Эрүүл амьдралын хэв маяг руу шилжих гурван арга

Зөв хооллолт-дасгал-арчилгаа

Цагаан сарын баяр өнгөрсний дараа та эрүүл амьдралын хэв маягтаа эргэж орохын хүслэн болж байна уу? Тэгвэл жингээ хасч, хөнгөн нимгэн хувцсандаа бэлдэхэд тохиромжтой цаг яг одоо ирээд байгаа тул анхаарлаа хандуулаарай

Мэдээж хэрэг шинэ он солигдох мөчид та олон сайхан хүсэл шивнэсэн биз? Гэхдээ Цагаан сарын баяраар удаан амарч, хоолны бас амьдралын хэв маяг нэлээдгүй алдагдсан болохоор олон хүнд эрүүл бас гуалиг байх хүслээ шинээр дахин эхлүүлэх хэрэг  гарсан байх. Хаврын урь үнэртэж, хоёрдугаар сар дундаа орсон энэ л үед амжиж дараах гурван алхмыг хэрэгжүүлж эхэлбэл та юунаас ч хоцрохгүй байх болно. Тиймээс хорхой хүргэсэн, тослог ихтэй хоолнуудад бүгдэд нь баяртай гэж хэлээд гол асуудалдаа орцгооё.

Ихэнхи тохиолдолд Цагаан сарын үеэр хүмүүс 1-2 кг жин нэмдэг байна. Энэхүү нэмсэн жингийн дийлэнх хувийг ус эзэлж байгаа. Гэхдээ энэ нь бас ч гэж зарим талаар давуу талтай. Учир нь хүн жин хаяж эхлэхэд бие усыг түрүүлж гадагшлуулдаг болохоор хүмүүс эхний оролдлогоороо л эрчимтэй турж байна гэж ойлгодог. Ийм урам зоригтой эхлэлээр та хүсч байгаа бүх жингээ хасч болох юм.

За, тэгэхээр яг одооноос эхлээд дасгал, хөдөлгөөнд шамдахаар шийдсэн бол хамгийн түрүүнд өөрийн биеийн үзүүлэлтүүдээ тэмдэглээд аваарай. Энэ нь та хэр ахицтай явааг хянах боломж олгоно. Үүний тулд та өглөө цайгаа уухаас өмнө бүх хэмжилтээ хийгээрэй. Толинд хүн өөрийгөө илүү мяраатай хардаг байж болох ч тоо хэзээ ч худлаа хэлэхгүй. Тиймээс жин болон см-тай тууз танд туслана. Хамгийн гол нь зорьсондоо хүрч, амжилттай турахад дараах алхмууд чухал нөлөөтэй юм шүү.

Хооллолт

"Хэвлийн булчин гал тогоонд үүсдэг" хэмээх хэлц үг огт оргүй зүйл биш. Тиймээс таны амжилтын 70% нь хоолноос шалтгаална. Зөв хооллолт гэдэг үгийг та дотроо хэлсэн байх.  Гэхдээ зөв гэж нэрлэгдсэн бүх хоол сайн биш ээ. Сүүлийн үед "Зөв хооллолт" гэж юуг ч хамаагүй нэрлэсний улмаас олон төөрөгдөл гарсан. Үнэндээ зарим хүмүүс элсэн чихрийг химийн гаралтай орлуулагчаар, гурилыг цардуулаар эсвэл шингэдэггүй хүнсний зүйлээр орлуулах болж, аль нь зөв, аль нь буруу гэдгийг ялгах аргагүй болсон. Тэгэхээр өөрийгөө сонс. Таны бие махбод өөрөө танд юу хэрэгтэй байгааг хэлээд өгнө. Харин та зөвхөн анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Таны хоолны үндсэн цэсэнд байгалийн гаралтай, үйлдвэрийн боловсруулалтанд байж болох хамгийн бага хэмжээгээр өртсөн хүнсний бүтээгдэхүүн орох ёстой. Бүдүүлгээр хэлвэл, сонгодог овъёосны кааш нь бэлэн, хуурай өглөөний хоолноос хэд дахин илүү гэсэн үг. Мөн жигнэсэн үхрийн мах ямар ч утсан махнаас хавьгүй дээр сонголт юм. Байгалийн гаралтай мармелад нь шоколадтай чихэрнээс дээр бол жимс мармеладтай харьцуулашгүй сайн нөлөөтэй. Энэ бүхнийг бодоод үзэхэд хүн өөрөө юу идэж байгаагаа бага, багаар ойлгож өөртөө 100% итгэлтэй болтлоо мэдэж авах хэрэгтэй. Товчхондоо гэвэл тухайн бүтээгдэхүүнд хэр зэрэг бага зүйл орсон байна төдий чинээ сайн.

Нүүрс ус бол муу зүйл биш ээ. Тэр тос болон уурагтай л адил хүнд хэрэгцээт зүйл. Бие махбодь хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд хэрэгтэй бүх л шим тэжээлийг чанартай бүтээгдэхүүнээс авч байх ёстой. Та машиныхаа түлшийг хямд, эргэлзээтэй шатахуун түгээгүүрээс авдаггүйтэй адил өөрийн биед орж байгаа "түлшинд" ч гэсэн өндөр шаардлага тавих хэрэгтэй.

Өдөрт багадаа гурван литр ус ууж заншаарай. Энэ нь бодисын солилцоог түргэсгэж бие махбодыг цэвэрлэн, хуримтлагдсан хорт бодисоос ангижруулна. Хүнсэндээ аль болох жимс ногоо нэмж, түргэн хоолыг цэснээсээ хасаарай. Мөн тослог амттан болон спиртийн төрлийн ундаанаас татгалзах хэрэгтэй. Түүнчлэн, унтахаасаа гурван цагийн өмнө хоол идсэн байх ёстой ба оройн хоол таны хамгийн хөнгөн зоог байхаар төлөвлөөрэй.

Биеийн дасгал хөдөлгөөн

Турах амжилтын үлдсэн 20 хувь нь биеийн хөдөлгөөнөөс шалтгаалах болно. Одоогоор энергийн хуулийг хэн ч зөрчиж чадаагүй байгаа билээ. Тиймээс хүнснээс авч байгаа илчлэгээсээ бага энерги зарцуулбал хэн ч турж чадахгүй. Өдрийн турш зарцуулж байгаа энергээ ихэсгэхийн тулд дадал зуршлаа өөрчлөх хэрэг гарна. Үүний амархан жишээ бол цахилгаан шатнаас бүр мөсөн татгалзах явдал. Мөн өдрийн хоолоо албан тасалгаандаа хүргүүлэхийн оронд, арай хол зайд байрлах кафе руу алхахыг туршаад үзээрэй. Оройд 30 минутын идэвхитэй гэр цэвэрлэгээг хийдэг дадалтай болох хэрэгтэй. Энэ бүх жижиг алхмууд нэгдээд таны арьсан доор хуримтлагдсан өөхийг гэрийн тань тоос цэвэрлэгдэж дуусахаас өмнө шатаах болно.

Хэдий фитнесс клубын эрх худалдаж авах нь зайлшгүй шийдвэр байх ёстой ч гэлээ түр азнах хэрэгтэй. Эхлээд амьдралаа спорттой холбохын тулд зүрх судасны үйл ажиллагаагаа бэлдэх нь зөв юм. Өвлийн цэвэр агаар үүнд яг таарна. Цэцэрлэгт хүрээлэнгээр аль болох удаан алхаж, эд эсээ хүчилтөрөгчөөр ханган, илчлэгээ шатаахын зэрэгцээ бие махбодио сэргээгээд аваарай. Харин тодорхой хугацааны дараагаар дан ганц алхалт биед тань ачаалал өгөхөө болих үед, хөдөлгөөний илүү идэвхитэй хэлбэрт шилжих цаг ирлээ гэсэн үг юм. Яг энэ үед бидний сайн мэдэх сургуульд заадаг байсан дасгалууд хэрэг болно. Толгойгоо хазайлгах, гарын бугуйгаа эргүүлэх, хөлөө жийх, суулт гэх мэт дасгалууд тохиромжтой. Энэ цогц дасгалуудаа алхасныхаа дараа хийвэл үр дүнтэй. Ийм дэглэмээр дор хаяж хоёр долоо хоног дасгал хийсний дараа бол хаана, ямар фитнесс клубт очихоо сонгож болох юм. Таны гол зорилго бол булчингийн хэмжээг томосгох бус, булчингаа чангалан тэнцвэржүүлэхэд оршиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хавар ирж байгаа болохоор гадаа дасгал хиймээр тунгалаг өглөө таныг олон угтана гэдэгт итгээрэй.

Гоо сайхан

Арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлчилгээ авах нь зайлшгүй хэдий ч дээр дурдсан хоёр үйл явцыг тэд зөвхөн дэмжих төдий зүйлс юм. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөнгүй дан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд төдийлэн амжилтанд хүрэхгүй л болох уу. Гэсэн хэдий ч олон охид бүсгүйчүүд целлюлитийн эсрэг тос, кофены скраб зэргийг хэрэглээд л ид шидийн мэт, өөхөн давхарга багасна гэдэгт итгэсээр байдаг билээ. Хэрэв хооллолт-дасгал-арчилгаа гэдэг системээр зөв явж чадвал, сайхан болох үйл явц тань хамаагүй хурдан мөн үр дүнтэй байна. Энэ тохиолдолд гоо сайхны бүтээгдэхүүний гол үүрэг нь таны арьсыг, биеийн тань шинэ хэмжээнд дасгах, арьсны цусан хангамжийг сайжруулж өөхний эсийг түргэн шимэгдүүлэхэд оршино. Мөн та иллэг хийлгэж, саунд ойр ойрхон сууж болох юм. Гэхдээ энэ тохиолдолд иллэг хийлгэхээсээ өмнө ууранд орвол тохиромжтой. Харин ингэж арьсаа бэлтгэсний дараагаар борлуулах аппарат сонгох өөр нэг урамтай санаа бий. Наранд борлосон мэт арьс нь таны хичээл зүтгэлийн үр дүнг илүү тодотгож өгнө. Мэдээж хэрэг хамгийн чухал нь бүрэн төгс амрахаа мартаж болохгүй. Өдөрт наймаас бага цаг унтах нь таны хамаг хөдөлмөрийг нурааж орхино. Учир нь таны бие нөхөн сэргэж амжихгүй шүү дээ. Харин бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байвал сарын сүүлээр дахин хэмжилт хийж, зургаа дараарай. Ингэснээр та эхлэлээ амжилттай тавьсан гэдгээ баталгаажуулж болно.

 

Buro.Mongolia

2016-02-16, 08:00