Жирэмсний хувцаслалтаас Super Bowl хүртэл: Рианнагийн стилист Жалил Уивер гэж хэн бэ?

Рианнагийн юунаас ч айдаггүй, өөрийгөө сорихоос эмээдэггүй зан байдал нь түүний гадаад төрх дээр тусгалаа олдог. Тэгвэл түүний доторх хүчтэй эмэгтэйн дүр төрхийг хувцсаар нь илэрхийлж, дотоод болон гадаад ертөнцийн уялдаа холбоог олоход стилист Жалил Уивер жинтэй хувь нэмрээ оруулсаар иржээ. 

Стилист Жалил Уивер болон Рианна

Тэд хэрхэн танилцаж байв?

Жалил Уивер 2011 онд алдартнуудын стилист Мел Оттенбергийн туслахаар ажилладаг байхдаа анх Рианнатай танилцаж, түүний имиж бүрдүүлэлтийг хариуцаж эхэлжээ. Уивер Рианнагийн дөрөв дэх томоохон “Loud” аялан тоглолтоос эхлэн уран бүтээлчийн гаргаж байсан бүх л цомог, улаан хивсний ёслол болон дууны клип дээрх төрхийг бүрдүүлсэн юм. Тэрээр Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ри аль эртнээс л миний анзаардаггүй байсан зүйлсийг надаас олж хардаг байсан. Тэр нэг л өдөр над дээр ирээд туслах бүтээлч захирал болох санал тавьсан” хэмээн хэрхэн Fenty компанид ажиллаж эхэлсэн талаараа хуваалцсан байна.

Бие давхар эмэгтэйчүүдийн хувцас загварт шинэ жишиг тогтоосон нь

Рианнагийн бие давхар болсон баярт мэдээг дуулсан цагаас эхлэн Жалил Уивер өөрийн загварчлах арга барилдаа шинэчлэлт оруулах шаардлагатай тулгарав. Тухайн үед Жалил амьдралдаа нэг ч удаа бие давхар эмэгтэйн хувцаслалт дээр ажиллаж байгаагүй ба “Одоогоос эхлэн түүний хэвлий бол гол анхаарлын төв. Энэ бол түүнийг тодорхойлох гол шинж чанар бөгөөд үүнийг бүх чадлаараа тодотгон харуулъя” гэсэн зарчимд тулгуурлахаар шийдсэн байна. Рианна ч мөн адил аварга том цамц, сул даашинзаар төрхөө бүрдүүлж, загварын хүсэл сонирхлоо хойш тавих нэгэн биш. Тиймдээ ч хувцасны тейлор түүний өмдөнд бие давхар эмэгтэйчүүдэд зориулсан резин залгаж оёхыг санал болгоход “Үгүй. Би ямар ч сунамтгай зүйл хүсэхгүй байна. Хэзээ ч!” гэж хариулж байсан удаатай.

Рианнагийн эргэн ирэлтийг хуваалцсан улаан монохром төрх

Рианнагийн Super Bowl тэмцээний халфтайм шоуны үеэр харуулсан төрхийг мөн л Жалил Уивер хариуцан бүрдүүлжээ.

Түүний үзүүлбэрийн эхэнд өмссөн комбинзон болон топ нь Loewe брэндийн дизайнер Жонатан Андерсоны бүтээл бөгөөд “Би энэхүү мартагдашгүй мөчийн нэг хэсэг болсондоо маш их баяртай байна. Рианна бол жинхэнэ шүтээн” хэмээн тэрээр хэлсэн байна. Харин уран бүтээлчийн “Diamond” дууныхаа үеэр давхарлан өмссөн макси урттай савхин хүрмийг Alaïa брэндийн Питер Мулир урлажээ. Ингэхдээ Мулир Рианнагийн стилийг орчин үеийн эмэгтэйчүүдийн илэрхийлэл гэж тодорхойлсон байна. Үүнээс гадна энэхүү хүрмийг алдарт загварын сэтгүүлч Андре Леон Таллигийн гэгээн дурсгалд зориулсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм.

Buro.Mongolia

2023-02-16, 12:33