BURO.-гийн хараанд: Анхаарал татаж буй шинэ үеийн монгол моделиуд

Аажим аажмаар хүрээгээ тэлж буй Монголын загварын салбар бүтээлч дизайнерууд, мэдрэмжтэй стилистүүд, арт директорууд, мэргэжлийн гэрэл зурагчид мөн чадварлаг моделиудаар бүл нэмсээр байна. Тэр дундаа моделийн салбарт хүч үзэж буй шинэ мянганыхны төлөөлөл болсон залуучууд өөрсдийн хэв маяг, эрч хүч, тэс өөр мэдрэмжээрээ BURO.-гийн харааг булаалаа. Тиймээс бид дөнгөж дебют хийгээд удаагүй байгаа шинэ нүүр царай, мөн аль хэдийнээ олон улсын өрсөлдөөнт талбарт ажиллаж эхэлсэн гэхчлэн өсөн дэвжих өндөр чадамжтай гэж үзсэн монгол моделиудыг уншигчдадаа танилцуулж байна.



Төрсөн огноо: 2000.07.29

Харьяалагддаг агентлаг: New Generation

Туршлага: Calvin Klein, Viktor & Rolf, Balenciaga, Zegna, Levi’s, Adidas

Өндөр: 185см

Instagram: @notjohnganbat

Нидерланд улсад төрж өсөн, дүрвэгсдийн хуаранд олон жилийг өнгөрүүлсэн Жон Ганбат нь эцэг эх болон ахын хамтаар амьдардаг. Тэрээр бага наснаасаа л төрөл бүрийн амьдралын туршлага, соёл болон өөрийн гэсэн түүхтэй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй нэг орчинд хүмүүжжээ. Ингэхдээ Ганбат монгол соёл, язгуур өв уламжлал руугаа үргэлж тэмүүлсээр байдаг гэдгээ дурдсан юм.

Ганбат 2018 онд анх Goyo Cashmere брэндийн зураг авалтад орсноор моделийн гараагаа эхлүүлж байв. Улмаар Viktor & Rolf брэндийн намар-өвөл 2021 кутюр цуглуулгын сэтгүүлийн зураг авалтад оролцож high fashion загварын ертөнцтэй танилцаж байжээ. “Миний хувьд олон бүтээлч алсын хараатай хүмүүстэй хамтран ажиллахад таатай байдаг. Зарим үед хүндрэл мэдээж гарна. Тиймээс маш олон татгалзал сонсоход бэлэн байж, тавьсан зорилгодоо тууштай байх нь хамгийн чухал. Мөн олон улсад ажиллах хамгийн том давуу тал бол Монголынхоо нүүр царайг таниулахад оршдог” гэдгээ тэрээр хуваалцсан билээ.

Яг одоогийн байдлаар Ганбат Амстердамын загварын институтэд загвар болон урлаг, соёлын мэргэжлээр суралцаж байна. Энэхүү ертөнцөд гар бие оролцон ажилладаг хүний хувьд тэрээр тогтвортой хөгжлийн асуудалд сэтгэл зовниж, байгальд ээлтэй тойрог загварын талаар, мөн худалдан авагчдын дунд хүрээлэн буй орчинд ээлтэй амьдралын хэвшил нэвтрүүлэх сэдвээр судалгаа хийж байгаагаа ярилцлагынхаа үеэр хэллээ.



Төрсөн огноо: 2003.04.12

Харьяалагддаг агентлаг: Metropolitan Models, Next models, The Wonders

Туршлага: Gucci, Givenchy beauty, AZ Factory, H&M, & Other Stories, Rowen Rose, Claris Virot, Attire, Elle Sweden, The WOW Magazine, Display Copy, Pull letter, Flanelle Magazine

Өндөр: 171 см

Instagram: @ukissara

“Би моделийн ажлыг биш, харин моделийн ажил намайг сонгосон гэж боддог” хэмээх О.Өлзийсайхан буюу Сарагийн загвар өмсөгчийн туршлага насандаа баймааргүй арвин. Найман нас хүртлээ Монголд өсөж, улмаар Франц улс руу нүүсэн түүний хувьд 15 насандаа “New Fashion Generation” нэртэй моделиуд дунд зохион байгуулагддаг тэмцээнд ялснаар өөрийн карьерын аяллаа эхлүүлж байжээ. Тэрээр 17 насандаа анхны ажлын саналаа хүлээн авч Францын өмнө зүгт орших Марсель хотод зураг авалтад орсон цагаас энэхүү мэргэжилд дурласан байна. Сара багаасаа л сонирхолтой хүмүүстэй танилцаж, дэлхийгээр аялах боломж олгодог, хувцастай холбоотой ажил хийхийг мөрөөддөг байсан тул моделийн мэргэжил өөрт нь төгс тохирдгийг онцолсон юм. Одоогийн байдлаар тэрээр Италийн Gucci ордноос эхлэн Elle, The WOW magazine зэрэг томоохон брэндүүд, сэтгүүлүүдтэй хамтран ажилласан туршлага хуримтлуулжээ.

Сара юун түрүүнд арт директор болон зурагчны дотроо бий болгосон төсөөлөл рүү нэвтэрч орохыг зорьж ажилладаг ба “Дээрээс нь гоё плейлист байхад бүх зүйл хялбар болдог” гэдгээ хэллээ. Түүнд одоогийн байр сууринд хүрэхэд бүх зүйл дардан байгаагүй гэдгээ “Анх модель хийж эхэлж байхад би өөрийгөө бусадтай маш их харьцуулдаг байсан. Гэхдээ одоо больсон. Учир нь би бусдаас өөр, энэ нь л биднийг үзэсгэлэнтэй бас онцгой болгодог гэдгийг ойлгосон” хэмээн илэрхийлсэн бөгөөд сэтгэл зүйн асуудлаа даван туулах хүчтэй байхыг уриалсан юм.



Төрсөн огноо: 2001.06.04

Туршлага: Michel & Amazonka, Gradient of Human, Velin magazine

Өндөр: 194 см

Instagram: @bigukage

Г.Билгүүн анх Michel & Amazonka брэндийн ноолууран хувцасны зураг авалтын шалгаруулалтад тэнцэн моделийн гараагаа эхлүүлж, өдгөө тус брэндэд гэрээт моделиор ажиллаж байна. Тэрээр загвар өмсөгчийн ажлаас авдаг бүх л мэдрэмжид нь татагддаг ба ялангуяа хувирсан дүр төрхөө харахад өндөр сэтгэл ханамж авдаг гэнэ. “Спорт, чөлөөт, хүйсгүй гээд төрөл бүрийн хувцас өмсөөд камерын өмнө гарах дуртай. Гэхдээ миний анзаарснаар зарим хүмүүс загварын тодорхой урсгалыг нээлттэй хүлээж авдаггүй. Тэр нь хүндрэлтэй санагддаг. Жишээ нь, эрэгтэй модель unisex хувцас өмсчихсөн байх юм бол дийлэнх хүмүүс шууд л сөрөг сэтгэгдэл илэрхийлдэг” хэмээн үзэл бодлоосоо хуваалцлаа.

Түүний ирээдүйн зорилгын томоохон хэсгийг моделийн ажил эзэлдэг тул дан ганц Монголдоо гэлтгүй олон улсын агентлагуудад элсэхээр судалгааны ажлаа эхлүүлжээ. Билгүүн “Гэр бүлийнхэн маань модель хийхийг эсэргүүцдэггүй ч хоолоо олж идэх ажил биш мэтээр хүлээн авдаг. Би бол тэднээсээ эсрэг бодолтой. Бэлтгэл, тууштай байдал байхад чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн high fashion моделийн талбарт заавал хүч үзэхээ дуулгасан юм.



Төрсөн огноо: 2004.12.31

Харьяалагддаг агентлаг: Monad

Туршлага: Michel & Amazonka, Gradient of Human, Lumière

Өндөр: 180 см

Instagram: @lha_ninj

Г.Нинжинлхамын загварын салбарт хөл тавьсан нь түүний эгчтэй салшгүй холбоотой. Анх тэрээр ердөө таван настайдаа Adidas-ын хүүхдийн хувцасны зураг авалтад, мөн зургаатайдаа Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан загварын шоунд оролцсоноос хойш саяхныг хүртэл модель хийх талаар ор тас мартсан байжээ. Удаан завсарлага авсан нь түүний “Багадаа нэлээн ичимхий, дотогшоо, өндөр туранхай гэдгээсээ санаа зовдог, дуу цөөтэй хүүхэд байсан. Хүн юм асуухад гар хөл салгалаад хөлрөөд эхэлдэг” гэдэгтэй нь ихээхэн холбоотой гэнэ. Харин эгчийнх нь хувьд хувцас дизайнерын мэргэжилтэй бөгөөд Урлах эрдмийн дээд сургуульд суралцаж байх хугацаандаа Нинжинлхамыг хичээлийнхээ моделиор оролцуулж эхэлсэн байна. Нинжинлхам “Намайг янз бүрээр будаад л өөрийнхөө оёсон хувцсыг өмсгөж зураг авдаг байсан” хэмээн дурссан бөгөөд яг л тэр мөчөөс модель хийж эхлэх хүсэлтэй болжээ.

Ярилцлагын үеэр тэрээр моделиудад түгээмэл тохиодог сэтгэлзүйн асуудлыг мөн хөндлөө. “Өөртөө хангалтгүй санагдах, хэт итгэлгүй болох, өөрийгөө бусадтай харьцуулах гэх мэт хувь хүн талаасаа асуудал гарч ирдэг” гээд мөн “Зарим байгууллагууд хэт багаар үнэлэх, сонгосон моделийн характер брэндийн хэв маягт таарахгүйгээс хүссэн үр дүнд хүрэхгүй байх, мөн хэт бага төсөвт тааруулах гэсээр чанаргүй бүтээл гарах” гэх мэт хүндрэлтэй зүйлс байдгийг дурдсан юм. Бусад бүх мэргэжлийн адилаар дутагдалтай талууд байх ч өөр хэн нэгэнд хувирч, тухайн дүрийнхээ зан характерыг илэрхийлж чадсанаа эргэн харах мэдрэмж шантрахгүй байх урам зоригийг түүнд өгдөг ажээ.



Төрсөн огноо: 2004.01.03

Туршлага: Kidult93, House of OD, Baba 3b

Өндөр: 181 см

Instagram: @unmyeoung

Дараагийн бидний онцлон буй модель Д.Цэнгэл нь анх хоёр жилийн өмнө Ovdog брэндийн lookbook-ний зураг авалтад орж байжээ. Тухайн үед тэрээр өөртөө итгэх мэдрэмжээр цэнэглэгдэж байснаа хэлсэн юм. Одоо Цэнгэл өөрт нь таалагдсан концепцтой бүх төрлийн зураг авалтад хүчээ сорьж үзэхийг хүсдэг байна. Мөн тэрээр “Цаашлаад ази, тэр дундаа монгол залуу Европын моделиудыг ажилгүй болгох хүсэлтэй байдаг” гэдгээ итгэлтэйгээр дурдсан билээ.

Цэнгэл загвар өмсөхөөс гадна Butarhai нэртэй өөрийн загварын брэндээ эхлүүлээд явж байна. Butarhai-гийн хувцас, зураг авалт, тизер бичлэгүүд андерграунд соёлын нэгэн тусгал болдог билээ. Тэрээр “Энэхүү брэндээ хөгжүүлээд зөвхөн хувцас биш олон салбар луу орох сонирхолтой байгаа” гэсэн бөгөөд одоо ч, ирээдүйд ч загварын сонирхолдоо үнэнч байж, салбарынхаа томоохон төлөөлөгчдийн нэг болох зорилго өвөртөлсөөр байгаа гэнэ.



Төрсөн огноо: 2003.02.16

Харьяалагддаг агентлаг: Монгол модель

Туршлага: Michel & Amazonka, Line styling, GOBI, Urban Jeans, Borgoljin, Shangri-La Fashion show

Өндөр: 174 см

Instagram: @eistirrr

Э.Дөлгөөн анх ахлах сургуулийн 11-р ангидаа Монгол модель агентлагт суралцаж эхэлсэн байна. Одоо тэрээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан бөгөөд хичээлийнхээ хажуугаар моделийн ажлаа хийдэг гэнэ. Бага байхын л загварт хайртай, Fashion TV үзэх дуртай байсан Дөлгөөн хичээлийн ачаалал, мөн сургууль нь Налайх дүүрэгт байрладаг гэдгийг үл хамааран загвар өмсөхдөө цаг зав гаргаж чаддаг. Хүндрэлтэй зүйл бишгүй тохиодог болов уу гэж санан Дөлгөөнөөс асуухад “Өдөржин хичээл ном гэж явсны дараа зураг авалтад орох намайг сэргээдэг. Моделийн ажил надад амралт болдог” гэсэн нь ажилдаа үнэхээр дуртай гэдгийг нь илтгэж байв. Мөн тэрээр залуу насан дээрээ олдсон боломжоо бүгдийг нь ашиглаж, дэлхийд гарах хүсэлтэй байдгаа хэлсэн ба Лиу Вен, Шери Ши зэрэг ихэвчлэн ази моделиудаас үлгэр дуурайл авч, тэдний хурц, эрч хүчтэй, зоригтой дүр төрхөд татагддаг байна.

Өмнө нь Дөлгөөн зураг авалт хийхэд дизайнер, гэрэл зурагчин, модель гурав байхад л хангалттай гэж боддог байсан бол “Дотор нь ороод ажиллахад наанаа ганцхан модель харагддаг ч ард нь дизайнер, гэрэл зурагчид, арт директор, стилист болон бусад маш олон хүмүүс дор бүрнээ өндөр хариуцлага үүрээд явдаг гэдгийг ойлгосон” хэмээж тус салбартай танилцах тусам үнэлэх үнэлэмж нь нэмэгдсээр байгаагаа илэрхийлсэн билээ.



Төрсөн огноо: 2004.02.05

Харьяалагддаг агентлаг: Монгол модель

Туршлага: GOBI, Evseg, Face of Mongolia

Өндөр: 185 см

Instagram: @jiguur_rr

2022 оны намраас эхлэн Монгол модель агентлагт суралцаж буй А.Чингүүн дебютээ хийгээд удаагүй ч хэд хэдэн зураг авалт, загварын шоунд амжилттай оролцож чадвараа баталсан. Тэрээр Анима дүрслэх урлагийн сургуульд зураачаар сурдаг бөгөөд өөрийн мэргэжлээ моделийн ажилтай хослуулж яваа. “Зураг авалтад орохдоо мэдэрсэн мэдрэмжээ зурах зурагтаа шингээдэг. Энэ нь сонирхолтой байдаг” гэдгээ Чингүүн хуваалцсан юм. Тэрээр нэлээн бүрэг талдаа хүүхэд байсан бол загвар өмсөгчийн ажлын онцлогоор илүү нээлттэй болж, мэдэрсэн өөрчлөлтүүдээ зураг дээрээ тусгадаг байна. “Миний зургийн ерөнхий хэв маяг өөрчлөгдөхгүй ч гэсэн өнгө, үйл явдал тэс өөр болсон. Өмнө хар бараан өнгөөр зурдаг байсан бол одоо илүү зөөлөн өнгө тавьдаг болсон” гэдгээ тэрээр хэллээ. Түүнчлэн зураг авалтад ороход гэрэл зурагчны өнгө тавилт, гэрэл сүүдрийг хараад давхар суралцдаг ажээ.

Чингүүн моделийн ажлыг “400 гаруй алхаа гишгэлт, зураг авалтын пооз байдаг юм билээ. Сайн үр дүнд хүрэхийг тулд тэдгээрийг тогтоож, маш их сургуулилах хэрэгтэй. Энэ мэргэжилд суралцахын хэрээр маш их зүйл ойлгож байна” хэмээн тодорхойлсон юм.


Б.Энххүслэн

2022-12-23, 15:56