Victoria’s Secret Кара Делевинийг энэ жилийн шоунд сонгон шалгаруулалтгүйгээр оролцохыг урьлаа

Тэр зөвшөөрөх болов уу?

Олны хайртай супер модель Кара Делевинь 2013 оноос хойш Victoria’s Secret-ийн тайзан дээр гарсангүй. Гэхдээ нөхцөл байдал удахгүй өөрчлөгдөх магадлалтай байна

Их Британийн The Sun сонин саяхан Караг 2014 оны загварын шоунд хэтэрхий "хөөсөн" байсны улмаас тэнцээгүй гэх нэгэн эргэлзээтэй нийтлэл гаргаж, Victoria's Secret-ийн ерөнхий найруулагч Эдвард Рэйзекийг Кара Делевинь рүү юу болсныг тайлбарласан хувийн захидал илгээхэд хүргэлээ. Делевинь Рейзекийн захидлыг өөрийн албан ёсны Instagram хуудсандаа нийтэлж, "Борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэй хүний бие галбирыг хэлэлцэх нь ичгүүртэй юм" гэх тайлбар бичжээ. Тэр мөн тайлбарынхаа хажуугаар Victoria's Secret рүү хандсан зүрхэн эможи тавьсан байлаа.

 

Victoria's Secret-ийн загварын шоунд 2012, 2013 онд  оролцож байсан Кара Делевинь 2014 онд The Sun сонинд нийтэлсэн шалтгааны улмаас биш, харин тухайн үед кино зураг авалтад оролцож байснаас болж тайз дээр гарч чадаагүй юм. 2014 оны загварын шоу Лондон хотноо зохиогдсон бол Делевиний зураг авалт АНУ-д өрнөж байжээ.

Рэйзек өөрийн захидалдаа сониныг худал цуурхал тараасанд буруушааж, Делевинийг "Арваннэгдүгээр сарын 30-нд завтай бол Парист хүрэлцэн ирж, бидэнтэй нэгдэхийг хүсье" хэмээн урьж, "Ямар нэгэн сонгон шалгаруулалт шаардлагагүй шүү!" гэж нэмж бичжээ. За тэгэхээр одоо загвар өмсөгчийн хариултыг хүлээх л үлдлээ. Тэр зөвшөөрөх болов уу?

Ө.Тодгэрэл

2016-11-05, 13:01