Өнөөдөр кутюр загварын агуу дизайнер Юбер де Живанши 91 насандаа таалал төгссөн болохыг WWD сэтгүүл мэдээллэсэн билээ. Тэрбээр аль 1995 онд өөрийн алдарт цагаан халаатыг Жон Гальяно, Александр Маккуин, Рикардо Тиши гэх зэрэг өв залгамжлах хойч үеийн дизайнерууддаа дамжуулан үлдээсэн хэдий ч, Givenchy ордон зөвхөн түүний тавьсан суурь, зөвхөн түүний бий болгосон ДНХ-ээр үүрд тодорхойлогдох болно. Юбер де Живаншигийн нэр бараг хагас зуун жилийн турш мөнхийн дэгжин стиль болоод Парисын шик хэв маягтай шууд холбогдсоор ирсэн. Түүний бүтээлүүд XX зууны стилийг тодорхойлж, Одри Хепберн, Грейс Келли, Виндзорын гүнгийн гэргий Уоллис Симпсон, Элизабет Тейлор болон бусад тухайн үеийн шүтээнүүдийн тэргүүн сонголт болсон байдаг. "Зөвхөн түүний хувцсыг өмссөн үед би өөрөөрөө байгаа мэт мэдэрдэг. Тэр зүгээр нэг кутюр дизайнер биш харин агуу бүтээлч юм. Тэр өөрийн загваруудаар хувь хүний зан чанарыг бий болгож чаддаг" хэмээн Одри Хепберн дизайнерын талаар ярьж байсан удаатай.
Агуу Юбер де Живаншигийн гэгээн дурсгалд зориулж бид түүний домогт бүтээлүүдийг мөн тэдгээрийг өмсөх хүндэт эрх хүртсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг дурсаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт