Vogue сэтгүүл 2022 онд 130 жилийн ойн баяртаа зориулан Vogue World загварын шоуг үнэнч түншүүд, томоохон брэндүүд, хайртай моделиуд болон хүндэлж явдаг эрхмүүдээ оролцуулан зохион байгуулж байсан. Үүнээс хойш тус арга хэмжээ нь жил бүр зохиогддог уламжлал болон тогтоод байгаа юм. Шоу болсон анхны байршил Нью-Йоркоос эхлэлтэй бол удаах арга хэмжээ Лондонд болж өнгөрсөн. Харин энэ жилийн Vogue World Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж байна.
Шоу болсон Вандомын талбай бол загварын хорхойтнууд болон тансаг зэрэглэлийн үнэт эдлэл сонирхогчдын очих дуртай шоппинг цэг гэдгээрээ алдартай. Арга хэмжээг эрхлэн явуулсан арын багт Карин Ройтфельд, Иб Камара, Хуан Коста Пас, Александр Самсон гэхчлэн салбартаа танигдсан загварын редактор, бүтээлч захирал болон галерейн куратор эрхмүүд багтжээ. Нүүр будгийг хариуцан дэлхийн нөлөө бүхий артистуудын нэг (Vogue-ын нэрлэснээр) Пэт Макграт ажилласан бол уран сайхны болон бүжгийн найруулгын үүргийг Рианнагийн Super Bowl-ын бүжгийг дэглэсэн Паррис Гебель гүйцэтгэсэн байна. Харин дэлхий даяарх шууд дамжуулалтыг Тейлор Свифтын Eras Tour дэлгэцийн бүтээлийн продюсероор ажилласан туршлагатай Сен Ренч хариуцжээ.
Хүрэлцэн ирсэн зочид арга хэмжээний уур амьсгалтай уялдсан дүрсгүй боловч хээнцэр хэв маягаар хувцасласан харагдана. Тэдгээрээс юун түрүүнд Кара Делевиний өмссөн конус хэлбэрийн хөхөвчтэй корсетыг онцлох нь зүйтэй. Энэ бол дизайнер Симон Рошагийн Jean Paul Gaultier-д зориулан урласан, хавар-зун 2024 улирлын нэлээдгүй амжилтыг дагуулаад буй кутюр цуглуулгад багтсан загвар юм. Карагаас гадна цээж хэсгийг тодотгосон өөр нэгэн төрхийг Эмма Чемберлейн бүрдүүлжээ. Тэрээр Rick Owens-ын хүрэн өнгийн арьсан топ болон юбка сонгосон байлаа. Харин Алекса Чан, Элла Ричардс болон бусад олон алдартнууд сонгодог хэв маягаар хувцасласан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт