхэн гарал үүсэлтэй, нэг нутгийн уран бүтээлчид тул загварын салбарынхан эдгээр гурван бүсгүйг тогтмол холбож ярьдаг. Тэднийг орчин үеийн эмэгтэй хүний дүр төрхийг тодорхойлж буй "Америкийн шинэ давалгааны дизайнерууд" хэмээн нэрлэх нь элбэг. Эдгээр бүсгүйчүүд материал харамлалгүй том хэмжээстэй хувцас урлаж, бие барьсан гэхээсээ илүү сул эсгүүрийг илүүд үздэг байгаа.

Рози Ассулины энэ удаагийн цуглуулга өмнөх улирлынхтай харьцуулбал харьцангуй даруухан болсон байна. Бөмбөгөр ханцуй ба трапеци өмдний хэмжээ тийм ч их хэтрүүлэггүй, бараг л энгийн байсан гэхэд хилсдэхгүй байх. Загваруудын урт ч бас урьдынх шигээ газарт орооцолдсон биш, харин цаг үетэйгээ зохицсон, биед эвтэйхэн болжээ. Түүнчлэн 1950-аад оны хэлбэр бүхий өндөр суудалтай харандаа юбка, 1940-өөд оныг санагдуулам халуун орны хээтэй даашинз, топууд цуглуулгад тайван төрх нэмж байлаа.

Buro.Mongolia

2016-09-13, 14:00

  • Зураг: