Яагаад ишлэл татах нь сайн, харин copy paste хийх нь муу зүйл вэ?

Зөв аргаар хулгайлах хэрэгтэй

Бюро 24/7-гийн тоймч Елена Стафьевагийн шинэ нийтлэл энэ удаад жинхэнэ дизайнер хүн яаж бий болдог тухай өгүүлж, бусдаас хуулбарлахын юу нь муу болохыг хөндлөө

Саяхан болж өнгөрсөн Москвагийн загварын долоо хоногийн үеэр Оросын шинэхэн марк Lumier Garson өөрийн шоугаа зохион байгууллаа. Цуглуулгыг фейсбүүк дэх Загварын нийгэмлэг доог тохуу болгон шоолсон бол, оросын Vogue сэтгүүл эсрэгээрээ магтаж, маркийн үүсгэн байгуулагч Жан Рудоффыг "Пермь хотоос гаралтай хоёр дах Демна Гвасалия" хэмээн нэрлэлээ. Ингээд харахад загварын ертөнцөд ер нь юу болоод байна аа?

XXI зууны загвар бүхэлдээ "ишлэл" болон хувирсан байна. Дэлхийн загварын тайзууд дээр хамгийн сүүлд үзэгдсэн оригинал стиль бол гранж юм. Тэр цагаас хойш бүгд шинэлэг зүйл бүтээхээ больж, бусдаас "ишлэл татаж" эхэлсэн. Загварын ертөнцөд 1950-аад, 1960-аад, 1980-аад, 1940-өөд онууд байн, байн үзэгдэж, дараа нь дахиад л 1960, 1970, 1990-ээд онууд моодонд орсон. 

Харин яг одоогийн байдлаар дахиад л 1980-аад он давтагдаж байна. Тодруулбал 1980-аад оны сүүл үеийн моод эргэж байна. Энэхүү зогсолтгүй эргэлт дунд юуг бүтээлийн хулгай, харин юуг энгийн "урлагийн боловсруулалт" хэмээн тооцох вэ? "Бид үүнийг өмнө нь харж байсан" гэж хэлэх нь магтаал уу, ялын тогтоол уу? Ер нь орчин үеийн загварын ертөнцөд ишлэл ба хуулбарлалтын концепци хэрхэн хэрэгжиж байна вэ?

Мэргэжлийн загварын салбарт "Бүгд л бусдаас ишлэл татдаг" гэх ойлголт орчин үед ноёрхож байгаа ч зарим дизайнерууд бүтээлийн хулгай дээр баригдаж, томоохон шуугиан үүсгэдэг. Гэхдээ тэдгээр шуугианы талаар сонссон хүмүүсийн реакци цаг ирэх тусам улам л ойлгомжгүй болоод байна. "Олны хүндэтгэлийг хүртсэн ямар нэгэн дизайнер эртний ямар нэгэн сонгодог дизайнераас ердөө нэг даашинз, пальто эсвэл бүхэл бүтэн цуглуулгын санааг хулгайлаа л биз. Тэглээ гээд яах вэ дээ? Одоо бүгд л бие, биенээсээ хулгайлдаг биз дээ?" гэсэн хандлага хаа сайгүй.

Хэрвээ та санаж байгаа бол хэдхэн жилийн өмнө дизайнер Фиби Файлотой холбоотой нэгэн шуугиан дэгдэж байсан. Тэрбээр намар-өвөл 2013 цуглуулгадаа Америкийн алдарт дизайнер "Geoffrey Beene"-ийн бүтээж байсан пальтоны хуулбарыг оруулсан юм. Фиби зүгээр ч нэг "урам авч ажилласан" биш, харин бүр уг пальтоны эсгүүрийг бүхэлд нь хуулбарласан нь загварынхны дургүйцлийг хүргэсэн байдаг. Энэ нь Фиби Файлог муу дизайнер болгож байгаа юу? Мэдээж хэрэг үгүй. Тэр бол өөрийгөө сайн дизайнер болохыг олон мянган удаа баталсан, үнэхээр л чадварлаг уран бүтээлч. Энэ нь түүний нэр төр дээр хар толбо болон үлдэж байгаа юу? Магадгүй л юм. Бид шүтэж явдаг уран бүтээлчдээ мэдээж хэрэг илүү анхааралтай хандлага гаргаасай гэж хүсдэг. Энэ алдааны дараагаар бид Файлог урьд өмнөхөөсөө бага хайрладаг болсон уу? Үгүй ээ, бид түүнд хайртай хэвээрээ байгаа. Файло шиг уран бүтээлчид хэрэглэгчдийнхээ итгэлийг аль хэдийнэ олж, үнэнч харилцаа үүсгэсэн байдаг.

Фиби Файло
Geoffrey Beene намар-өвөл 2004/05; Céline намар-өвөл 2013/14

Түүнээс гадна саяхан болж өнгөрсөн хавар-зун 2017 улирлын загварын долоо хоногууд дээр нэлээд хэдэн дизайнерууд Issey Miyake-гийн бүтээлээс ишлэл авсан байлаа. Өргөн, хавтгай ханцуй ба нарийн хуниаснуудаараа алдаршсан Мияке Jil Sander ба Haider Ackermann маркуудын шоунууд дээр чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хамгийн сонирхолтой нь хүн бүр Jil Sander ба түүний бүтээлч захирал Родольфо Пальялунга руу дайрч, харин Хайдер Аккерманыг магтан дуулцгааж байсан. Гэхдээ үүнд гайхах зүйл үгүй юм. Учир нь Аккерман Миякегийн стилийн зарим элементүүдийг зээлдэж, өөрийн таних тэмдэг болсон хэв маягтай хослуулсан. Түүний өвсний ногоон, шар-ногоон, бор-шаргал гэх зэрэг үнэт эдлэлийн гялалзсан өнгөнүүд болон сул эсгүүртэй хүрэм ба өргөн өмднүүд хаанаас харсан ч танигддаг. Энэ нь Аккерманы өөрийн гэсэн стиль юм. Харин Пальялунгад ийм зэргийн тод алсын хараа, тууштай аргачлал гэж байхгүй. Ер нь хэзээ ч байгаагүй. Өөрийн гэсэн тодорхой стильгүй түүнийг хамелеон дизайнер гэж нэрлэх нь элбэг. Тэр хүрэлцэн ирсэн брэнд бүртээ уусч ажилладаг. Тиймээс түүний Issey Miyake-гийн даашинзыг бүхэлд нь хуулбарласан загвар мэдээж хэрэг олон нийтээс муу дүн хүртсэн.

Issey Miyake хавар-зун 1995
Jil Sander хавар-зун 2017; Haider Ackermann хавар-зун 2017

Ингээд бид асуудлын гол учрыг тун удахгүй тайлах гэж байна. Тийм ээ, орчин үед ямар нэгэн дизайнерыг "ишлэл" татлаа хэмээн буруушаах нь мэдээж хэрэг утгагүй юм. Тэгэхээр "Ишлэл" гэдэг үгэнд л гол асуудал байна. Загварын салбарт "ишлэл" гэх ойлголтыг аль хэдийнэ "постмодернизм" гэдэг илүү ухаалаг үгээр сольсон. Энэ үг урлагийн салбарт нэвтрээд бараг 25 жил өнгөрч байгаа ч одоо л загварт биеллээ олж байна. Гэхдээ постмодернизм гэдэг нь хүссэн зүйлээ ухаангүйгээр хуулбарлах тухай биш, харин хэн нэгний бүтээлийг өөрийн гэсэн концепцид тааруулан ишлэл болгон оруулж, үүнээсээ ямар нэгэн оригинал санаа үүсгэхийг хэлж байгааг зарим хүмүүс ойлгодоггүй. Харин ямар ч утга учиргүй хүний бүтээлийг ишлэл болгох нь мэдээж хэрэг постмодернизм биш, энгийн нэгэн хуулбарлалт юм.

Тийм ээ, бүгд л бусдаас санаа авдаг. Гэхдээ зарим хүмүүс үүндээ утга учир агуулж, харин зарим нь юу ч бодолгүй хуулбарладаг. Энэ нарийн элементийг л ажиглаж байх нь чухал юм. Чамд өөрийн гэсэн зохиогчийн санаа байгаа бол хэн нэгнээс ишлэл авах нь буруу зүйл биш юм. Загварын салбарт бусдын санааг зүгээр л хуулбарлачихдаг хүндэт брэндүүд бий. Гэхдээ тэд масс зах зээлийг чиглэж, тренд түгээх зорилгоор ийм үйлдэл хийдэг. Тэд өөрсдийгөө "дизайнерын" бүтээл туурвидаг хэмээн зарладаггүй бөгөөд бараагаа ч мөн адил хэдэн мянган доллароор борлуулдаггүй.

"Пермь хотоос гаралтай хоёр дах Демна Гвасалия"-гийн сэдэв рүү эргэн очицгооё. Хэрвээ Демна Гвасалия алдарт Мартин Маржелагийн бүтээлээс санаа авснаар өөрийн Vetements маркийн хэлбэр дүрс ба онцлогийг тодорхойлж чадсан бол бусад нь яагаад тэгж болохгүй гэж? Магадгүй Жан Рудофф ийм маягаар сэтгэсэн байх. Ерөнхийдөө түүний эргэцүүлэлд буруу зүйл байхгүй ч тэр хэд, хэдэн алдаа гаргасан юм.

Гвасалия "break the rules" буюу дүрмийг эвдэх аргачлалыг сонгосон. Зөв ашиглаж чадвал энэ нь маш амжилттай маркетингийн алхам юм. Амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд (Vetements марк өнөөдөр хичнээн амжилттай явааг дурдах шаардлагагүй байх) чи зах зээлд өөрийн гэсэн өвөрмөц байр суурийг эзэлж, бусад уран бүтээлчид чамайг дуурайж эхэлнэ.

Гэхдээ Демна Гвасалия бол Маржелагийн хэв маягийг амжилттайгаар хэрэгжүүлж чадсан ердийн нэг "ишлэл" татсан дизайнер биш юм. Тэр бол Маржелагийн гоо зүйн мэдрэмжийг Зөвлөлтийн үеийн хүний нүдээр харж чадсан дизайнер. Наймаачид ба тэдний барьдаг цүнх, ирвэсний хээ, хятадын хөвөн куртка, өвлийн түрийтэй гутал, социализмын үеийн дүүрэг, хороолол, орон сууц зэрэг нь түүний хувьд зүгээр нэг хэн нэгнээс дуулж байсан этгээд эд зүйлс биш, харин түүний хүүхэд насны дурсамж юм.

Vetements жийнс; Maison Margiela хавар-зун 1999

Гвасалия бол Зөвлөлтийн үед амьдарч байсан, Антверпенд мэргэжил эзэмшсэн, Maison Martin Margiela-гийн урланд ажиллаж үзсэн, Balenciaga-гийн бүтээлч захирал. Энэхүү этгээд амьдралын туршлагуудаас бүрдсэн гэнэтийн нэгдэлд түүний хүч чадал оршдог. Тэр өөрөө ийм өвөрмөц концепцитой бүтээлч тул тэр хүссэн үедээ, хүссэн хүний санаанаас ишлэл авах боломжтой байдаг. Хамгийн гол нь тэр үргэлж хэмжээ хязгаараа мэдэрч, тунг нь тааруулан ажилладаг.

Загварын салбарт шуугиан тарьж буй ямар нэгэн бүтээлчийн санааг "copy paste" хийж, агааржуулагчтай оффист байршуулснаар чи Демна болчихгүй. Харин ч чи үүгээрээ бүх брэндийг хуулбарлаж, дотоодын зах дээр борлуулдаг Зүүн өмнөд Азийн залуус шиг харагдана. Ингэснээр чи хэзээ ч дизайнер болж чадахгүй. "Доширак"-ийн ерөнхий санааг авснаар бүх зүйл бүтчихгүй шүү дээ. Чамд өөрийн гэсэн урлагийн концепци бас урлагийн орон зай байх хэрэгтэй. Зөвхөн үүний дараа л чиний "Доширак" урлагийн бүтээл шиг харагдана. Эс тэгвээс "Доширак" "Доширак"-аараа л үлдэх болно.

Buro.Mongolia

2016-10-25, 17:00