Амьтны эрхийн төлөө тэмцэл үргэлжилсээр
Стелла МакКартни саяхан гарсан PETA-гийн тайланг үзсэнээс хойш Ovis 21 хэмээх Аргентины ноос нийлүүлэгчтэй хийсэн гэрээгээ цуцаллаа
Стелла МакКартни цагаан хоолтон бас амьтны эрх хамгаалагч тул цуглуулгадаа жинхэнэ үслэг эдлэл болон арьс ашигладаггүй билээ. Саяхныг хүртэл Stella McCartney брэндийн ашигладаг цорын ганц амьтны гаралтай материал нь ноос байсан бөгөөд Аргентины Ovis 21 компаниас нийлүүлдэг байжээ. Гэвч саяхан PETA байгууллага Ovis 21 компанийг илчилсэн тайлан гаргасан байна. Компанийн аж ахуйд хонины ноосыг хэрхэн хэрцгийгээр хяргадгыг харсан Маккартни цаашид тэдэнтэй хамтран ажиллахаас эрс татгалзлаа.
Загвар зохион бүтээгч өөрийн Facebook хуудсанд "Бид Ovis 21 компанитай хамтран ажиллахаа больж, тэдний нийлүүлдэг ноосноос татгалзаж байгаагаа мэдэгдэхэд харамсалтай байна. Учир нь PETA байгууллагын идэвхтнүүд уг компанийн 26 аж ахуйн нэг дээр очиж бичлэг хийсэн бөгөөд энэ нь үнэхээр аймшигтай дүр зураг байлаа. Хонины ноосыг хяргах үедээ амьтдыг ихээр гэмтээдэг хэрнээ ямар ч туслалцаа үзүүлдэггүй нь гарсан. Жинхэнэ арьс болон үслэг эдлэл ашиглахаас татгалздаг дизайнерын хувьд амьтадтай ийм хэрцгий хандахыг би тэвчиж чадахгүй" гэжээ.
Stella McCartney брэндийн араас Patagonia брэнд мөн адил Ovis 21-тэй хамтрахаас татгалзсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт