Dior брэнд Токиод кутюр цуглуулгаа дэлгэлээ

Мөн «Le jardin japonais» капсул цуглуулгаа танилцууллаа

Хоёр хоногийн өмнө Токио хотод Dior брэндийн кутюр цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Шинэхэн бүтээлч захирал Мария Грация Кьюри Dior брэндэд зориулж бүтээсэн анхны кутюр цуглуулга хавар-зун 2017 улирлынх байжээ. Дизайнер цуглуулга дээр ажиллахдаа өнгөрсөн загварын шоуны лабиринт маягийн дотор заслаас санаа авч, Кристиан Диорын "Эмэгтэй хүний дараа орох хамгийн гайхамшигтай бүтээл бол цэцэг юм" гэх үзэл санааг загварууддаа шингээсэн харагдлаа.

Цуглуулгад цэцгэн хатгамлаар чимэглэгдсэн зөөлөн өнгийн даашинзууд болон хэд, хэдэн бараан өнгийн төрхүүд багтсан байна. Мария Грация Кьюри энэ удаад мөн ханами гэх цэцэг биширдэг Япон уламжлалд хүндэтгэл үзүүлж, загвар өмсөгчдийн үсийг сакура модны мөчрөөр чимсэн байв.

Кутюр цуглуулгаас гадна Dior мөн «Le jardin japonais» гэх капсул цуглуулгаа танилцуулаад амжлаа. Шинэ хувцаснууд кутюр загварын сэдвийг давтаж, сакура модны уран зургуудаар чимэглэгдсэн байлаа. Каталогийг Ирландын зурагчин Морган О'Донован хариуцан ажиллажээ.

Buro.Mongolia

2017-04-21, 12:00

  • Зураг: