2021 оны веллнесс чиг хандлага: Пандемикийн үеэр бид хэрхэн эрүүл мэнддээ анхаарах вэ?
Веллнесс гэдэг ойлголт бүхэлдээ өөрчлөгдөж байна
Коронавирус бидний өдөр тутмын амьдрал төдийгүй өөртөө анхаарал тавих гэдэг зүйлийг шинээр тодорхойлж байна. Цар тахлын үеэр зөвхөн бие физиологи төдийгүй сэтгэл санааны хувьд ч веллнесс гэдэг ойлголт тэр чигээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болно. Тэгвэл 2021 онд бид хэрхэн өөртөө, эрүүл мэнддээ анхаарал тавихыг Vogue сэтгүүлийн бьюти редактор Лорен Валенти хуваалцсаныг хүргэж байна.
Дасгал хөдөлгөөн хийснээр биеийн ядаргаа тайлагдаж, стрессийн үед ялгардаг дааврын (кортизол) түвшин багасаж, аз жаргалын даавар болох эндорфин нэмэгддэг учраас карантины үеэр фитнессээр хичээллэх нь юу юунаас ч илүү чухал болоод байна. Спорт заалууд хаагдсаны улмаас хүмүүс гэрээ фитнесс студи болгон хувиргаж байгаа бол ихэнх дасгалжуулагч нар виртуал хөтөлбөрүүд боловсруулах болжээ. Бидний зүгээс зөвлөхөд та Тарин Тумигийн "The Class" хөтөлбөрт анхаарлаа хандуулаарай. Тэрээр өөрийн Tribeca студиэс долоо хоногийн долоо өдөр шууд дамжуулалт хийж, хүмүүст маш үр дүнтэй дасгалуудыг заах болно. Мөн дуучин Алиша Кизийн хувийн дасгалжуулагч Жанет Женкинс IGTV-гээр гэртээ хийх боломжтой дасгалуудыг нийтэлдэг байгаа. Эсвэл бүр нийт 200 гаруй дасгалын сонголттой Apple Fitness + гээд бидэнд эрүүл байх сонголт олон бий.
Ганц бие эсвэл хостой эсэхийг үл харгалзан тусгаарлалтын горим таны сексийн амьдрал, дур хүсэлд нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна. Цар тахлын эхэн үед Нью-Йорк муж аюулгүй сексийн хөтчийг албан ёсоор гаргасан бөгөөд үүнд гар хангалга хийхийг дэмжсэн (үүний дараа олон мужууд болон бусад улсууд тэднээс үлгэрлэсэн) байсан юм. Үүнээс хэдэн сарын дараа сексийн эрүүл мэндийн брэндүүд болон алдартнууд сексийн эерэг нөлөөг онцолсоор байгаа билээ. Жишээлбэл тэд түгшүүр бууруулaхаас эхлээд нойр сайжруулах хүртэлх сексийн таашаалын эрүүл мэндэд үзүүлдэг эерэг нөлөөнүүдийг чухалчлан ярьж байгаа юм.
"Секс (харилцан тохиролцсон), таашаал нь өөртөө анхаарал тавьж байгаагийн илэрхийлэл. Хүйс, бэлгийн чиг хандлагаас үл харгалзан насанд хүрсэн хүн бүр чанартай секс бүтээгдэхүүн авах эрхтэй" гэж Maude брэндийн бүтээлч захирал, хөрөнгө оруулагч, жүжигчин Дакота Жонсон Vogue сэтгүүлд хуваалцжээ.
Аз болоход сэтгэцийн эрүүл мэндийг дэмжсэн терапи, зөвлөгөөнүүд онлайн горимд нээлттэй хэвээр байгаа. Жишээ нь төрөл бүрийн бясалгал, сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг онлайнаар авч, ийм төрлийн хөтөлбөрүүдэд интернет ашиглан хамрагдах боломжтой.
Гормон нь бидний бие организмд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь бидний сэтгэл санаа, ерөнхий эрүүл мэндийн байдал, хүний үйл хөдлөл гормоноос шалтгаалдаг. "Даавар нь яг л сайхан атлаа заримдаа хөггүй сонсогддог аялгуут симфони хөгжим шиг. Хэт чанга, хэт сул, хэт хурдан, хэт удаан тоглох, эсвэл хоорондоо зохицохгүй байх үед хөгжим чихэнд чийртэй сонсогдож системийг бүхэлд нь доголдуулдаг" гэж Нью-Йоркийн эмэгтэйчүүдийн эмч, эх баригч Эден Фромберг ярьсан юм. Тэгвэл сүүлийн хэдэн жилд гоо сайхны салбарт гормоны мөчлөгт таардаг тусгай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд олноороо бий болсон. Тухайлбал Pause Well-Aging брэнд нь сэрүүцүүлэх үйлчилгээтэй Hot Flash зэрэг цэвэршилтийн үед хэрэглэх дэвшилтэт бүтээгдэхүүнүүд санал болгодог бол Dr. Zenovia Skincare гэх брэнд гормоны тэнцвэргүй байдлаас үүссэн батгашилтыг эмчлэх зориулалттай арьс арчилгаа, дааврын эрүүл байдлыг дэмжих, ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байгаа.
Үтрээний арчилгааны гоо сайхан урьд урьдынхаас ч илүү өсөх хандлагатай байна. 2021 онд эмэгтэйчүүдийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүд гарч, үтрээний арчилгааны үйл явцыг илүү цогцоор нь шийдэх хандлага ажиглагдаж байгаа билээ. Тухайлбал Лос-Анжелесын Looni эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн брэнд сарын тэмдгийн өвдөлтийг намдаах ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд, эндометриозын шинж тэмдгийн эсрэг бэлдмэлүүд худалдаалж байна.
CBD буюу каннабидиол гоо сайхны салбарт өргөнөөр ашиглагддаг. CBD нь түгшүүр, стрессийг намдаахаас гадна эрүүл мэндэд тустай бусад олон үйлчилгээтэй учраас ийм орц найрлагатай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж байгаад гайхах зүйл үгүй биз ээ. Тухайлбал LOUM Beauty of Calm брэндийн орц найрлагадаа органик CBD агуулсан арьсыг стресс, гадны нөлөөллөөс хамгаалах чийгшүүлэгч тосыг дурдаж болно. Мөн энэхүү тос нь давхар арьсны тослогийн ялгарлыг хянаж, үрэвсэл намдаадаг үйлчилгээтэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт