Алдарт "Sex and the City" цувралын Саманта бол бие даасан байдал, зоригтой зан чанарын бэлгэдэл болсон дүр билээ. Тэрээр хувцаслалтаараа ч энэ бүхнийг илэрхийлж чаддаг бөгөөд ингэхдээ ихэвчлэн Тьерри Мюглерийн хослолууд, улаан өнгийн тотал-лүкүүд, хайчилбар болоод цоолбортой хувцаснууд, тод өнгийн урт түрийтэй гуталнууд зэргийг сонгодог билээ. "Хэрвээ би Нью-Йоркийн эмэгтэй бүр намайг юу гэж бодож, ярих бол гэж санаа зовдог байсан бол гэрээс ч гарахгүй байхсан байх" гэх Самантагийн алдарт үгсийг дурсан түүний хамгийн сэтгэлд хоногшсон төрхүүдийг эргэн харцгаая.
Оюу ногоон өнгийн топ, цэнхэр бүс болон улаан юбка, эсвэл цэнхэр, ногоон болон шар өнгөнүүдийг нэг дор агуулах цамц гээд Саманта үргэлж л дэлгэцнээ өөдрөг уур амьсгал нэмдэг байсан.
Самантаг амьтны хээтэй хувцасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нүцгэн бие дээр өмссөн алаг тахийн хээтэй даашинз, Thierry Mugler-ийн ирвэсний хээтэй макси даашинз гээд эдгээр амьтны хээтэй төрхүүд нь түүнийг хамгийн ихээр тодорхойлдог билээ.
Амьдралын бусад бүх зүйлс дээр үнэхээр галзуу, нээлттэй сэтгэлгээтэй Саманта ажлын хувьд харин үргэлж л хөдөлмөрч, босс эмэгтэй байсаар ирсэн. Тэрээр өөрийн гэсэн PR-ийн агентлагтай бөгөөд хувцасны шүүгээндээ олон арван өнгө, өнгийн хослолтой. Хослолоо Саманта мөн л Мюглерээс авдаг байсан ба өргөн мөртэй, тод өнгөтэй, бэлхүүс тодотгосон эсгүүртэй загваруудад дурладаг байсан.
Саманта Jacquemus гэдэг брэнд бий болохоос ч өмнө аварга том сүрлэн малгайнуудыг өмсдөг байсан. Сүрлэн малгайнаас гадна тэрээр Нью-Йоркийн гудмаар алхахдаа Thierry Mugler-ийн архив загвараар гоёдог байлаа.
Атлас материалтай, урт бариу загварын түрийтэй гутлуудыг Саманта пальтотойгоо өнгө ижилсүүлэн өмсөх дуртай байсан. Тухайн үед, мөн одоо ч тэр Самантагийн гутлууд төдийлөн их шуугиан тарьж чадаагүй хэрнээ Кэрригийн бүх гутлууд анхаарлын төвд байдгийг бид шударга бус зүйл гэж үзэж байгаа.
2000-аад оны загварыг тодорхойлдог энэ өнгө нь Самантатай ч мөн салшгүй холбоотой. Орчин үед харин Bottega Veneta брэнд уг өнгийг эргээд моданд оруулсан байгаа.
Уулга алдам үзэсгэлэнтэй мини даашинзууд, секси гүн ухлаадаснууд бол Самантагийн нэрийн хуудас юм. Эцэст нь хэлэхэд, цувралын үргэлжлэлд Саманта эргэн ирэхгүй болсонд гуниглаж суухын оронд дараагийн удаа үдэшлэгт явахдаа "Саманта юу өмсөх байсан бол?" хэмээн нэг бодож үзээд түүний галзуу, өөдрөг хувцаслалтуудыг өөрийн биеэр хэрэгжүүлээрэй.