Монгол үүлэн хээ дэлхийн зарим дизайнерыг урамшуулж байна

Дүгнэх цаг

Шилдэг загвар бүтээгчид шинэ цуглуулга гаргахдаа анхаарлаа дэлхийн өнцөг булан бүрт хандуулж, цоо шинэ, үзэгдэж харагдаагүй сэдэв, хээ угалз, илэрхийлэл хайх болсон. Энэ нь Монголын загвар зохион бүтээгчдэд хэрхэн тусах бол?

Өнгөрсөн 2015 оны турш Ази тив загварын ертөнцөд хүчтэй нөлөөлсөн. Загварын шоунууд, үдэшлэгүүд, дизайнеруудын ээлжит цуглуулгууд дээр Ази соёлоос урам авсан, өрнө дорныг хооронд нь улам ойртуулсан зүйлс их гарсан. Юуны түрүүнд жил бүр хөрөнгө босгох зорилгоор зохион байгуулагддаг Met Gala үдэшлэгийн 2015 оны сэдэв нь "China: Through the Looking Glass" байсныг та сайн санаж байгаа байх. Доменико Дольче ба Стефано Габбана, Том Форд, Николя Жескьер, Карл Лагерфельд, Зак Посен болон бусад олон хүчирхэг дизайнер гала үдэшлэгт зориулж Ази сэдэвтэй хувцас бүтээж, олны танил хүмүүсийг гоёсон билээ. Мэдээж дизайнеруудын хоорондох өрсөлдөөн хэдэн зуун сая долларын ашиг орлогын дунд эргэлдэж байдаг учраас тэд нэг сэдвийг хэзээ ч нэг нүдээр харж хийхгүй. Тиймээс зөвхөн "Хятад" гэсэн сэдэв байлаа гэхэд тэд эргэн тойрных нь соёл, уур амьсгалыг нь гарцаагүй судлах болно. 

Загварт Ази тивийн нөлөөлөл саяхнаас орж ирээгүй, нэлээд эртнээс үзэгдэж байсан.  Аль ХХ зууны эхэн болон дунд үед Коко Шанел, Ив Сан Лорен зэрэг домогт дизайнеруудын бүтээлд дорнын өнгө аяс багагүй туссан билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ нь илүү эрчимтэй хөгжиж, олон зүйлсийг өөрчлөх боллоо. Брэндүүд ч цуглуулгадаа улам их Ази сэдэвтэй загвар оруулж байгаа. Япон кимоногийн  өргөн бүс, ханцуй, аль эсвэл анимэ хүүхэлдэйн баатар мэт футуристик хэв маяг, мөн хятад хээ угалзтай хатгамал зэрэг нэлээн олон дорнын элемент гүйлгээ сайтай хувцаснуудын загварт байраа олсон юм.

Энэ нь нэг талаар Азийн эдийн засаг хөгжиж, тансаг хэрэглээний зах зээлийн томоохон хувийг Ази хэрэглэгчид эзлэх болсонтой холбоотой давалгаа мөн. Нөгөөтэйгүүр бас нас, хүйс, гарал угсааны ялгаа арилж, загварын ертөнц дэлхийн бүх хүнд хүртээлтэй байхаар амьсгалж буйн шинж гэлтэй.

Дэлхий нийтийн анхаарлыг татах Ази соёлын давалгаанд Монгол бас зарим талаараа өртөж байна. Өнгөрсөн оны сүүлээр дизайнерууд pre-fall 2016 цуглуулгаа танилцуулж эхлэх үед бид хамгийн анх Оросын дизайнер Алена Ахмадуллинагийн Гэсэрийн туулиас санаа авсан гайхамшигт цуглуулгыг олж харсан. Түүний цуглуулгад  үүлэн хээгээр чимэглэсэн даашинз, хослол, гар цүнх болон товгор фактуртай хийгдсэн туник (бүстэй, урт цамц) зэрэг хувцаснууд орсон байлаа.

Дараа нь Mary Katrantzou брэндийн pre-fall 2016 цуглуулга бидний анхаарлыг татсан. Дизайнер бүсгүй цуглуулгаа бүтээхдээ 1960-аад оны шинжлэх ухааны уран зөгнөлөөс санаа авсан гэж тайлбарласан ч бидэнд зарим загварынх нь өнгө дорнын уур амьсгалтай, тэр дундаа монгол зургийн өнгө аясыг санагдуулсан юм. Мари Катранзу мөн өөрөө шинэ цуглуулгаа бүтээхдээ хаанаас урам авснаа илтгэх зургууд интернет сүлжээнд оруулсан ба тэнд үүлэн хээний зураг багтсан байлаа.

Ингэхээр бид загварын ертөнц Ази руу анхаарлаа хандуулсан байгаад баярлахын хажуугаар бодлогоширох хэрэг гарч байх шиг. Mary Katrontzou-гийн үслэг захтай пальто, богино хормойтой даашинз дээр орсон үүлэн хээг бид дангаараа өөрийн гэж өмчирхөж чадахгүй. Буддын эсвэл дорнын уламжлалаа дагаад Монголоос гадна  Япон, Хятад, Түвд зэрэг бусад оронд ч адил утга, агуулгатай хээ, угалз олон бий. 

Дэлхийн хэмжээний  брэндүүд бэлгэдлийн чанартай хээ угалзыг ашиглаж байгаа нь Монгол дизайнерууд олон улсад өөрийн өнгө төрхтэй, шинэлэг загвар танилцуулахад цаг үетэйгээ хөл нийлүүлсэн гэдгийг нь илтгэх үү, эсвэл "дуурайсан" хэрэгт оруулах уу? Жишээ нь 2014 оноос эхлэн идэвхитэй ажилласан Michel & Amazonka марк гэхэд үүлэн хээг хатгамал байдлаар загвартаа шингээж, 2015 оны эхээр орчин үеийн эмэгтэйлэг төрхтэй хувцсандаа оруулж танилцуулсан. Тэд 2016 оны цуглуулгадаа ч бас хээний сэдвээ баяжуулсан байгаа. 

Дээрх дизайнеруудын загварт орсон үүлэн хээ нь хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөх зол жаргалын бэлгэдэлтэй билээ. Энэ хээ нь хэлбэр дүрсийн хувьд аадрын үүл, нүүж буй үүл, сэмжин үүл зэрэг ялгаатай дүрслэлтэй байдаг. 

Тэр бас хязгааргүй эрх чөлөө, эд баялагийг бэлгэддэг бөгөөд дөнгөж долоо хоногийн өмнө танилцуулсан Valentino -гийн pre-fall цуглуулгад ч бас үүлэн хээ нэлээдгүй харагдлаа. Цуглуулгын сэдвийг Valentino брэндийн зүгээс болон загварын редакторууд Японоос урам авсан гэж тодорхойлсон бөгөөд үнэндээ өөр монголтой ойр гэх зүйл байгаагүй.

Ингээд багцлаад харвал дорно дахин руу анхаарлаа хандуулсан загварын ертөнц дотор Монгол, Австри, Итали, Орос дизайнерууд маш ойрхон хугацаанд цуглуулгадаа нэг төрлийн хээ сонгон,  өөр өөрийнхөөрөө чимэглэлдээ ашиглажээ. Харин энэ жижиг тренд хэр удахыг, цаашид хөгжих үү, эсвэл хэсэг хугацааны дараа мартагдах уу гэдгийг одоогоор таамаглахад хэцүү юм. Тэгэхдээ дэлхийн дизайнеруудад бүтээлч урам хайрлаж байгаа үндэсний соёлоо монгол уран бүтээлчид зөв, сонирхолтойгоор ашиглаж чадвал илүү их боломж байгаа бололтой.


 

Ө.Тодгэрэл

2016-01-19, 18:00