“Inventing Anna” цувралын гол дүр Аннагийн хувцасны шүүгээтэй танилцацгаая

Нью-Йоркийг бүхэлд нь хуурч чадсан бүсгүй

Энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийсэн Анна Делви хэмээх бүсгүйн итгэмээргүй түүхийг өгүүлэх “Inventing Anna” цувралыг үзээгүй хүн ховор биз ээ. Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү цувралыг орон орны хэвлэлүүд онцолж, Анна Делви буюу Анна Сорокинагийн талаарх нийтлэлүүд одоогоор ч олны анхаарлыг татсаар байгаа юм. Орос гаралтай Анна Сорокина 2013-2017 оны хооронд Германы баян өв залгамжлагчийн дүр эсгэн Анна Делви гэх нэрээр санхүүгийн луйвар үйлдэж, маш олон хүнийг мэхлэн, тэдэнд багагүй хохирол учруулсан билээ. Тэрээр “Анна Делвигийн сан” нэртэй орчин үеийн VIP зэрэглэлийн урлагийн төв байгуулах зорилготой байсан бөгөөд банкнаас ойролцоогоор 100 сая ам.долларын дүн бүхий зээл авахын тулд тансаг зэрэглэлийн зочид буудлууд болон банкнууд, Нью-Йоркийн урлаг болон бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийг хуурсан юм. Харин 2019 онд Аннагийн үйлдсэн хууль бус хэргүүдийг илрүүлэн түүнд 4-12 жилийн хорих ял оноосон ч хугацаанаасаа эрт суллагдан 2021 онд шоронгоос гарсан байна. Гэсэн ч хэдхэн сарын дараа түүний визний хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр түүнийг дахин саатуулсан билээ. Одоогийн байдлаар Анна Өмнөд Калифорни дахь хорих ангид байгаа бөгөөд АНУ-ын шүүх түүнийг Франкфурт хот руу албадан гаргах шийдвэр гаргасан гэнэ. Анх Анна Делви буюу Анна Сорокинагийн бодит түүхийг New York Magazine сэтгүүлийн сэтгүүлч Жессика Пресслер мөрдөж эхэлсэн ба түүнийг хэрхэн олныг мэхэлж чадсан талаарх түүхийг нийтэлсэн байдаг. Тэрхүү нийтлэл нь төсөөлшгүй их хандалт авснаар үр дүнд нь “Inventing Anna” цуврал Жессика Пресслерын бичсэн нийтлэл дээр үндэслэн бүтсэн юм. Netflix стриминг платформ тус цувралыг хийх эрхийг авахын тулд Анна Сорокинад 320,000 ам.доллар төлсөн гэдэг. Үүний ч ачаар Анна бүх өр зээлээсээ ангижирч чадсан байна. “Inventing Anna” цувралд Аннагийн дүрийг жүжигчин Жулия Гарнер бүтээсэн билээ.


Анна Делвигийн загварын мэдрэмж ямар байсан бэ?

Анна хувцаслалтдаа маш их ач холбогдол өгч зөвхөн тансаг зэрэглэлийн хувцас, аксесуаруудаас сонголтоо хийдэг байжээ. Цувралын хоёрдугаар ангид Анна гэнэтийн байдлаар Испанийн Ибица арал дээр амрахаар явдаг. Тэрээр саяхан танилцсан танилуудынхаа дарвуулт онгоцонд цагийг зугаатай өнгөрүүлэх бөгөөд энэ аялалдаа зориулж Alexander McQueen брэндийн час хийсэн улаан даашинз өмсөж, торгон алчуур ашиглан "бабушка" хэв маягаар толгойгоо ороож, Dior ордны tote цүнх барьсан харагдана. Товчхондоо тэрээр төрсөн цагаасаа л чинээлэг айлд төрж өссөн мэт хувцаслахыг хичээдэг байсан билээ. Ингээд Аннагийн хувцасны шүүгээтэй илүү дэлгэрэнгүй танилцацгаая.


Цувралд жинхэнэ Анна Сорокинагийн өмсөх дуртай байсан хувцаснууд болон аксесуаруудыг харуулахыг хичээсэн байна

Цуврал зохион бүтээгчид жинхэнэ Анна Сорокинагийн зан чанар, гадаад төрх, ярианы аялга, загварын мэдрэмж зэргийг яг бодитоор нь цувралаар дамжуулан харуулахыг эрмэлзсэн байна. Тиймээс жүжигчинтэй тулж ажиллахын зэрэгцээ тэд гол баатрын хувцаслалтад маш их ач холбогдол өгсөн юм. Хувцасны дизайнерууд болох Лин Паоло, Лора Френкон нар цувралын зураг авалт эхлэхээс өмнө Анна Сорокинагийн Instagram хаягийг маш нухацтай судалж эхэлсэн гэнэ. Тэд Анна хэрхэн хувцаслах дуртай, ямар хэв маягийг илүүд үздэг, мөн яг ямар брэндүүдээс сонголтоо хийдэг байсан гээд жижиг деталь бүрийг орхилгүй судалгаа явуулжээ. Мөн түүний сошиал хаягаас гадна дизайнерууд сэтгүүлч Жессика Пресслерийн цуглуулсан мэдээллүүд дээр үндэслэн Аннагийн хувцаслалтыг гаргасан байна. “Бид Аннагийн тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Интернет орчинд түүнтэй холбоотой байж болох бүхий л мэдээллийг онгичиж, түүний өмсөж, зүүсэн эдлэлүүдийг мэдэж авсан” хэмээн загвар зохион бүтээгчид нэгэн ярилцлагадаа дурдсан юм.


Анна олон сая ам.долларын хөрөнгө оруулалт авахын тулд хувцаслалтдаа багагүй өөрчлөлт оруулах шаардлагад хүрсэн

Цувралын турш Аннагийн зан чанар, зорилго өөрчлөгдөхийн хэрээр түүний загварын мэдрэмж, хувцаслалт мэдэгдэхүйц өөрчлөгдөж эхэлдэг. Эхний ангиудаас дүгнэх юм бол Аннагийн хувцаслалтад Нью-Йоркийн залуусын street style чиг хандлага давамгайлж байсан бол аажим аажмаар Анна томоохон байгууллагуудын эрх мэдэлтэй төлөөлөгчид болон баян чинээлэг хүмүүстэй тогтмол харьцах болсноор түүний хувцаслалт илүү ажил хэрэгч, сонгодог болж хувирсан. Мөн тэрээр шаргал үсээ даруу улбар шар өнгөөр будаж, хараа муутай биш ч гэлээ өргөн хар хүрээтэй нүдний шил зүүж эхэлснээр өөрийгөө хангалттай итгэл дааж чадахаар харагдаж байгаа хэмээн боддог байжээ. “Анна патриарх үзэл бодол давамгайлсан бизнесийн ертөнцөд өөрийг нь чадалтай нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх үүднээс хувцаслалтын хэв маягаа эрс өөрчилсөн” хэмээн Лин Паоло хуваалцсан юм. Тэр үед Аннагийн хувцасны шүүгээ Oscar de la Renta, Chanel, Givenchy, Prada, Gucci, Valentino, Celine зэрэг брэндүүдийн хувцас, аксесуаруудаар бүрддэг байв. 

Дизайнер Лин Паоло "Сэтгүүлч Жессика Пресслер цуврал дээрх дүрүүдийн хувцаслалтыг сонгох ажил дээр маш том үүрэг гүйцэтгэж, бидэнд их нэмэр болсон. Түүний ачаар бид Аннаг баривчилж байхад тэрээр Chanel-ийн гуталтай байсныг ч мэдэж авсан. Бид Анна Сорокина гэж чухам хэн юм бэ гэх асуултад хариулахын тулд тоо томшгүй олон цагийг зарцуулсан" хэмээн хуваалцсан юм.


Тэрээр хувцаслалтаас гадна нүүр будалтдаа мөн чухал ач холбогдол өгдөг байсан

Анна хэт нүсэр, хээнцэр гоёл чимэглэлээр гоёхын оронд энгийн атлаа чамин аксесуаруудыг илүүд үздэг нэгэн. Мөн хэтрүүлэгтэй нүүр будалтад дургүйгээс гадна хиймэл хумс, филлер, ботокс, хиймэл сормуус зэрэгт дургүй. Харин орой үдшийн цагаар Анна бөгж болон хүзүүний зүүлтийн оронд том хэмжээтэй ээмэг болон классик загварын бугуйвч зүүх дуртай. Эсвэл дан ганц хамба хилэн хар чокер зүүж төрхөө илүү сонирхолтой болгодог билээ. 

Buro.Mongolia

2022-03-16, 16:25