АНУ-д Том Фордоос өмнө Халстон гэх модель мэт гаднах төрхтэй, хар өнгийн хоолойтой цамц болон нарны шилээр төрхөө бүрдүүлэх дуртай, гаргууд нарийн мэдрэмжтэй, хээнцэр бөгөөд секси хэв маягийн зааг дээрх хувцас бүтээх онцгой авьяастай, брэндингийн ачаар зах зээлийг давамгайлах зорилготой нэгэн домогт дизайнер байсан юм.
Рой Холстон Фроуик 1932 оны дөрөвдүгээр сарын 23-нд АНУ-ын Айова мужийн Де Мойн хотод нягтлан бодогч аав болон гэрийн эзэгтэй ээжийн хүүхэд болон хорвоод мэндэлсэн юм. Түүнийг 10 настай байхад гэр бүл нь Индиана мужийн Эвансвилл хот руу нүүсэн билээ. Цувралын эхлэл хэсэгт Халстон ээждээ зориулан малгай урлаж буйгаар гардаг бөгөөд түүний ээж нь бие махбод болоод сэтгэл зүйн хүчирхийллийн хохирогч мэтээр дүрслэгддэг. Харин "Simply Halston: The Untold Story" нэртэй Халстоны намтрыг бичсэн зохиолч Стивен Гейнсийн онцолсноор Халстон ээж болон эгчдээ зориулж малгай урладаг байсан нь үнэн хэдий ч түүний хүүхэд нас хүчирхийлэл дунд өнгөрсөн гэдгийг батлах зүйл байхгүй юм. Халстоны найз нөхөд болон гэр бүлийн хэлдгээр түүний аав тэвчээр муутай хүн гэдэг нь үнэн боловч гэр бүлийн амьдрал нь эрүүл уур амьсгалтай байсан гэнэ.
Энди Уорхолын талаар бид цуврал дээр дуулдаг ч яг дүрийг нь бол дэлгэцээс олж хардаггүй. Уорхолын поп-арт уран зургууд Халстоны гэрийн ханыг чимдгээс гадна (Хюго уран бүтээлчийн хэд, хэдэн зургийг Халстоноос хулгайлсан нь бодит амьдрал дээрх үнэн баримт юм) түүний нэр болон алдарт Factory нэртэй студийнх нь талаар цувралын явцад дурдах төдий л өнгөрдөг. Гэтэл үнэн хэрэгтээ Халстон болон Уорхол нар маш дотно найзууд байсан төдийгүй уран бүтээлийн талбар дээр ч тогтмол хүчээ нэгтгэдэг хамтрагчид байсан. Уорхол Халстоны загварын шоунуудын гэрэл зургийг тогтмол дардаг байснаас гадна эрэгтэй загваруудад нь асар дуртай байсан учир эрэгтэй чиглэлд нь зориулж 1982 онд сурталчилгааны ажил хийж өгч байсан удаатай. Тэд мөн маш их цагийг хамтдаа өнгөрүүлж, тэмдэглэлт баяруудаар заавал нэг нэгнээрээ зочлон үнэтэй бэлэг солилцдог байсан уламжлалтай. Халстоны эзэмшдэг Монтак дахь байшин ч бас өмнө нь Уорхолынх байсан гээд тэдний харилцаа ихэд баялаг билээ.
Ер нь л Халстоны дотно найз нөхдийн хүрээ цувралд нэлээд багассан байдалтайгаар гардаг. Vogue сэтгүүлийн мэдээллэснээр Халстоны Нью-Йорк дахь гэрээр тогтмол зочилдог байсан хүмүүс дунд Элизабет Тейлор, Бьянка Жаггер, Анжелика Хьюстон, Шер болон загвар өмсөгч Пэт Кливленд нар багтдаг байж. Халстон үргэлж найз нөхдөөрөө хүрээлүүлэх дуртай байсан төдийгүй тодорхой бүлэг загвар өмсөгчидтэй дотно нөхөрлөж, хаа нэг тийш аялалд явахдаа тэднийг хөлөөс нь толгой хүртэл Halston брэндээр хувцаслан хамт аялдаг байсан нь түүний брэндийн нэрийг илүү цуурайтуулж өгсөн нэгэн ухаалаг арга байсан ажээ.
"Halston" цуврал дээр Хюго өөрийн хар тамхины хэрэгцээгээ хангахын тулд Халстоныг сүрдүүлж, түүнээс эд хөрөнгө хулгайлж, "уран бүтээлч"-ийнх нь карьерийг санхүүгээр дэмжихийг шаарддаг. Стивен Гейнсийн Logo сэтгүүлд хэлснээр Халстон "Хюгод доромжлуулах дуртай байсан" бөгөөд "Хюгог дэргэдээ байлгах үед олон нийтийн зүгээс ирдэг байсан тэр их шок түүнд таалагддаг байсан" гэнэ. Мөн 2019 онд гарч байсан Халстоны тухай өөр нэгэн баримтат кинонд Халстоны найз, иллюстратор Жо Эула түүнийг Хюгод хайртай байсан болохоор л бүх муу муухай занг нь тэвчдэг байсан гэж хэлдэг бөгөөд яг ямар мөчид тэдний харилцаа уруудаж эхэлснийг асуухад "Анх танилцсан өдрөөс нь л" хэмээн хариулсан байдаг. Хюгогийн паразит чанар нь цуврал дээрээс илт харагддаг хэдий ч Халстон болон түүний дунд чин сэтгэлийн зөөлөн харилцаа байсныг үгүйсгэхийн аргагүй. "Магадгүй Хюго тэдний харилцааны эхэн үед Халстонд бүх зүйлийн талаар шударга үнэнийг хэлж чаддаг, зүйлсийг бодитоор харахад нь тусалдаг хүн байсан байх. Гэвч хэсэг хугацааны дараа энэ нь манипуляц болж хувирсан" хэмээн "Halston" цувралын ерөнхий продюсер Дэн Минахан Vanity Fair сэтгүүлд хэлсэн юм.
Домогт Версалийн тулаанд ялалт байгуулаад удаагүй байхдаа буюу 1973 онд Халстон өөрийн компани болон нэрээ Norton Simon Inc. компанид $16 сая ам.доллараар зарсан билээ. Халстонд өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хөрөнгө дутаж байсан учраас л энэхүү тохиролцоог хийсэн байдаг. Үүнээс гадна 1983 онд тэрээр JCPenney компанитай $1 тэрбум ам.долларын үнэлгээтэй, зургаан жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд энэ нь загварын салбар дахь анхны high fashion болон масс зах зээл нэгдсэн үйл явдал болсон юм. Цуврал дээрээс харахад, Халстон энэхүү хамтын ажиллагаандаа төдийлөн сэтгэл хөдлөлтэй хандаагүй мэт санагдах ч үнэн хэрэгтээ дизайнер энэ төслөө телевизээр өөрийн биеэр зарлаж, өөрийн "Америкийн бүх эмэгтэйг хувцаслах" хүслээ биелүүлсэн байдаг. Тансаг зэрэглэлийн брэндүүд ийм төрлийн хамтын ажиллагаа хийх нь (Missoni болон Target, Hermés болон Apple) өнөөдөр энгийн үзэгдэл болсон ч харамсалтай нь тухайн үед загварын ертөнц Халстоны эсрэг боссон юм. Цувралын гол фокус Халстоны үрэлгэн зан, хар тамхины донтолт болон асуудал ихтэй хувийн амьдрал руу чиглэдэг ч үүнээс илүү чухал зүйл нь түүний дизайнууд байсан юм. Халстон бол өнөөдрийн athleisure буюу хээнцэр атлаа биед эвтэйхэн хувцасны суурийг тавьж өгсөн агуу дизайнер яахын аргагүй мөн билээ.
Алдарт загварын сурталчлагч, Нью-Йоркийн загварын долоо хоногийн үүсгэн байгуулагч Элинор Лэмбертийн санаачилсан Версалийн тулаанд Францын таван дизайнер Америкийн таван дизайнерын эсрэг бүтээлүүдээрээ өрсөлддөг. Тус арга хэмжээнд Жозефин Бейкер хүрэлцэн ирж, Лайза Минелли үзүүлбэр үзүүлж, нөлөө бүхий хүмүүс хуран цугларсныг "Halston" цувралаас харах боломжтой ч тэр үдшийн нэгэн том деталь дэлгэцнээ гаралгүй орхигдсон нь загвар өмсөгчид юм. The Washington Post-н загварын шүүмжлэгч Робин Гивэн "Версалийн тулааны тайзнаа түүхэн дэх хамгийн том хэмжээний Африк-Америк гаралтай загвар өмсөгчдийн бүрэлдэхүүн алхсан. Үүнээс өмнө том загварын шоунууд дээр хэзээ ч ийм үзэгдэл гарч байгаагүй бөгөөд Африк-Америк гаралтай моделиудыг ихэвчлэн олны анхаарлыг татах, улс төрийн мэдэгдэл хийх зэрэг далд зорилгоор оролцуулдаг байсан" хэмээн тэр үдшийн талаар магтан дуулсан байдаг. Түүний онцолсноор Халстон өөрийн загварын шоунууддаа тогтмол өнгөт арьстай, африк гаралтай, төрөл бүрийн үндэс угсаатай моделиудыг алхуулдаг байсан бөгөөд алдарт Пэт Кливленд болон Иман нарын карьерийг өсөхөд тусалсан гэнэ.
"Halston" цуврал дизайнерыг асуудалтай гэр бүл, тайван бус хүүхэд насны уршгаар өөртөө хор хөнөөлтэй хүн болж хувирсан мэтээр дүрсэлдэг. Хуурамч бага насны дурсамжууд, оршуулгын ёслолыг эс тооцвол цуврал дээр Халстоны гэр бүлийн тухай бараг л өгүүлдэггүй. Цувралын сүүлийн анги дээр Халстон зүүн эргийг орхиж амьд байх сүүлийн саруудаа Сан Франциско руу чиглэн Номхон далайн эрэг дагуу машинаар аялан өнгөрүүлж буйгаар гардаг юм. Харин үнэн хэрэгтээ дизайнер ДОХ-той жил хагас тэмцсэний эцэст амьдралынхаа төгсгөлийн саруудыг гэр бүлийнхээ хүрээлэлд өнгөрүүлсэн билээ. Халстоны ах Боб Фроуик болон дүү Сью Хопкинс нар өөрсдийн гэр бүлийн хамт Сан Францискогийн Bay Area-д амьдардаг байсан бөгөөд Халстон ах дүүтэйгээ, мөн ахынхаа хүүхэд Лезли Фроуик нартай маш дотно харилцаатай байсан юм. Лезли өнөөдрийг хүртэл Халстоны Архивуудыг эзэмшдэг төдийгүй дизайнерын тухай "Halston: Inventing American Fashion" нэртэй номыг бичиж, "Halston and Warhol: Silver and Suede" үзэсгэлэнг дэлхийн олон оронд гаргасан билээ. Тэрээр Халстоны амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гол хүн байсныг цуврал тусгалгүй үлдээсэн нь тун ч хачирхалтай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт