Чиг хандлага: Эрэгтэй пальто, Намар-өвөл 2015/16

Сонголтоо хийцгээе

Хүйтний улирлын бэлтгэл ажил ид өрнөж буй энэ үед бид танд пальто сонгоход туслах зорилгоор загварын шоунуудыг дахин нэг ажиглалаа

Гол баримтлах дүрэм
Таны пальто сонгохдоо баримтлах хэрэгтэй гол дүрэм ба дөрвөн шилдэг чиг хандлагуудыг бид тодорхойллоо. Намар-өвөл 2015/16 улиралд пальтоны хамгийн гол материалаар ноос тодорсон бөгөөд дизайнерууд дан эсвэл давхар зөрлөгтэй, үл ялиг унжсан, зөөлөн мөртэй, oversize мэдрэмж төрүүлэх загвар сонгохыг санал болголоо. Тиймээс энэхүү дүрмийг баримталж мөн бидний доор дурдах трендүүдийг анхааралдаа авснаар өөрт таарах пальтогоо сонгоорой.

 

Дөрвөлжин хээ
Шинэ улиралд дөрвөлжин хээ ноёрхохыг Парисын загварын долоо хоног баталсан. Загварын шоунууд дээр дизайнерууд дөрвөлжин хээг байж болох бүхий л аргаар ашигласан нь харагдлаа. Хослол, цамц, өмд, аксесуар гээд хаа сайгүй дөрвөлжин дүрс жижиг том хэмжээгээр үзэгдсэн. Энэхүү цаг үргэлж моодонд байдаг хээ гадуур хувцсыг ч мөн адил чимлээ. Paul Smith-ийн 1970-аад оныг санагдуулах, саармаг өнгийн дөрвөлжнүүдээс бүрдсэн сул загвартай пальтогоос авахуулаад Salvatore Ferragamo-гийн ардын урлагаас санаа авсан цуглуулгын романтик аястай ногоон саарал өнгийн пальто гээд олон сонголт бий.

Beige
Магадгүй зарим хүмүүст хул өнгө уйтгартай санагдаж болох ч, энэ намар beige давалгаа эргэн ирж, хамгийн дэгжин сонголт болоод байна. Цайвар шараас бүдэг бор хүртэл бүх туяанууд эрэлттэй байх болно. Maison Martin Margiela загварын шоундаа beige өнгийн бүх төрлөөс танилцуулсан бол, Louis Vuitton сүлжмэл утас санагдуулам хээ бүхий загвар санал болгож, харин Prada, Bottega Veneta, Boss зэрэг брэндүүд дан өнгийн сонгодог пальтонууд толилууллаа.

Саарал, урт, oversized пальто
Загварын долоо хоногийн үеэр саарал өнгө beige-ийн зэрэгцээ гадуур хувцасны загварт ноёрхсон бөгөөд тэр дундаа шилбээр татах урттай, сул загвартай пальтонууд маш дэгжин харагдсан. Тодруулбал Lanvin, Corneliani, Wooyoungmi гэх брэндүүдийн танилцуулсан загварууд хамгийн шилдэг нь байлаа.

Амьтдын хээ
Эрсдэлтэй алхам хийх дуртай залуучуудад энэхүү намрын хамгийн зоригтой тренд таалагдах нь гарцаагүй. Rock ‘n' roll мэдрэмж төрүүлэх амьтдын, тэр дундаа цоохор ирвэсний хээтэй пальтог туршаад үзээрэй. Calvin Klein Collection саарал өнгийн олон туяаг ашиглаж, уг трендийн арай даруухан хувилбар гаргасан бол, Burberry Prorsum болон Saint Laurent нар амьтдын хээг эх хувиар нь загвартаа оруулжээ.

Ө.Тодгэрэл

2015-09-09, 14:30