Та дүүрэн хувцастай шүүгээтэй мөртөө хүссэн төрхөө бүрдүүлж чаддаггүй, цөөн хэдэн хувцаслалт дунд эргэлдэж байгаа бол стилистүүдийн хэрэгжүүлдэг ангилах аргыг туршаад үзээрэй. Загварлаг байхын тулд бүгдийг цагаан цааснаас эхлэх албагүй бөгөөд яаран худалдан авалт хийхээсээ өмнө хувцасны шүүгээнд нуугдсан эрдэнэсээ олцгооё.
Юун түрүүнд та шүүгээндээ байгаа нийт хувцаснуудаараа хэдэн төрх бүрдүүлж болохоо олж мэдэх хэрэгтэй. Туршилтаар өмсөж үзэхдээ гадагш гарахаасаа өмнө хийдэг алхмуудаа (хувцсаа индүүдэх, үсээ задгай тавих г.м) хэрэгжүүлэхээ мартуузай. Учир нь үрчийсэн цамцаа шүүгээнээсээ гаргаж ирээд гэрийн хувцсан дээрээ давхарлаж өмсөн толинд нэг харчхаад шийдвэр гаргах нь буруу сонголт руу хөтлөх боломжтой.
Эхлээд бүх төрлийн хувцастай зохицдог сонгодог силуэт, тав тух мэдрүүлэх төгс суулттай хувцас болон цаг үедээ тохирсон трендлэг эд зүйлсийг ногоон гэрлээр авч үлдээрэй. Харин цахилгаан нь эвдэрсэн, урагдсан, уртадсан гэх зэрэг бусад жижиг асуудалтай ч өдөр тутамд өмсөх боломжтой хувцаснуудаа засварт өгөхөөр ялгаж тавих нь зүйтэй. Харин хэмжээний хувьд багадсан хэт их хувцастай бол бусдад бэлэглэх, зарах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Хувцсыг жин хассан үедээ өмсөнө гэж хадгалах нь биеийн галбиртаа таарсан төрх бүрдүүлэхэд, мөн одоо байгаа өөрийгөө хайрлахад саад учруулдаг билээ.
Хэн, хэрхэн, яаж? Загварын ертөнцөд сониучаар хандаж, ямар стилист, блогер, эсвэл дизайнер аль хувцсыг юутай загварчилж буйг анзаарч явах нь загварын баримжаа, өөрийн гэсэн мэдрэмжтэй болоход тусална. Түүнчлэн брэндүүдийн толилуулах шинэ улирлын цуглуулга бол сонин соргог зүйлсээр дүүрэн, яг л загварын сурах бичиг гэсэн үг.
Тэйлор хийцтэй пиджакийг уранхай жийнс, эсвэл бэлтгэлийн өмдтэй хослуулах, ноосон цамцыг хүрмийн гадуур өмсөх, давхарлах стилистик аргачлалын тусламжтай даашинзыг юбка болгон хувиргах, тод, нүсэр аксесуараар минимал хэв маягийг баяжуулах гэх зэрэг тоочиж барамгүй их аргачлалууд бий.
Хувцасны шүүгээгээ аль болох практикал байлгах үүднээс олон тооны трендлэг хувцас худалдан авахаас зайлсхийгээрэй. Ийм төрлийн хувцас өмсөхөд цаг үетэйгээ хөл нийлүүлж байгаа нь таатай санагдах ч харамсалтай нь дийлэнх тохиолдолд энэ мэдрэмж тань удаан үргэлжлэхгүй. Бүр антитренд ч болох нь бий. Тиймээс та өөрийн сонирхлын дагуу, олон жилийн турш өмсөж чадах хувцас авах нь зүйтэй. Харин хоцрогдсон гэж үзэж буй хувцсаа мода эргэдэг гэдгийг санаж, хогийн сав руу яаран бүү хийгээрэй.
Эцэст нь хэлэхэд авсныхаа дараа хэдхэн удаа өмсөөд шүүгээндээ хав дарж, давхар санхүүгээрээ хохирохгүйгээр анхнаасаа зөв шийдвэр гаргах нь төгс хувцасны шүүгээ бүрдүүлэхэд тусална. Тиймээс гэнэтийн худалдан авалтаас хол байж, ямар нэг хувцас маш их таалагдсан бол өөртөө хэдэн өдрийн бодох хугацаа олгох нь зүйтэй. Түүнчлэн оффлайн шоппинг хийж байгаа тохиолдолд заавал өмсөж үзэн, тааламжтай харагдаж байна гэдэг ганцхан шалгуураар биш, хослуулж өмсөх боломж, эдэлгээ даах чанар, тухайн улиралд өмсөхөд тохиромжтой эсэх гэхчлэн деталиудыг тооцож үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт