ГОВЬ-ийн Flagship Store буюу төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьертэй танилцах нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэд өнгөрсөн жил дэлгүүрийнхээ эрэгтэй тасагт дотоод заслын өөрчлөлт оруулаад байсан бол энэ удаа эмэгтэй хувцасны жигүүрийнхээ өнгө төрхийг цоо шинэ дизайнаар тодорхойлоод байгаа юм.
Flagship Store луу ороход хэт тод биш байгалийн өнгөтэй зөөлөн гэрэлтүүлэг нь тухайн газрыг илүү цэлгэр харагдуулна. Гэгээлэг орчинтой учраас нүд чилэх, амархан ядрах гэсэн асуудалгүй, харин ч аядуу тайван үелзэл мэдрэгдсэн билээ. Дэлгүүрийн зохион байгуулалтын хувьд баруун, зүүн жигүүртээ хувцас болон аксесуарууд байрлуулж, харин хоймор хэсэгтээ ноолууран гутлуудаа өрсөн харагдана. Мэдээж хэрэг арга хэмжээ гэдэг утгаараа уух зүйлсээр үйлчлэх хэсэг болон DJ ширээг зассан байна. Улмаар зочид артист Nomtii-гийн хэмнэл дээр коктейль шимэн, амтат зууш зооглохоос гадна нэхмэл ороолт болон хөнжил худалдан авсан тохиолдолд үнэгүй хатгамал хийлгүүлэх тусгай үйлчилгээг авах боломжтой байлаа.
Арга хэмжээний гол дүр дэлгүүрийн интерьер учраас тухайн зааланд хэтрүүлэгтэй олон чимэглэл тавьж зочдын анхаарлыг өөр тийш хандуулахгүй байхад анхаарчээ. Харин илүү минимал бөгөөд интерьерийн гоо зүйтэй уялдсан чимхлүүр декорууд нэмэлтээр байршуулсан харагдана. Ерөөс төв дэлгүүрийн булан тохой бүр анхнаасаа хэрэглэгчдийг уйдаахгүй сонирхол татахуйц шийдлээр хийгдсэн учраас давс хужир нэмэх шаардлагагүй билээ.
Дэлгүүрийн интерьерийн ерөнхий концепц уламжлалт болон модерн хэв маягийг хослуулсанд оршино. Дундговь аймгийн байгалийн хосгүй тогтоц болсон Цагаан суваргын инсталляци, оньсон тоглоомын дизайнтай ширээ, монголчуудын дээдэлдэг авдар, морин хуур зэрэг нь уламжлалт талыг илтгэнэ. Харин хэрэглэгчид саадгүй явах боломжтой өлгүүрийн зохион байгуулалт, хэт өндөр, эсвэл намхан биш тавиурын байршил болон бусад деталиуд орчин үеийн интерьерийн салбарт чухалчлан авч үздэг эргономик байдлын тусгал болжээ. Арга хэмжээнд танхим дүүрэн олон хүн хуран цугларсан ч нэг дор бөөгнөрөл үүссэн, зочдын тав тух алдагдсан зүйл ерөөс ажиглагдаагүй нь үүний баталгаа мөн.
Хүмүүсийн орчинтойгоо танилцах, харилцаа холбоо тогтоох арга хэмжээний халаалтын хэсэг өндөрлөх тийш хандлаа. Үүнтэй зэрэгцэн ГОВЬ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан гарч ирэн үг хэлсэн ба тэрээр Монголын тэргүүлэгч ноолуурын компаниа дэлхийн шилдгүүдийн нэг болгох өндөр амбиц, зорилго тавьсан хэмээн яриагаа эхлүүлсэн юм. Тус зорилтынхоо хүрээнд төв дэлгүүрийнхээ интерьер дизайныг гаргаж, дотоодын болон олон улсын хэрэглэгчдэд зориулан монголын нүүрийг тахлах цогц орчныг бий болгосон байна.
Үүний араас арга хэмжээний чухал хэсгүүдийн нэг болох ГОВЬ-ийн үйлдвэртэй танилцах аялал эхэлсэн билээ. Зочид эрэгтэй хувцасны жигүүрээр дамжин үйлдвэр лүү хүргэдэг туннелд хүрч очлоо. Хүмүүсийг хөтөч, тайлбарлагч нар угтан авч өрөө тус бүрээр өртөөчлөн явсан юм. Ингэхдээ тус бүтээн байгуулалт ямар том, хэр нүсэр гэдэг нь мэдрэгдэж байлаа. Энд 1,000 хол давсан хүн ажлын байраар хангагдан хөдөлмөрлөдөг ба бидний өмсдөг ГОВЬ-ийн загваруудыг ноолуурын ширхэгтээс эхлэн олон шат дамжлагыг даван урладаг ажээ.
Ийнхүү бид үйлдвэрийн пальто, пиджак хийдэг оёмлын хэсэгт хүрэлцэн ирэхэд зочдын хүсэн хүлээсэн загварын шоуны сетийг зассан байх нь тэр. Хүмүүс суудлаа эзэлцгээхэд 9,8,7… хэмээн урвуу тоолж дууссанаар цуглуулгын нэгдүгээр төрхийг өмссөн модель гарч ирсэн юм. Тэрээр чидун жимсний ногоон өнгөтэй хослол өмсөж урт хар пальто мөрөн дээрээ тохжээ. Гартаа таяг эргэлдүүлэн шийдэмгий алхах нь 1940-өөд оны эрчүүдийн загварын хэв маягийг санагдуулна. Шоуны эхэн хэсэгт гүн ногоон өнгө давамгайлсан бол удаах загварууд органик талдаа харагдсан юм. Харин цуглуулгын сүүл мушгин цэнхэр, ягаан, неон шар зэрэг ихэвчлэн тод өнгөөр төрхөө бүрдүүлсэн моделиуд алхсан билээ. Тайзнаа харуулсан эдгээр хувцаснууд нь ГОВЬ-ийн хавар-зун 2024 улирлын шинэ загварууд гэдгийг дурдах нь зүйтэй. “Light Beings” нэртэй энэ коллекци бол ГОВЬ-ийн ерөнхий дизайнер Жиоржио Спинагийн бүтээл юм. Тэрээр загваруудаар дамжуулан байгаль дэлхий болон дижитал ертөнцийн харилцан адилгүй боловч харилцан бие биеэ нөхдөг чанарыг илэрхийлэхийг хичээсэн гэдэг. Цэнхэр, шаргал, ногоон туяанууд эх дэлхийг төлөөлөх бол неон шар, мөнгөлөг загварууд технологийн дэвшлийн тусгал болжээ. Үүнээс гадна ГОВЬ Наадмын цуглуулгад багтсан хантааз, дээл зэрэг үндэсний загваруудаа урьдчилсан байдлаар толилуулсан юм. Түүнчлэн брэндийн зүгээс ороолт, шаалийг олон төрлөөр загварчилсан нь нүдэнд туссан билээ. Үүгээр дан ганц толгой, хүзүүгээ чимээд зогсохгүй бүсэлхийгээрээ уяж, мөрөн дээрээ тохож, ороож бүсэлсэн байлаа.
Загварын шоу өндөрлөж хуран цугларсан хүмүүс эргээд төв дэлгүүрийн зүг явцгаасан юм. Энэ удаа Magnet Brain болон Namone нарын зүгээс өөрсдийн уран бүтээлээ толилуулсан билээ. Хөтөлбөрт арга хэмжээнүүд үүгээр дуусаж хүмүүс загварын шоуны сэтгэгдлээ бие биетэйгээ хуваалцах, интерьерийн үзэлгүй орхигдуулсан хэсэгтэй амжиж танилцах, худалдан авалт хийх зэргээр цагийг чөлөөтэй өнгөрүүлсэн юм.
Холбогдох утас: 7004 8888
Facebook: GOBI Cashmere
Instagram: @gobicashmere_mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт