Залуус загварт: Флоренц хотод загварын чиглэлээр сурдаг Ч.Анунгоо

Ирээдүйд ямар чиглэлээр суралцахаа сонгочхоод ид судалж байх үедээ тухайн мэргэжлийнх нь номын дууг сонсоод үзчихсэн оюутан ах, эсвэл эгчтэй 10 минут ч болтугай суугаад туршлагаас нь сонсохыг хүсдэг л биз дээ? Хаанаас ч олохгүй үнэ цэнтэй мэдээлэл авч болох энэхүү туршлагыг уншигчдадаа өгөхөөр Buro. загварын чиглэлээр Италийн Флоренц хотод төгсөх курстээ сурч буй Ч.Анунгоотой ярилцлаа. Залуус загварт булангийнхаа гурав дахь дугаараар дамжуулан түүний мэргэжлийнхээ хүрээнд судалдаг хичээл, Флоренц хотын онцлог, монгол, итали оюутны суралцах арга барилын ялгаа, дадлагын туршлага болон оюутны амьдралын зах зухаас нь хүргэж байна.


Өөрийгөө танилцуулаач?

Намайг Анунгоо гэдэг. Би Итали улсын Флоренц хотын Polimoda загварын их сургуульд арт директорын мэргэжлээр сурдаг.


Яагаад арт директор мэргэжлийг сонгосон бэ?

Би загварт их сонирхолтой гэдгээ мэддэг байсан. Мэргэжлээ болгоно гэж шийдээд төгсөхөөсөө хоёр жилийн өмнөөс энэ талаар google-ээс судалж эхэлсэн юм. Одоо суралцдаг сургуулийнхаа арт директор мэргэжлийн хөтөлбөрийг харахад 30% загвар, 30% бизнес, 20% бүтээлч байдал, 20% арт гээд олон талын зүйл судалдаг нь их таалагдаад сонгож байсан.


Сургуулиа сонгохдоо ямар босго тогтоосон бэ?

Судалгаа хийж байхдаа Business of fashion мэдээллийн эх сурвалжаас жил бүр гаргадаг загварын топ 10 сургуулийн жагсаалтыг харж байсан юм. Тэгтэл  Италийн нэг сургууль шинээр нэмэгдсэн байсан нь нүдэнд өртөж байлаа. Тэр нь Polimoda байсан бөгөөд арт директор гэхчлэн загварын нарийн мэргэжлүүд судлах боломж олгодгоороо бусдаасаа давуу талтай санагдсан.


Яагаад заавал Итали гэж?

Анхандаа бол Лондонд сурах хүсэлтэй байлаа. Сургуульдаа хүртэл тэнцээд явдгийн даваан дээр IELTS-ын шалгалтаас гадна визэнд ороход хэрэг болдог UKVI IELTS өгөх ёстойг нь мэдээгүй юм. Нөхөөд өгчихье гэхээр эртнээс цаг аваагүй тул хичээлийн жил эхлэхээс өмнө амжиж очиж чадахааргүй болсон. Тэгэхээр IELTS л бол IELTS биш, олон төрөлтэй байдгийг нь сайн анхаарах ёстой юм билээ.

Polimoda миний хоёр дахь сонголт гэсэн үг. Хэчнээн өргөдлөө заасан хугацаанаас нь хоцорч өгсөн ч сургуулийн албанд миний материал таалагдаад шалгалтаа өгөөд тэнцсэн.


Ямаршуу шалгалт байсан бэ?

Загварын чиглэлийн асуултууд байсан. Тухайлбал, анхны конус хэлбэртэй хөхний даруулгыг хэн зохион бүтээсэн бэ, өгөгдсөн зургийг хэн гэдэг гэрэл зурагчин авч байсан бэ гэх мэт.


Сургуульд тэнцсэний дараа бичиг цаасны асуудлууд их хүндрэлтэй байдаг. Чиний хувьд хамгийн хэцүү санагдсан зүйл нь юу байв?

Италийн оюутны виз бусад улсынхтай харьцуулахад нэлээн өөр, бас ярвигтай санагдсан. Нэг мөсөн дөрвөн жилийн виз өгөх болов уу гэсэн чинь ганцхан жилээр гарсан юм. Тэгсэн Италид очоод тусдаа оршин суух виз авдаг болж таарсан. За тэр оршин суух виз бол бүх гадаад оюутнуудын толгойны өвчин л гэсэн үг. Би хэчнээн агентлагаар дамжуулж хандсан боловч цаг авах, очиж уулзах, улсын байгууллагын өмнө оочирлох гэдэг үнэхээр хэцүү, болхи ажил байсан. Удаан хөөцөлдсөний эцэст визний хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө оршин суух үнэмлэх маань гарсан ч хугацаа нь дуусчихсан ирсэн. Үнэхээр гайхаад агентлагаасаа асуусан чинь угаасаа л ингэдэг, одоо харин сунгуулах ёстой гэх хариу авсан даа. Тиймээс Италийг сурахаар зорих гэж байгаа бол оршин суух үнэмлэхийн талаар судлаарай гэж зөвлөе. Миний хувьд туршлагатай болсон тул Монголоос явахынхаа өмнө цагаа аваад, бүрдүүлэх материалаа бэлдээд очдог.


Нэгдүгээр курсийн амьдралаасаа хуваалцаач?

Би өөрийгөө харьцангуй багаасаа биеэ даачихсан гэж бодсон ч огт танихгүй газар, чемодантай хувцсаа чирээд очих тэс өөр мэдрэмж юм билээ. Төсөөллөөс зөрсөн юмнууд их гарсан. Тэр нь юун түрүүнд хүмүүс нь гэж хэлнэ. Жишээ нь, google дээрх байгаа Флоренцын кафе, ресторануудын дийлэнх нь цагийн хуваариараа ажилладаггүй. Онгорхой гэсэн байгаа ч очоод үзэхэд хаалттай, утас руу нь залгахад ашиглалтад байхгүй гэнэ. Нэг удаа цайны цагаараа хоол идэх гээд очсон газар бид нарын ч гэсэн цайны цаг гээд хаачихсан байсан. Үүнээс гадна албан газрууд руу и-мэйл бичихээр тэр бүр хариу ирдэггүй. Тэгэхээр италичууд хатуу дүрэм журамд баригддаггүй, маш эрх чөлөөтэй хүмүүс шиг санагддаг. Би өөрөө аливаа зүйлийг ном журмынх нь дагуу хийж, системтэй хөдөлдөг араг барилтай тул орчинд нь дасах гэж нэлээн юм болсон.


Флоренцод сурахын давуу тал нь юу вэ?

Анх Флоренцод оччихоод жаахан дурамжхан байсан. Их жижигхэн, уйтгартай санагдсан хэрэг. Үзэж харах юмс ихтэй том хотод сурах байж гэж хүртэл харамссан. Гэхдээ тэр бол эхний жилд байсан би. Одоо бодол маань 180 градус эргэсэн гэхэд болно. Хичээлийнхээ дараа хурдхан гэртээ хариад Netflix үзээд өдрөө өнгөрөөчихдөг байсан бол одоо дугуй түрээсэлж унаад, паркаар явна. Аль эсвэл очиж үзээгүй газар луугаар алхана, голын эрэг дээр суугаад нар жаргахыг хараад сууна. Өмнө нь материалистик зүйлд голчлон анхаардаг байсан бол Флоренц надад аз жаргал алхам бүрд байдгийг зааж өгсөн.

Мөн Флоренц Италийн хамгийн эртний хотуудын нэг тул маш гоё харагдах орчинтой. Тэндхийн хүмүүс гудамжиндаа дарс уугаад, пицца идээд цагт баригдахгүй, стресс багатай амьдардаг юм шиг санагддаг.


Сургуулийнхаа талаар товч тайлбарлавал?

Манай сургууль нийт гурван кампустай. Нэг нь хотын төвд, хоёр нь хотынхоо захад байршдаг. Төвийн кампуст арт директор, загварын бизнес болон бусад ангийнхан сурч лекцээ сонсоно, номын сандаа сууна. Харин хотын захад байдаг сургуулийн нэгд нь стилист, гэрэл зурагчнаар сурдаг оюутнууд, нөгөөд нь хувцас, гутал, гоёл чимэглэлийн дизайнерууд сурдаг. Оюутны амьдрал энэ гурван кампус дунд өнгөрнө гэсэн үг.

Сургуулийн хэв маягийн хувьд нэлээн авангард талдаа. Дотоод засал нь хар, цагаан, багш нар нь ч гэсэн ихэвчлэн хар өнгөөр жигдэрдэг. Бид Gucci, Dior биш харин Maison Margiela, Ann Demeulemeester төрлийн гоо зүйн чиг баримжаатай гэхэд болно.


Мэргэжлийн хичээлийнхээ талаар яриач?

Монголд сурдаг оюутнуудын амнаас эхний жилдээ мэргэжлийн бус хичээл их үздэг, кредитээ нөхөх гэсээр урсгалаараа төгссөн гэж их сонсож байсан. Гэхдээ манай сургууль кредитийн системээр явдаггүй. Харин цаанаас нь зоож өгсөн яг л мэргэжлийн хичээлүүдийг судалдаг нь маш их таалагддаг. Мөн анги бүрдүүлэхдээ цөөхөн хүүхэдтэй тулж ажиллах зарчим барьдаг. Жишээ нь, манай ангид анхандаа 30 хүүхэд байсан ч хэтэрхий их гэж үзэн хоёр хувааж байсан.

Хичээлүүдээсээ дурдах юм бол нөмрөг шиг намирсан тас хар хувцас өмсдөг Силвиа багшийнхаа контемпорари загвар гэдэг хичээлд их сонирхолтой. Багш маань ангидаа ороод юун түрүүнд бүх хөшгөө хааж харанхуй орчин бүрдүүлнэ. Улмаар "Дизайнерт юу нөлөөлсөн болоод ийм хувцас бүтээв? Ямар бодолд автсан байж болох уу?" зэрэг асуултын хариуг эрж хайн хичээлийнхээ үндсэн хэсэг рүү орно. Силвиа багш юмсыг тэс өөр өнцгөөс харж чаддаг нь үнэхээр биширмээр.

Prada Контемпорари урлаг, соёлын хүрээлэн

Монгол болон итали хүний суралцах арга барилын ялгаа анзаарагдсан уу?

Монгол хүмүүсийг ажиглаад байхад ихэнх нь бүрэг ичимхий байдаг. Би ч бас тийм байсан. Нэгдүгээр курст багш асуулт асуухад хариултыг нь мэдэж байгаа ч ичээд гараа өргөж чаддаггүй. Арван жилд дуугүй бай, битгий том хүний өөдөөс цор цор хийгээд бай гэдэг үгэнд дарагдчихсан болов уу.

Харин итали оюутнуудын хүмүүжил, биеэ авч явж байгаа байдал, амьдралын хэв маяг, хичээлдээ гаргаж байгаа хандлага нь минийхээс тэс өөр байдгийг Милан хотод найзынхаа гэр бүлтэй цуг зул сарын баяраа өнгөрөөснөөр мэдэж авсан юм. Тэр гэр бүлд ээж, аав нь хүүхдүүдтэйгээ маш нээлттэй харилцдаг. Жаахан юм чинь гэж хаалт тавилгүй улс төрийн сэдвээр ч хамаагүй ярилцаж хүүхдийнхээ үзэл бодлыг асууна. Багаасаа л томчуудтай өргөн сэдвээр ярилцаж өсөхөөр чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, цаашлаад багшийнхаа дүгнэлтийг ч няцаахаас айдаггүй юм билээ.

Үзэл бодол зөв, эсвэл буруу гэж байдаггүй. Зөвхөн чиний харж байгаа өнцөг л гэж бий. Хувийн бодол минь маш үнэ цэнтэй гэдгийг багш нараасаа, болон итали оюутнуудаас суралцсан байна.


Одоогийн байдлаар мэргэжлийн ямар чадварууд эзэмшсэн байна вэ?

Аливаа зүйлийг маш детальчилж нарийн харах чадвартай болсон. Мэргэжлийн онцлогийн дагуу Photoshop, Indesign, Illustrator зэрэг программууд дээр ажиллах нь улам сайжирч байна. Түүнчлэн зураг авах, студийн гэрэл тохируулах, камер тааруулах тал дээр мэдлэгтэй болсон.

Харин хувь хүн талаасаа миний амьдрах хэв маяг, стиль өөрчлөгдсөн. Өмнө нь сольж өмсөх олон хувцас, томоос том хувцасны шүүгээ мөрөөддөг байлаа. Одоо бол ганддаггүй сайн материалтай жийнс, футболк, чанартай гутал, хаана ч, юутай ч өмсчихөөр хар хүрэм байхад болно гэж боддог. Тоон дээр анхаарахын оронд өөрийнхөө гоо зүй, сонирхлоо олох нь чухал юм билээ.

Мөн барилга, тавилга гээд бүх зүйлийн дизайныг анзаарч хардаг, үнэлдэг болсон. Зүгээр нэг гоё байна гээд өнгөрдөггүй, дизайнерын сэдлийг олохоор ухаж бодно.


Дадлага хийж байсан туршлагаасаа хуваалцаач?

Giorgio Armani, Chanel, Telfar, Versace-гийн загварын шоуны ард ажиллаж байлаа. Тэр үед моделиудыг бүртгэх, тэдний үс засалт, нүүр будалтдаа орж байгаа цагийг хянах ажил хийсэн. 

Ер нь суралцаж байх хугацаандаа шоунуудаас гадна өөр газруудад ч гэсэн ажиллах боломжтой. Тухайлбал, манай сургуулийн оюутнууд зохих хичээлээ судалсны дараа томоохон галерейн нээлт, арга хэмжээний төлөвлөлт дээр дадлага хийж болдог. Ингэхдээ олон хүмүүстэй танилцаж, харилцаа холбоо тогтоож чадах юм бол сургуулиас гадуур ч гэсэн ажил олдох боломжтой байдгийг харж байсан.


Монголд арт директор мэргэжлийн эрэлт ямар байгаа талаар таамаг байна уу?

Хэдийн би сургуулиа хараахан төгсөөгүй байгаа ч маш олон газраас холбогдож ажлын санал тавьж байсан. Тэгэхээр эрэлт байна гэж хардаг.


Загварын чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудад өгөх зөвлөгөө бий юу?

Үг даах хаттай байх ёстой шүү гэж хэлмээр байна. Ямар нэг зүйлийг чадахгүй байгаад, эсвэл буруу хийгээд загнуулах нэг өөр, харин чиний хувийн гоо зүй, мэдрэмжийг чинь шүүмжилнэ гэдэг тэс өөр зүйл. Маш гоё гэж бодсон зүйлийг чинь газар дор ортол нь хэлэх шүүмж хүнд тусах нь ойлгомжтой. Нэг удаа найзыг маань ангийнхны өмнө уйлтал нь загнаж байлаа. Хийгээд авчирсан зүйлийг нь өөдөөс нь шидээд “Дахиад хийгээд ир” гэх нь ч бий. Иймэрхүү зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Италичууд өөрсдөө их хүчтэй үзэл бодолтой хүмүүс. Бодсон бодол, сэтгэгдлээ нууж, эсвэл дарж хэлдэггүй. Таалагдахгүй байгаа бол шууд л илэрхийлдэг төрлийн зантай. Тиймээс загварын сургуульд тэрийг нь дийлэхгүй сэтгэл зүйн хямралд ордог ч юм уу, төгсөж чадахгүй байх тохиолдол түгээмэл гардаг.


Б.Энххүслэн

2023-06-07, 17:59