Ким Кардашьяны ярилцлага: “Ганц л алдаа гаргавал интернет чамайг хэзээ ч уучлахгүй”

BoF сэтгүүлд өгсөн ярилцлага

Загварын салбар дахь хамгийн нөлөө бүхий The Business of Fashion сэтгүүлийн үүсгэн байгуулагч Имран Амед Лос-Анжелес хотноо Ким Кардашьянтай уулзжээ. Имран уг уулзалтын үеэр Ким хэрхэн дэлхийн хамгийн алдартай бүсгүй, Instagram-д 200 сая гаруй дагагчтай дижитал шүтээн, реалити шоуны од ба амжилттай бизнес эмэгтэй болсон тухай асууж мэдсэн байна. Бид Кимийн өгсөн ярилцлагаас хамгийн сонирхолтой хэсгүүдийг нь тоймлон хүргэж байна.



Амьдралынхаа хэмнэлийн тухайд

"Би Маш Их Ажилладаг. Би нэгэн цагт медиа чиглэлийн тойрон аялалд гардаг байхдаа шөнийн гурван цагт нүүр будалт ба үс засалтаа хийлгэж, таван цагт шууд эфирт гардаг байсан. Тухайн үед би үүнийг хэцүү ажил гэж боддог байлаа. Харин одоо би ажлынхаа хажуугаар хувийн харилцаа ба үр хүүхдүүддээ өөрийгөө зориулж байгаа. Энэ бол тэс ондоо түвшний туршлага".

Карьерийнхээ эхэн үеийн тухайд

"Би эцгийнхээ оффист олон жилийн турш ажилласан хэдий ч, ингэхдээ ямар нэгэн карьер бүтээгээгүй. Мөн би тэгэхэд их сургуульд суралцах дургүй байсан. Би их сургуульд дөрвөн жил суралцсан ч, диплом аваагүй. Тэгээд л нэгэн үед би өөрөөсөө ‘Цаашид юу хийх вэ?' гэж асуусан.

Би тэгэхэд дөнгөж 20 насны босгыг давсан байсан бөгөөд зайлшгүй нэг юм бодож олох хэрэгтэйгээ мэдэж байсан. Гэхдээ удалгүй би Женнифер Лопез 28 насандаа нэгэн кинонд тоглосныг хараад ‘Окей, надад дахиад хэдэн жилийн боломж байгаа юм байна' гэж бодсон. Тэгэхэд би Женнифер Лопезыг кинонд тоглох хэмжээнд хүртлээ олон жилийн турш хөдөлмөрлөснийг ухааралгүй зүгээр л надад өөрийгөө олоход дахиад багахан хугацаа байгаа юм байна л гэж өөрийгөө тайтгаруулдаг байсан".

Олон нийтийн сүлжээний тухайд

"Миний карьер олон нийтийн сүлжээ хүчээ авч эхэлж байх үед эхэлсэн. Би энэ давуу талыг олж харсан тул үүнийг өөртөө ашигтай байдлаар хэрэглэж сурсан".

Олон нийтэд нөлөөлөх чадвартай influencer хүмүүсийн тухайд

"Хүмүүс намайг энэ нэршлээр байнга л шүүмжилдэг. Чи зүгээр л алдартай гэдгээрээ алдартай шүү дээ гэх зэргээр. Тэгээд юу гэж? Энэ нь хамаатай гэж үү? Хамгийн гол нь өнөөдөр би энд байна. Хүмүүсийн надад наагаад байдаг энэ шошго үргэлж л утгагүй санагддаг байсан. Зөвхөн олонд танигдсан гэдгээрээ алдартай байлаа гээд тэдгээр хүмүүс бусдад нөлөөлж байгаа нь үнэн, тэд хэрэглэгчдийн зах зээлийг өөрчилж байгаа нь үнэн. Олон нийт тэднээс зөвлөгөө авсаар байна, тэдэнд анхаарал хандуулсаар байна. Тэд загвар, гоо сайхан эсвэл нийгмийн нөхцөл байдал гээд ямар ч сэдвээр бусдад нөлөөлсөөр л байна шүү дээ".

Олон нийтийн сүлжээн дэхь сөрөг сэтгэгдлүүдийн тухайд

"Чиний зүг рүү урсах тэр бүх сөрөг сэтгэгдлүүд болон ерөнхий сөрөг энергийг тоохгүй байж, тэсвэртэй байх хэрэгтэй. Гэхдээ үүний тулд маш тэнхээтэй байх ёстой юм байна лээ. Интернетийн мөн чанар угаасаа л тийм шүү дээ. Бүгд л хэн нэгнийг үзэн ядахыг хүсдэг. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг маш, бүр маш хэцүү ".

Парист дээрэмдүүлсний дараах айдсынхаа тухайд

"Би ресторан орохоос ч айдаг байсан. Хүмүүс намайг ресторанд байгааг мэдвэл гэрт хүн байхгүйг ойлгож, гэрт дээрэм хийх эсвэл намайг мөшгөж, буцаад ирэхийг минь хүлээх мэт санагддаг байсан. Би гадагшаа гарахаас эмээж, айдастай болсон байсан.

Гэхдээ надад ийм зүйл тохиосон нь учиртай байх. Би үүнээс олон юм сурах ёстой байсан. Энэ туршлага намайг сэтгэл санааны хувьд илүү хүчтэй болгосон. Амьдралынхаа үнэ цэнэтэй зүйлсийг дахин нэг тунгааж, хүүхдүүдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлэхийг хүсч байгаагаа, олон нийтэд юу харуулах ёстойгоо ойлгосон. Одоо бол би их болгоомжтой болсон. Би өрнөж буй үйл явдлуудаа цаг тухайд нь олон нийтийн сүлжээнд нийтлэхээ больсон. Хүмүүст алхам бүрээ мэдүүлэхийг хүсэхгүй байна".



Онлайн хэлбэрийн гоо сайхны хичээлүүдийн тухайд

"Би мэргэжлийн нүүр хувиргагчдаас сурсан аргачлалуудаа хүмүүст зааж өгч чадна гэж найдаж байна. Өөрийн онлайн хичээлүүдээр дамжуулан би нууц аргачлалууд, сонирхолтой санаануудаас хуваалцдаг. Өөрийн гэсэн үзэгчидтэй байхын тулд аль болох идэвхтэй байж, олон зүйл харуулах нь чухал. Олон нийтийн сүлжээний тусламжтайгаар бид өнөөдөр өөрийн бизнесээ эхлүүлж, түүнийгээ хүссэнээрээ хөгжүүлэх боломжтой болсон. Аль болох олон нийтлэл хийх тусам хүмүүсийн анхаарал тань дээр байх болно".

Дуртай аппуудынхаа тухайд

"Snapchat-д шилдэг филтерүүд байдаг тул би зурагнуудаа энэ аппаар янзлах дуртай. Instagram-ыг өөрийн сэтгэл санааны байдалд нийцүүлэн ашигладаг. Юунд санаа зовнидог, ирээдүйд юу хиймээр байгаагаа мөн одоо юу хийж буйгаа харуулдаг. Гэхдээ хүмүүстэй харьцахад Twitter-ийг түлхүү ашигладаг. Би өөр хүмүүсийн үзэл бодлыг хүндэлж, үнэлдэг тул үүгээр дамжуулан асуулт асууж, харилцан яриа өрнүүлэх дуртай".

Гоо сайхны брэндийнхээ ирээдүйн тухайд

"Би толгойдоо тодорхой тоо бодож явдаггүй ч, манай брэнд ирээдүйд үнэхээр том болно гэдэгт итгэдэг. Хүнд хөдөлмөр үргэлж л шагнагддаг шүү дээ. Бидний гаргах бүтээгдэхүүн бүр өөрийн чанар ба өвөрмөц байдлаараа танигддаг болоосой гэж хүсдэг.

Өөрийн брэндтэй байна гэдэг маш том хариуцлага. Ямар нэгэн зүйл буруу тийш эргэхэд чи өөрөө л үүний учрыг олно. Сурталчилгааны өвөрмөц санаа олж, бүтээгдэхүүний найрлага ба савлагааны талаар үргэлж бодох шаардлагатай болдог. Чи бүх зүйлийг өөрийн хяналтандаа байлгах үүрэгтэй. Хэрвээ ганц л алдаа гаргавал интернет чамайг уучлахгүй".

Buro.Mongolia

2018-04-25, 12:00

  • Зураг: