Тавдугаар сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй 76 дахь удаагийн Каннын кино наадмын улаан хивсний ёслолын үйл ажиллагааг тойрсон дуулиан үргэлжилсээр. Каннаас олон улсын шилдэг кинонуудыг сорчлон үзэхээс гадна дэлхийн алдарт оддын гайхалтай дүр төрхийг ч цөөнгүй хоногийн турш олж харах боломжтой нь уг фестивалийн онцлогуудын нэг билээ. Тэгвэл жүжигчин Женнифер Лоуренс найруулагч Жастин Триетын “Anatomy Of A Fall” хэмээх аймшгийн киноны нээлтэд хүрэлцэн ирэхдээ Christian Dior брэндийн бэлхүүс тодотгосон корсетон задгай энгэртэй, газар шүргэсэн дэрвэгэр урт хормойтой, бадмаараг улаан өнгийн даашинзаар гоёж ирсэн юм. Гэвч энэхүү гайхалтай кутюр даашинз, очир алмаазан зүүлтээс илүү түүний хормойн дороо нууж байсан энгийн хар углааш олны анхаарлыг ихэд татав. Мэргэжилтнүүд түүнийг 2013 оны Оскарын улаан хивсний ёслол дээр шатнаас унасан гашуун туршлагаа давтахгүйн тулд ийм сонголт хийсэн хэмээн таамаглаж байна.
Харин Австрали жүжигчин Кейт Бланшетт энэ жилийн Каннын наадмын үеэр Иран-Франц гаралтай жүжигчин Захра Амир Эбрахимид “Breakthrough Artist Award” шагналыг гардуулсан бөгөөд жүжигчин бүсгүй ёслолын дараах үдэшлэгийн үеэр Giorgio Armani брэндийн jumpsuit болон урт хормойтой ягаан пальто өмссөн боловч гоёлын гутлаа тайлсан байлаа. Тэрээр энэ тухайд, “Би Иран эмэгтэйчүүдийн алдрын төлөө энэ үйлдлийг хийсэн. Охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл гэж ойлгож болно” хэмээн тайлбарлажээ.
Харин эдгээр явдалтай төстэй боловч өөр зорилгоор Каннын кино наадмын тансаг ёслол дээр өндөр өсгийт өмсөхөөс татгалзсан одод цөөнгүй байдаг ажээ. Тухайлбал, 2016 онд жүжигчин Жулия Робертс улаан хивсэн дээр хөл нүцгэн алхсан бол “Conversations with Friends” киноны жүжигчин Саша Лэйн хэвлэлийнхний өмнө хөл нүцгэн зургаа авхуулж, тэд нэгэн зэрэг "том хэрэг тарьж” байлаа. Жүжигчид маш урт шатаар өндөр өсгийттэй өдөржин алхахаас зүрхшээсэн ч олон нийтийг хүндэлж хамгийн сайхан төрхийг бүрдүүлэхийг хичээсэн тухайгаа хэвлэлд ярьж, галыг намжаасан юм. Тэгвэл 2018 онд, Twilight Saga киноны супер од Кристен Стюарт Каннд Christian Louboutin брэндийн дэгжин хар гадсан өсгийт өмсөж ирсэн боловч улаан хивсэн дээр алхах үедээ тайлсан юм. Тэрээр Hollywood Reporter сайтад ярилцлага өгөхдөө “Хэрвээ чамайг өндөр өсгийт юм уу ямар нэг дэгжин хувцас өмсдөггүй бол хүмүүсийн сэтгэл гонсойж магад. Гэхдээ эрчүүдээс өндөр өсгийт болон даашинз өмсөхийг шаарддаггүй шигээ эмэгтэйчүүдээс ч бас шаардах хэрэггүй...” хэмээн хариулсан удаатай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт