Бизнес эрхлэгчдэд: "Instagram" олон нийтийн сүлжээг бизнестээ ашиглах гарын авлага

“Instagram-д ээлтэй” байх нь бизнес амжилттай байх үндэс болж байна

Орчин үеийн бизнес эрхлэгчид, тэр дундаа архитектор, интерьер дизайнерууд "Instagram-д ээлтэй" загвар зохион бүтээх нь тухайн бизнес ба бүтээгдэхүүн амжилттай байх нэг үндэс болдгийг Австралийн архитектур дизайны Vale Architect компани онцолж байна. Тэд уг сэдвээр судалгаа хийн судалгааны үр дүнд суурилсан Instagram Design Guide нэртэй гарын авлага гаргажээ.

Тус гарын авлагад мөн аяллын сэдэвтэй сэтгүүлүүд амралтын газар, зочид буудал, ресторан зэргийг санал болгохдоо Instagram-д хийж болохуйц төгс зургийг аль хэсэгт байршуулах хэрэгтэйг, түүнчлэн ямар хоол зурган дээр гоё гардаг зэргийг давхар зөвлөсөн нь хэрэглэгчдийг ихэд татаж байна.

Ингээд бид шинээр бизнес эрхлэхээр төлөвлөж буй, эсвэл бизнестээ шинэчлэлт хийх гэж байгаа уншигчиддаа зориулан хэрхэн Instagram-д ээлтэй загвар гаргах тухай зөвлөгөө бэлтгэлээ.

"Instagram"-ийг сурталчилгааны талбар гэж хар

Vale Architect компанийн захирал Валентин уг гарын авлагыг бичих санааг нэгэн үйлчлүүлэгчээсээ олж авжээ. Түүний Индонез дахь үйлчлүүлэгч Бали арал дээр нэгэн амралтын газар нээхээр барилгын зураг төслөө гаргуулахдаа "Амралтын газар маань Бали дахь хамгийн сайхан газрын нэг болж, хүн бүр энд ирж зургаа авахуулан 'Instagram'-даа нийтлээсэй гэж хүсч байна" гэсэн аж. Харин Валентин яагаад заавал Instagram болох учрыг асуутал "Instagram олон нийтийн сүлжээг өдөрт 800 сая хүн идэвхтэй ашигладаг. Энэ нь бүтээлч, сайхан зүйлсийг түгээх боломжтой суваг" гэжээ. Тиймээс "Instagram-д ээлтэй" байдал нь яалт ч үгүй бизнесийн давуу тал болохоос гадна, олон сая хүнд хүрэх үнэгүй сурталчилгаа болж байна.

Хэрэглэгч дээр төвлөр

Энэ сэдвийн дагуу нэгэн жишээ дурдая. Нэгэн залуу хос амралтаа далайн эрэг дээр, зочид буудалд өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Залуугийн хувьд усанд сэлж, завиар зугаалахыг хүсч байгаа бол, бүсгүйн хувьд усан сангийн хажууд суунгаа наргил жимсний коктейл ууж буй хээнцэр зураг даруулж, зургаа Instagram-д нийтлэхийг хүснэ. Энэ нь ихэнхи хосуудын аяллын тухай бодол бөгөөд үүнийг бизнес эрхлэгчид маш том боломж гэж харах хэрэгтэй. Тухайлбал усан санг нарны гэрэл тусдаг газар байрлуулж, харин цэсэндээ зурган дээр гоё харагдах коктейл, зууш зэргийг нэмж өгч болно.

Сул талаа мэдэхийн тулд "hashtag" ашигла

Сул талаа таньж мэдэн түүнийгээ эргээд давуу тал болгосон бизнес зах зээлд илүү амжилттай байдаг. "Hashtag"-ийн тусламжтайгаар хэрэглэгчдэд илүү хүрч, нэр хүнд өсөхийн зэрэгцээ сул талаа мэдэж авах боломжтой. Жишээ нь "hashtag"-аар хайтал зочид буудлын цэцэрлэгт хүрээлэнгийн зураг илүү их, харин төв хэсгийн танхимын зураг бага гарч ирвэл та уг хэсгийг сайжруулах хэрэгтэй гэсэн үг юм.

Анхаарал татахуйц содон байлга

2016 онд Нью-Йорк хотод нээгдсэн зайрмагны музейн зургууд одоо хүртэл Instagram-д олны анхаарлыг татаж, үүний ачаар музейн тасалбарын борлуулалт өссөөр байна. Учир нь музейн зохион байгуулалт, загварын шийдэл нь хараа булааж, очсон хүн бүр бусадтай хуваалцан анхдагч болохыг хүсч байна. Яг үүний ижил та ч бас загвараа боловсруулахдаа содон зүйлийг заавал оруулж өгөөрэй.

Олон нийтийн дунд мим нөлөө үүсгэ

Мим буюу "meme" нөлөө гэдэг нь олон нийтийн дунд маш хурдтай тархаж болох ярианы сэдэв, зураг гээд юу ч байж болно. Жишээ нь олон нийтийн сүлжээнд нөлөө бүхий, олон дагагчтай нэгэн эрхэм саяхан нээгдсэн шинэ ресторанд үйлчлүүлэн таатай сайхан байсан тухайгаа бичин мөн амттай харагдах хоолны зураг эсвэл story хийсэн байвал түүнийг харсан дагагч бүр тэр газарт очихыг хүсч, найзууддаа санал болгох болно. Үүнийг л мим нөлөө гэж хэлээд байгаа юм. Гэхдээ энэ нь хэн нэгнийг мөнгөөр худалдаж ав гэсэн үг биш бөгөөд таны бизнес үнэхээр чанартай бас олон нийтэд түгээж болох гоё сайхан зүйлсийг агуулсан бол мим нөлөө өөрөө л бий болно.

Эцэст нь дурдахад Бюро 24/7-ийн уншигчид ч бас "Instagram" олон нийтийн сүлжээтэй холбоотой мэдээллүүдийг уншиж, сонирхох дуртай байдаг тул бизнес эрхлэгчид "Instagram-д ээлтэй" байдлыг бизнестээ ашиглах нь зөв сонголт байна гэдэгт итгэлтэй байна.

Ц.Намуун

2018-06-14, 11:00