Алессандро Микеле өөрийн 2015 оноос хойш хашсан Gucci брэндийн бүтээлч захирлын албыг хүлээлгэн өгч байгаа тухай мэдээлэл Kering группийн мэдэгдлээр батлагдлаа. Энэхүү үйл явдал Gucci загварын ордны ирээдүйд хэрхэн нөлөөлөх бол?
Gucci-гийн нөр их амжилт Алессандро Микелетэй шууд холбоотой. Түүний ажилласан 2015-2019 онуудад тус загварын ордны орлого гурав дахин, харин ашиг нь дөрөв дахин нэмэгдэж байсан. Энэ бол тансаг зэрэглэлийн хувцас загварын салбартаа өндрөөр үнэлэгдэх тоон үзүүлэлт билээ. Мөн тэд 2022 оныг нийтдээ 10 тэрбум еврогийн орлоготой үдэж байгаа нь брэндийн түүхэн дэх чухал ач холбогдолтой үйл явдлуудын нэг болж байна.
Gucci-гийн энэхүү амжилтад хүрсэн зам тийм ч дардан байсангүй. Тэр дундаа цар тахлын үеэр асар хурдтай өсөж байсан брэндийн орлого буурч эхэлсэн юм. Тухайн үед Алессандро Микеле болон гүйцэтгэх захирал Марко Биццари нар шинэ ресторан нээж, Adidas болон Харри Стайлстай хамтран цуглуулга гаргаж компанийнхаа төлөө олон ч төслүүд хэрэгжүүлсэн. Улмаар загварын долоо хоногоор танилцуулсан шоуныхаа дараа Микеле “Ажлын ачаалал улам л нэмэгдсээр байна” хэмээсэн нь ажилдаа сэтгэл дундуур байгаа мэдрэмжээсээ хуваалцсан анхны тохиолдол байв. Түүнд цаг хугацааны эсрэг нүүр тулан зогсоход улам л бэрх болж 2015 онд л гэхэд шинэ соргог байсан зүйлс ердөө 2022 он гэхэд хуучирсан санагдаж, уйтгартай болж эхэлжээ.
Тэгвэл Алессандро Микелегийн эрин үе эхлэхэд буюу долоон жилийн өмнө юу болсон бэ? Тухайн үед санхүүгийн олон бэрхшээл туулж явсан Gucci брэнд шинэ гүйцэтгэх захирал Марко Биццариг угтан авч байжээ. Тэрээр бүтээлч захирлаар ажиллаж байсан Фрида Жанниниг алдартай дизайнераар солихыг хүссэнгүй. Оронд нь Биццари Gucci-д 10 гаруй жил болсон хамгийн туршлагатай ажилчдын нэг Алессандро Микелег сонгосон юм. Гүйцэтгэх захирал Микелед Милан дахь загварын шоу зохион байгуулагдахаас өмнө хоёр долоо хоногийн дотор эрэгтэй шинэ цуглуулга гардан урлах санал тавив. Дизайнерын хувьд Gucci-гийн ажлаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан ба алдах зүйл үгүй хэмээн түүний саналыг хүлээн авч байжээ. Энэ явдлын талаар Микеле “Цуглуулга гаргасны дараагийн өдөр намайг ажлаас халах боломжтой байсан. Гэхдээ би ямар нэг гайхалтай зүйл бүтээхийг хүссэн” хэмээн дурсдаг юм.
Одоо Алессандро Микелегийн 2015 онд толилуулсан анхны цуглуулга 21-р зууны загварын түүхэн дэх гол үйл явдлуудын нэгт тооцогддог. Тэрээр дебютээ хийснээр тансаг зэрэглэлийн загварын зах зээлд хүйсгүй хувцас танилцуулсан анхдагчдын нэг болж, мөн "дизайнер-стилист" хэмээх тодотголыг хүртэж байв.
Учир нь бүтээлч захирал бүхнийг тэгээс эхлэхийн оронд байгаа зүйлсээ хослуулахыг илүүд үздэг билээ. Тэрээр философийг поп соёлтой, готийг панк хэв маягтай, мөн эртний түүхийг Дональд нугас, Микки Маустай хослуулж чаддаг. Сүүлд л гэхэд Микеле нэрт философич Вальтер Беньямины амьдралын түүхээс сэдэвлэсэн цуглуулга гаргаж байсан. Тэрээр нацистуудад ном болон гар бичмэлүүдээ хураалгаснаар амиа егүүтгэж байсан түүхтэй нэгэн. Яг л Беньямин бүх амьдралаа номоор төсөөлдөг байсантай адил Микелегийн цуглуулгадаа шингээдэг санаа бүр нь түүний хувьд чухал ач холбогдолтой юм. Бүтээлч захирал дуулалт жүжиг, поп соёл, Харри Стайлсаас эхлэн Лондон, Парис, Флоренц зэрэг тойрон хүрээлж буй бүх зүйлээс урам зориг авдаг нэгэн. Мөн тэрээр эртний үнэт эдлэлээс эхлээд энгийн нэг бүтээлэг хүртэл цуглуулдаг өргөн сонирхолтой болох нь коллекц бүрээс нь харагддаг.
Алессандро Микеле бол мэргэжлийн кино болон театрын костюм урлаач юм. Тиймдээ ч Gucci-гийн загварын шоунууд жижиг хэмжээний театрын үзүүлбэр мэт сэтгэл догдлуулдаг байв. Үүний нэг жишээ нь зөвхөн нэг эсийн ихрүүдийг алхуулсан хавар-зун 2023 шоу бөгөөд энэ нь загварын долоо хоногийн хамгийн өвөрмөц үзүүлбэрээр нэрлэгдсэн билээ.
Алессандро Микеле ямагт дээрээс зааварчилсны дагуу биш, харин хайрлаж дурладаг зүйлсээ эрхэмлэн бүтээлээ туурвидаг. Gucci брэндийн үнэ цэн эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Kering групп дизайнерт зааж чиглүүлэхийн оронд чөлөөт орон зай хангалуун өгдөг байсан ч тодорхойгүй шалтгаанаар Микелегийн эрх чөлөөг хязгаарлахыг оролдсон нь ажлаа хүлээлгэн өгөхөд хүргэсэн тухай цуу яриа яригдаж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт