Нэг сайн гутал аваад зөв арчилж чадвал насан туршдаа ч өмсөх боломжтой. Бид танд гутал арчилгааны иж бүрдэлд юу, юу ордгийг танилцуулж, арьсан ба илгэн гутлыг хэрхэн хамгийн цэвэрхэн харагдуулах аргачлалыг хүргэж байна
Францчууд юм бүхэнд гарамгай байдгаа гутал арчилгааны талбарт хүртэл үзүүлсэн юм. Тэд хүн бүр дагаж болохуйц аргачлал зохиож, түүнд зориулсан цогц бүтээгдэхүүн гаргасан байдаг. Тиймээс бид тэрхүү франц аргачлалаас "Saphir Medaille d`Or" брэндийн бүтээгдэхүүнүүд дээр жишээ авч, танд арьсан болон илгэн гутлыг хэрхэн цэвэрлэж, гялалзсан сайхан болгох зааварчилгааг хүргэж байна.
Гутал арчилгаанд хэрэг болох цогц бүтээгдэхүүнд юу, юу ордог вэ?
1. Зөгийн лав, модны давирхайн шүүс, дал модны тос зэргээс гадна өөр цэвэр байгалийн гаралтай зургаан тосны найрлагатай тос бол таны гутланд хамгийн хэрэгтэй зүйл юм. Цэвэр лавын суурьтай гутлын тоснуудаас будгийн агууламж нь илүү өндөр. Өнгөгүй болон хар өнгөтэй гэх хоёр төрлийн тос байдаг.
2. Лавын суурьтай өтгөн гутлын тоснууд: Эдгээр тос нь гутлыг гялалзсан бөгөөд толигор болгоход төгс тохирно. Худалдаанд хар, хар бор, цайвар бор ба өнгөгүй гэсэн төрлүүд байдаг бөгөөд бүгд найрлагадаа зөгийн лав, модны давирхайн шүүс, дал модны тос болон өөр цэвэр байгалийн гаралтай тоснууд агуулдаг.
3. Даавуун алчуур - Гутлаа гялалзтал өнгөлөхөд сайн чанарын хөвөн даавуун алчуур хэрэгтэй.
4. Адууны үсээр хийсэн том сойзнууд - Зуун хувь адууны үсээр хийсэн сойз нь тоос, шороог арилгах, гутлыг гялалзуулахад нэн тохиромжтой. Хар болон бор гутланд ашиглах хоёр өөр төрөл байдаг.
5. Арьсан гутал цэвэрлэгч: Арьсан гутлыг илүү нарийн цэвэрлэх шаардлагатай үед хэрэглэх цэвэрлэгч бүтээгдэхүүн. Гутланд тогтсон силикон, давирхай, тоос шороо зэргийг бүрэн арилгана. Хэт бараадсан тосыг арилгахад мөн тохиромжтой. Хэрэв та өмнө нь гутал арчилгааны тааруухан бүтээгдэхүүн хэрэглэж байгаад илүү чанартайг сонгох гэж байвал ийм төрлийн тос тус болно. Үүнийг жилд 2-3 удаа л ашиглахад хангалттай.
6. Илгэн гутлын шампунь: Тус толбо арилгагч, цэвэрлэгч нь илэг, нубук болон даавуулаг материалд тусгайлан зориулагдсан юм. Илгэн материалд шингэсэн хир буртгийг гүн цэвэрлэж, гутлын өөрийн өнгийг тодруулах чадвартай бодисыг найрлагандаа агуулсан. Илэг цэвэрлэх зориулалтын жижиг сойзтой хамт ашиглаарай.
7. Арьсан гутлын лосьон: Найрлагандаа булганы тостой ангижруулагч лосьон нь арьсан эдлэлийг хамгаалж, тэжээл өгч, матт харагдуулж гялалзуулна. Бүх төрлийн арьсан бүтээгдэхүүнд ашиглаж болдог.
8. Ноосон бээлий - Хурганы ноосоор хийгдсэн тус гутал арчилгааны бээлий нь өтгөн гутлын тосыг бүлээцүүлж, идэвхтэй болгоход зориулагдсан. Өглөө, эсвэл аяллын үед ашиглан гутлаа түргэн цэвэрлэхэд тохиромжтой.
9. Адууны үсээр хийгдсэн жижиг сойзнууд: Нарийн цэвэрлэгээнд тохирох адууны үсэн сойзнуудын жижиг хувилбарууд. Мөн тойм сойзтой адил хар, бор өнгийн гутланд ашиглах хоёр өөр төрөлтэй.
10. Хиймэл үсэн сойз - Илэг болон нубукэн гуталнаас тоос, шороог арилгахад нэн тохиромжтой зөөлөн сойз.
11. Шавар хусах сойз - Гутлын уланд наалдсан шавар, шороог арилгахад хамгийн тохиромжтой сойз.
12. Резинэн сойз - Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн резинтэй зөөлөн сойз нь илэг болон нубукэн гутлын гадаргууг цэвэрлэж, үсний ширхэгийг нь хөвсийлгөнө.
13. Гутлын тос түрхэх сойз - Гараа бохирдуулалгүйгээр гутландаа тос түрхэхэд тохиромжтой.
14. Гутлын модон өсгийвч - Гутлыг сунгахгүйгээр өмсөхөд зайлшгүй шаардлагатай зүйл. Энэ нь гутлын наслалтыг уртасгана.
Арьсан гутлыг хэрхэн цэвэрлэх вэ?
Хэрэглэх зүйлс
• Адууны үстэй том сойз
• Арьсан гуталд зориулсан сайн чанарын лосьон
• Даавуун алчуур
• Сайн чанарын гутлын тос
• Гутлын тос түрхэх сойз
• Лавын суурьтай өтгөн гутлын тос
• Адууны үстэй жижиг сойз
• Ноосон бээлий
1. Цэвэрлэх
Арьс цэвэрлэгчийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй. Ингэснээр найрлаган дахь бодисууд нь сайн холилдоно. Гутлын нүдэнд үл харагдах хэсэгт эхлээд туршиж үзээрэй. Жишээлбэл гутлын өсгийн дотор болох юм. Арьс цэвэрлэгчийг бага бага хэмжээгээр даавуу ашиглан гутландаа түрхээрэй. Даавуугаа тойрог хэлбэрээр зөөлөн арчиж ашиглана. Гутланд үлдсэн үлдэгдлийг нь адууны үстэй том сойз ашиглан арилгаарай. Арьс цэвэрлэгчийг жилд ердөө 2-3 удаа л ашиглах бөгөөд дараа нь үргэлж ангижруулагч хэрэглэх шаардлагатай.
2. Ангижруулагч ашиглах
Булганы тостой арьсны лосьоныг даавуундаа хангалттай хэмжээгээр түрхэнэ. Тойрог хэлбэрээр арчиж гутлын арьсанд шингээнэ. Лосьоныг шингэтэл хэдэн минут хүлээх хэрэгтэй. Гутлын арьс ч мөн аливаа арьсны адил тэжээл шаарддаг аж. Харин булганы тостой арьсны лосьон нь яг түүнд хэрэгтэй шим тэжээлийг өгдөг байна.
3. Гялалзуулах
Гутлын тосыг гутлынхаа нийт хэсэгт түрхэхийн тулд тос түрхэх сойзыг ашиглаарай. Хар тосыг хар гутландаа, харин өнгөгүй тосыг бусад гутланд хэрэглэнэ. Тосыг хэт их хэмжээгээр түрхэхээс зайлсхийх хэрэгтэй. Тосоо шингэхийг хэдэн минут хүлээгээд, дараа нь үлдэгдлийг нь адууны үстэй том сойзоор арчиж арилгана.
Долоовор болон дунд хурууныхаа завсар гутал арчих даавуугаа бариад лав суурьтай өтгөн гутлын тосоо гутландаа түрхэнэ. Гутланд тохирох өнгийн тосыг ашиглаарай. Өвөрмөц өнгийн гутланд өнгөгүй тосыг ашиглах нь зүйтэй. Илүү гялалзуулахын тулд тосондоо бага зэрэг ус нэмж ашиглаж болно. Тосоо шингэхийг хэдэн минут хүлээгээд, дараа нь адууны үстэй жижиг сойз ашиглан илүүдэл тосыг арчиж арилгаарай.
Ойролцоогоор 30 минутын дараа буюу бүтээгдэхүүнүүд шингэсний дараа ноосон бээлийгээ ашиглан улам гялалзсан болгоорой.
Илгэн гутал цэвэрлэхэд хэрэглэх зүйлс
• Хиймэл үстэй сойз
• Илгэн гутлын шампунь
• Холих сав
• Ус
• Резинэн сойз
Эхлээд та гутландаа хэв баригч хийгээрэй. Үүний дараа хиймэл үстэй сойз ашиглаж илгэн дээр тогтсон шороо, тоосыг арилгана. Ингээд ус ба илгэн гутлын шампунийг 2:1 хэмжээгээр холино. Илэг цэвэрлэх жижиг сойзоо ашиглаж сайтар хутгаж хольсны дараа илгэндээ тойрог хөдөлгөөнөөр зөөлөн түрхэнэ. Цагаан давхарга үүсэх нь илэг сайн цэвэрлэгдэж буйн шинж юм. Гутлыг 10-15 минут хатаагаарай. Хэрэв толбо арилаагүй үлдсэн байвал дээрх үйл явцыг дахин давтана. Илгэн гутлын гадаргууг зөөлөн болгож, үсний ширхэгийг нь хөвсийлгөхийн тулд резинэн сойз ашиглаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт