Оны эхэн сар хувцасны шүүгээгээ цэгцэлж, шинэ цуглуулгуудын хувцас болон аксесуараас сонголтоо хийхэд хамгийн тохиромжтой цаг. Тиймээс бид загварын орднуудын хавар-зун 2022 улирлын цуглуулгуудыг сайтар судалж хамгийн содон, анхаарал татсан өсгийт, гар цүнх, нарны шил зэргийг энэ удаагийн жагсаалтдаа орууллаа. Эдгээр аксесуарууд нь энэ онд загварын хорхойтнуудын эрэл хайгуул болж, Instagram-ийг байлдан дагуулна гэдэгт загвар зохион бүтээгчид ч итгэлтэй байна.
https://www.bustle.com/style/loewe-egg-shoes-twitter-reactions
Бид энэ удаагийн жагсаалтдаа загварын ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн Loewe брэндийн сюрреалист гэмээр загвартай өсгийтийг багтаахгүй байж чадсангүй. Брэндийн сүүлийн загварын шоун дээр моделиуд хагарсан өндөг, хумсны будагны сав, саван, лаа зэрэг этгээд хэлбэртэй өсгийтэй гутал өмсөн тайзнаа алхсан юм. Эдгээр өсгийт нь нэг хэсэгтээ л street style болон Instagram-ийн байлдан дагуулах нь тодорхой байна.
Хэдхэн хоногийн өмнө бид оны гол цүнхнүүдийн жагсаалтыг гаргахдаа Loewe брэндийн бугуйвч мэт цүнхийг онцолсон билээ. Тэгвэл энэ удаад Fendi брэндийн авсаархан цүнх-бугуйвчийг танилцуулж байна. Ямар ч төрхийг илүү сонирхолтой харагдуулах уг цүнхийг том цүнхийн хамт барьж ч болно. Бугуйвч мэт цүнхнүүд энэ жил маргаангүй тренд болно гэдгийг санаарай.
Платформ ултай өсгийтэй гутлууд саяхан л анти-тренд байсан. Тэгвэл загвар зохион бүтээгч, дизайнерууд тус загварын гутлыг энэ жилээс идэвхтэй урлаж эхэлсэн нь мода эргэдэг гэдгийн ээлжит жишээ боллоо. Versace загварын ордон намар-өвөл 2021 цуглуулгаараа дамжуулан платформ ултай, нарийн оломтой, атласан өсгийтийг танилцуулсан бол бусад брэндүүд мөн адил платформ ултай өсгийтэй гутлыг ирэх улиралд зориулж төрөл бүрийн хийц, материалаар урлажээ.
Футурист хэв маяг ирээдүйд бүхий л салбарт зонхилох хандлагатай байна. Тэр тусмаа загварын салбарт энэхүү хэв маяг нь улам л эрчээ авч, томоохон брэндүүдийн шинэ цуглуулгуудад анзаарагдах нь олширчээ. Bottega Veneta, Balenciaga, Balmain болон бусад томоохон орднууд энэ оны хавар-зун улирлын цуглуулгууддаа футурист хэв маягийг шингээсэн бөгөөд этгээд загварын гутал, арьсан шаахай зэргийг толилуулсан билээ. Тэдгээрээс "The Matrix" киноны гол дүрүүдийг санагдуулам тэгш өнцөгт хэлбэрийн өргөн хүрээтэй, футуристик нарны шилнүүд ирэх улиралд эрэлттэй байх болно.
1990 болон 2000-аад онд алдаршиж байсан логогоор бүрхэгдсэн хувцас, аксесуарууд моданд эргэн ирлээ. Chanel загварын ордон хавар-зун цуглуулгаа 1990-ээд оны хэв маяг, тухайн үеийн загварын салбарын онцлогоос улбаалан гаргасан бөгөөд нарийн оломтой өсгийтэй гутлыг брэндийн монограм хээгээр чимсэн нь оновчтой шийдэл болсон билээ.
Маш том хэмжээний лого болон монограм хээтэй ээмэг нь ирэх улирлын гол чиг хандлагуудын нэгээр тодроод байна. Balenciaga брэндийн “B” үсгийн монограм хээтэй ээмэг нь “уйтгартай” хувцаслалтад ч өнгө нэмэх тул гэнэтийн арга хэмжээ, үйл явдлуудад бэлэн байх үүднээс тус загварын ээмгээс сонголтоо хийхийг зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт