“Бейонсе яг л хүмүүсийн боддог шиг үнэхээр тийм мундаг хүн”
Есдүгээр сарын 29-нд The Guardian сонины вебсайт Лос-Анжелес хотын алдарт стилист Марни Сенофонтетэй хийсэн тусгай ярилцлагыг нийтэллээ. Марни бол дуучин Бейонсегийн гол стилист, загвар өмсөгч Кендалл Женнер ба Жижи Хадид нарын байнгын зөвлөх болон P.Diddy ба Лорен Хилл нарын домогт төрхийг бүтээсэн загварлаг хувцаслалтын мэргэжилтэн юм.
The Guardian сонины сэтгүүлч Жесс Картнер-Морли Лондон хотод Марни Сенофонтетой уулзаж, өглөөний цай уух зуураа түүний ажлын талаар ярилцжээ. Стилист бүсгүй энэ үед Бейонсегийн ирэх жилийн Coachella-д зориулсан хувцас хайж олохоор Англи улсад хүрэлцэн ирээд байсан юм. Тэрээр мөн энэхүү аяллынхаа үеэр Бейонсегийн үүсгэн байгуулсан спорт хувцасны брэндтэй холбоотой зарим нэг ажлуудыг зохицуулж явсан гэлээ.
Сенофонтегийн онцолсноор тэрээр Бейонсегийн «Lemonade» цомог ба аялан тоглолтод зориулсан ажлаараа хамгийн ихээр бахархдаг гэнэ. "Тэр үед бүх зүйл үнэхээр галзуу байсан шүү. Амьдрал над руу гашуун нимбэг шидэж байх үед «Lemonade» цомог миний амьдралд орж ирсэн. Ерөнхийдөө сүүлийн хоёр жил үнэхээр гайхамшигтай байлаа. Энэ хугацаанд бид Super Bowl-ийн тоглолтод бэлдэж, «Lemonade» цомог дээр ажиллаж, «Formation» видео клипийг хийж амжлаа. Үүний хажуугаар Бейонсе мөн ихэр хүүхдүүдээ тээж байсан шүү дээ. Бүх зүйл үнэхээр галзуу байсан. Ер нь би Бейонсег хамгаалах үүднээс түүний талаар аль болох ярихгүй байхыг хичээдэг. Бейонсе бол миний мэдэх хамгийн хөдөлмөрч хүн. Тэр яг л хүмүүсийн боддог шиг тийм мундаг хүн. Тийм зүйл байж боломгүй мэт санагдаж байгаа биз? Гэхдээ энэ үнэн шүү" хэмээн Марни ярилаа.
Марни Сенофонтегийн утасны дугаарыг Кендалл Женнер том эгч Ким Кардашьянаас 2017 онд авсан байдаг. Стилист Кендаллыг хамгийн хайртай харилцагчдынхаа нэг хэмээн тодотгодог. "Тэрээр эртний винтэж хувцсанд их дуртай. Гэхдээ зүгээр нэг винтэж дэлгүүрт байдаг энгийн хувцаснууд биш, харин удаан хүч хөдөлмөрийн ачаар хайж олдог ховор зүйлсэд тэр дурладаг. Кендалл мөн ямар ч хувцсыг зохицуулан өмсөх чадвартай хэдий ч, чадварлаг эсгүүрчдийн бүтээлийг маш сайн ойлгож, үнэлдэг. Би түүний энэ зан чанарыг их хүндэтгэдэг юм".
"Кендалл болон энэ бүх үзэсгэлэнт загвар өмсөгчид надад 1990-ээд оны супермоделиудыг санагдуулаг. Зураг авалт дуусч, гадаа гарах үед тэднийг олон арван папарацци хүлээж байдаг. Харин тэд яг л бяцхан рок одууд шиг үнэхээр аз жаргалтай байдаг шүү. Энэ бүх охид үнэндээ маш чухал ач холбогдолтой тоглоом тоглож байгаа. Би "оддын дайн" биш, харин "загварын дайн"-д оролцож байгаа гэж хэлж болно" гэж Марни The Guardian сонинд хуваалцжээ.
Ярилцлагын бүрэн хувилбарыг сонины албан ёсны вебсайтаас унших боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт