Баярхүүгийн Баярмаа: Номадик шик төрх бүтээх дараагийн сюрприз

Монгол хэвлэлд өгсөн анхны ярилцлага

Ж.Чинбат

Нью-Йоркийн уур амьсгалд тохируулан бүтээсэн загвараа Монгол брэнд хэмээн нэрлэж, нүүдэлчдийн хэв маягтай хувцас хийхдээ Б.Баярмаа ямар зорилготой байсныг асуухгүй өнгөрч чадсангүй.

Buro 24/7 Mongolia-гийн анхны сонголтууд үндэсний хэв шинжтэй бүтээл туурвигчдыг илүү онцолсон.  Мercedes Benz загварын шоунд оролцсоных нь дараах өдрүүдэд түүний талаар гадаадын олон хэвлэл бичиж, тэр дундаа  Италийн Vogue сэтгүүл хүртэл хандаж байсан ч тэрбээр нэг ч монгол хэвлэлд яриа өгөөгүй байсан юм. Ингээд түүний анхны ярилцлага танд хүрч байна.

Таны тухай анх Нью-Йоркод Мерседес Бенз загварын шоунд оролцохоор явлаа гэхэд анх сонсож байсан. Бюро-гийн уншигчдад та өөрийгөө эхлээд танилцуулахгүй юу.

Юуны өмнө танай Бюро-гийн хамт олонд баяр хүргэе. Би өөрөө яг мэргэжлийн дизайнер хүн биш л дээ. Тэгэхдээ сайн хэрэглэгч.  Загварт дуртай байсан, гадаадад илүү стилист байдлаар ажилладаг байхдаа удаан хугацаанд загварын коллекци хийх юмсан гэж бодож явсан.

Та хувцсыг гол сонирхлоо болгосон эхлэл мэдээж эртнээс суусан байх. Тэр эхлэл нь хэзээ байсан бэ?

Багаасаа бүтээлч байх нь надад таалагддаг байсан. 1990-ээд онд намайг нэгдүгээр ангийн хүүхэд байхад одоогийнх шиг бүх юм элбэг биш, ээжийнхээ гадагшаа явж ирэхдээ авчирсан зүйлсийг нь өөрчлөх дуртай байлаа. Тэр үед манай гэрт амьдардаг байсан нэг америк эгчийн  Vogue, Harpers Bazaar сэтгүүлүүдийг үзэх дуртай байсан нь бас нөлөөлсөн байж магадгүй.

Өөрөө хувцсыг оролдоод хийчихье, хүмүүст санал болгоод хүргэе гэсэн сэтгэгдэл хэзээнээс төрж эхэлсэн бэ?

Яг би Америкт сургуулиа төгсөж ирээд өөрийн гэсэн урлантай болоод анх хийсэн зүйлдээ тийм ч сэтгэл хангалуун байгаагүй. Тэгэхдээ хүн дуртай юмаа хаядаггүй болохоор хийгээд, болиод явсаар нэг л өдөр бүх зүйл нь бүрдэж анхны цуглуулгаа гаргасан.

Та өөрийн бүтээлүүдээ Монгол брэнд гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ. Таны илэрхийлж буй монгол брэнд юугаараа онцлогтой вэ?

Надад Монгол орны маань баялаг түүх сонирхолтой санагддаг. Хэрэглээний олон соёл монголоос үүсэлтэй, цаасан мөнгийг анх Хубилай хаан гаргаж, орчин үеийн даяаршлын суурь монголоос эхэлсэн гээд л. Дэлхийд одоо хориод сая монгол туургатан бий. Энэ бүх баялаг зүйлийг, үндэсний онцлогтой хэв шинжээ урлагт суулгах талаас нь ажиллахад миний хувь хүн талаас ойролцоо байсан л даа.

Үндэсний хэв шинжтэй хувцас хийх санааг үргэлжлүүлэхэд материал сонголт чухал нөлөөтэй. Манайд Милан, Парисын загвар зохион бүтээгчид шиг дуртай материалаа шилж сонгох боломжгүй шүү дээ. Хязгаарлагдмал нөхцөлд материалаа яаж сонгосон бэ?

Мерседес Бенз шоунд толилуулсан загвартаа би нэг концепцийг барьсан нь одоо дэлхийд чухал сэдэв болоод байгаа үйлдвэрлэлийн бүх шатанд хаягдалгүй байх зарчмыг чухалчилсан. Том даавуу эсгүүрт ороход өөдөс хэсэг нь хаягдал болох, тэр тусмаа нейлонтой байвал байгаль орчинд хортой байдаг. Тиймээс дахин боловсруулалт хийх боломжтой түүхий эдэд анхаарлаа хандуулсан. Орчин үеийн чиг хандлагад, ялангуяа тансаг хэрэглээний чиглэлд хамгийн чухал зүйл нь юм мэддэг, юмыг нухацтай авч хэрэглэдэг хүмүүсийн хандлага. Төлж байгаа мөнгөнөөс гадна байгаль орчинд ямар нөлөөтэй вэ гэдгийг тэд их анхаардаг. Монголын ноолууран бүтээгдэхүүн бол ямар ч хаягдалгүй учраас тавин хувийг нь ноолуураар хийсэн. Нөгөө хэсэгт нь анхнаас нь үйлдвэрлэлийн зорилгоор гаргаагүй монгол хурганы арьс хэрэглэсэн.

Тэгэхдээ та шиншила, булганы арьс ашигласан шүү дээ.

Тийм зүйлс байсан. Хэдий би байгальд ээлтэй зүйлсийг зорьж байгаа ч энэ нь удаан хугацаанд хэрэгжих зорилго. Яг өнөөдөр илүү коммершл байхын тулд дан эко байдлаар явахад хэцүү л дээ. Ноолуурыг хүн байнга өмсдөггүй шүү дээ.

Та санхүүч хүн учраас эцсийн хэрэглэгчээ анхнаас нь төлөвлөсөн үү. Ер нь монголчуудад зориулагдсан уу эсвэл гадагшаа нэвтрэх талаар бодож байгаа юу?

Мэдээж монголчууд байна. Илүү бидэнд энэ хувцаснууд ойрхон байх л даа. Мэдээж Нью-Йоркод шоу хийсэн нь өөрийн бүтээлээ гадагш нь гаргах. Дэлхий дээр зөндөө олон мундаг дизайнер, үйлдвэрлэгчид байгаа. Тэдний зах зээл уруу сонирхолтой орох ганц зам нь бидний хувьд өөрсдийн нүүдэлчин соёл юм. Нүүдэлчид зүгээр нэг нүүгээд явдаг хүмүүс биш амьдралыг өргөн цар хүрээтэйгээр хардаг. Нүүдэлчин соёл гэдэг элдэв хаягдал үүсгэдэггүй. Хүнээр хэлбэл эхээс төрсөн биеийг хэрхэн гэмтээхгүй байх вэ гэж зорьж байгаа юм шиг байгальд сөргөөр нөлөөлдөггүй.

Хүнээр хэлбэл эхээс төрсөн биеийг хэрхэн гэмтээхгүй байх вэ гэж зорьж байгаа юм шиг байгальд сөргөөр нөлөөлдөггүй.

Таныг цуглуулгандаа орсон нэг хувцасны санаан дээр хоёр цаг л ажилласан гэж сонссон. Энэ үнэн үү?

Би бараг бүх юмаа нэг шөнийн дотор зураад, маргаашнаас нь хийлгэж эхэлсэн л дээ. Санааг нь өөрөө удаан бодсон.

Загваруудыг нь харахад "фанки", "стрийт" маягийн уур амьсгалтай харагдаж байсан. Стиль бүрдүүлэлт дээр та хэрхэн ажилласан бэ?

Хүн болгон хувцаснуудыг харьцангүй өнцгөөр харах байх л даа. Хувцас бүрийг нэг нэгээр нь харвал янз бүрийн хувцас байгаа. Гадуур хувцсыг нь харвал аягүй тансаг. Харин түүн дотор гоёлын даашинз өмсчих юм бол тэр өөр дүр төрх болчихно. Би илүү сонирхолтой талаас нь, Нью-Йоркийн хэв маягийг бодоод стиль хийсэн. Стилист болон аксессуар, шоуны сүүлийн ажиллагаан дээр нь Мөөнөө /И.Мөнхтуяа/ хамтарч ажилласан. Өөрөө бас аягүй гоё зүйл хийдэг, мундаг эмэгтэй байгаа.

Шоуны үеэр маш олон хүн утсаа гарган зураг авч, инстаграмдаа хийж байсан гэж сонссон. Таны бодлоор таны загварууд хүмүүст ямар санагдсан бол?

Би тэр үедээ бол анзаараагүй. Шоуны дараа хэвлэлээс үзсэн л дээ. Бүх хүмүүст сонирхолтой, шинэлэг санагдаж, тэр шоун дээр хүмүүс хамгийн их утсаа гаргаж зураг авсан загвар болсон. Хэвлэлүүд "Энэ жил үзэх ёстой гурван дизайнерийн нэг", "Монголоос номадик чик ирлээ" гэх зэргээр бичсэн. Ер нь бол би нэг ч муулсан юм хараагүй.

Урлагт мэргэжлийн сургуульд сураагүй зураачийн бүтээлийг "гэнэн урлаг"-т хамруулж авч үздэг. Энэ хувцас загварт бас хамаатай юу?

Хувцас бол хэрэглээ. Зураач, хөгжимчид мэргэжлийн гэдгээрээ ялгарах зүйлтэй ч зургийг нэг хүн зурчихна. Хувцсанд олон хүний оролцоо шаарддаг. Би энэ асуултыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ бас болохгүй биш юм шиг байна.

Та хоёрдахь загварын цуглуулгаа намар танилцуулна гэж байна. Тэгэхээр та энэ зах зээл дээр хэр удаан байхаар төлөвлөж байна вэ?

Би энэ чиглэлээрээ цааш ажиллана. Энэ миний хийж чаддаг, бас сонирхолтой зүйл. Үүнийг би хаанаас ч сурах шаардлагагүй. Ер нь бүх юмнаас, жишээ нь танай энэ урилганы матрёшканаас гэхэд л надад шинэ санаа төрөх зүйл харагдана. Энэ өөрөө амьдралын хэв маяг. Урам зориг, сэдэл санааг хаанаас л бол хаанаас авч чадна. Дээрээс нь тэр нь хэрэглээтэй байх шаардлагатай.

Зарим уран бүтээлчид хийгээд дуусмагцаа л миний дараагийн бүтээл юу вэ гээд шинийг эрэлхийлдэг гэж ярьдаг. Та ямар төрлийн хүн бэ?

Би бүр дуусаагүй байхдаа л уйдчихсан. Ер нь бараг л харсаар байгаад, гаргаад үзүүлэхэд хуучин юм шиг санагдсан. Тэгэхээр би магадгүй чиний асууж байгаа төрлийн хүн байх.

Таны бодлоор шинэлэг байна гэдэг нь юуг хэлэх вэ?

Загварын тал дээр би энэ үндэсний хэв маягаасаа өөрчлөгдөхгүй байх. Илүү өөрчлөхөөр бодож байгаа зүйл нь өдөр тутмын болгох тал дээр анхаарал тавина.

Масс үйлдвэрлэл монголд хэрэгжихэд нэлээн бэрхшээлтэй. Тэгэхээр та цөөн тооны захиалагч, хэрэглэгч илүү сонирхож байна уу.

Би масс үйлдвэрлэл уруу орохыг үгүйсгэхгүй. Харин хаашаа, ямар зах зээл уруу орох вэ гэдгийг бодох хэрэгтэй байх.  Яг монголд үйлдвэрлэл үнэхээр боломжгүй. Надад өөр сонирхолтой санагдсан зүйл бол хүн ганцаараа хүч муутай, өндөр зардалтай ажиллахаас өөр хувилбар хэрэгтэй. Эргээд бодоход, Баярмаа Баярхүү гэж нэрээрээ явлаа гэхэд надад ч тийм ирээдүйтэй санагдахгүй байна. Харин Монгол брэнд гэхэд монголоос арван дизайнер ч оролцсон цуглуулгууд байж болно. Тэдгээр загварыг харин монголоос өөр үйлдвэрлэх боломжтой орон зөндөө гарч болох юм.

Харин Монгол брэнд гэхэд монголоос арван дизайнер ч оролцсон цуглуулгууд байж болно. Тэдгээр загварыг харин монголоос өөр үйлдвэрлэх боломжтой орон зөндөө гарч болох юм.

Сүүлийн үед манай загварт шинэлэг зүйлс ихтэй байна. Танд ямар нэгэн зүйлийн эхлэл дээр байгаа юм шиг санагдаж байна уу.

Хөгжил гэдэг нь сайн бизнес байх ёстой. Авьяас байлаа гээд бизнес болж чадахгүй бол хөгжил ирж чадахгүй.

Ж.Чинбат

2015-07-06, 09:03