Ногоон цайны навчийг яагаад дусал ч үлдээлгүй шахах хэрэгтэй байдаг вэ? Мөн үүнийг хэрхэн зөв хийх талаар манай нийтлэлч Калгари Авансино танд зөвлөж байна. Тэрээр Их Британийн Vogue сэтгүүлд урилгаар ажилладаг редактор ба өмнө нь тус сэтгүүлийн загвар хариуцсан болон дижитал төслийн захирлаар ажиллаж байсан, мөн эрүүл хооллолтыг эрхэмлэдэг, өөрийн туршлагаа бусдад хуваалцах дуртай хүн юм
Би танд өнөөдөр бүгд л дурлаж байгаа матчаны тухай өгүүлье. Матча гэдэг нь ногоон цайны навчийг нунтаглаж авдаг нэгэн төрлийн эмийн ургамал бөгөөд дорнын анагаах ухаанд эртнээс хэрэглэгдэж иржээ. Эрүүл мэндийг тэтгэх, гоо үзэсгэлэнг гэрэлтүүлэх шидтэй болохоор Хятадын бясалгагчид буюу даочууд, Японы зэнгийн лам нар гээд түүнийг бүгд л бахархалтайгаар олон зуун жил ууж байна. Харин орчин үед бол уутлаж, савласан матчаг хэрэглэхээр яарах гэсний хэрэггүй. Үүний оронд бүхэл навчийг хэрэглэх нь илүү ашиг тустай байх болно шүү.
Сайн чанарын нэг аяга матча бэлдэж уухын тулд ганц, хоёр цайны халбага нунтаг матчаг аяганд хийж, дээрээс нь аяганы гуравны нэгтэй тэнцэх хэмжээний ус хийнэ. Харин дараа нь энэ бүгдийг тусгай хулсан хутгуураар (сэрээгээр хийсэн ч болно) хольж, нэгэн төрлийн зуурмаг болгоно. Ингээд одоо аягаа дүүргэх үлдсэн усыг нэмэх хэрэгтэй. Ер нь бол цэвэр матча хийж уухад өндөр зэрэглэлийн чанартай орц хэрэгтэй. Арай дундаж түвшний матчад өөр нэмэлт орц, найрлага нэмж ууж болдог.
Яагаад үүнийг уух хэрэгтэй вэ гэвэл матча тэр чигээрээ антиоксидантаас бүрдэж байгаа. Тухайлбал, нэг аяга матча нь арван аяга ногоон цай уусантай тэнцэх шим тэжээл өгнө. Үүнээс гадна матча дараах ач тустай чанараараа алдартай. Тэр сэтгэл санаа тайвшруулж, тархи амраах бөгөөд ой тогтоолт, анхаарал төвлөрлийг сайжруулж, эрч хүчээр тэтгэнэ. Мэдээж мөн дархлааг дэмжиж, бодисын солилцоог идэвхижүүлдэг. Тэгэхээр ганц аяга цай гэхэд муугуй үр дүн өгдөг байгаа биз?
Ингээд зогсохгүй матчанд коффейны хэмжээ маш бага. Нэг аяга кофенд агуулагдах коффейны хэмжээ 95-200 мг байдаг. Мөн нэг аяга хар цайнд ойролцоогоор 70 мг хүртэлх коффейн ордог бол, нэг аяга матчанд 24-60 мг л агуулагдана. Эртнээс нааш хүмүүс матчаг шүтэж ирсний хамаг учир нь түүнд байдаг L - теанин гэх бодист оршдог аж. Энэхүү бодис нь хүнд сэтгэл тогтуун байх мэдрэмж төрүүлдэг бөгөөд ухаан саруул байхад нэмэртэй байдаг юм. Тиймээс л төвлөрлөөр, бясалгалаар дамжуулж гэгээрч, хоромхон зуур тохион ирэх саторид тэмүүлдэг өнөөх зэнгийн мэргид матчаг таашаан уудаг ажээ.
Харин орчин үеийн, эгэл жирийн хүмүүс бид матча уухад дээрх бүх сайн чанарыг аваад зогсохгүй, кофе уусны дараа "зүрх салгалах" мэдрэмжийг мартаж болно. Дээрээс нь матча маш амттай. Эцэст нь сануулан хэлэхэд энэхүү ундааг унтахаасаа өмнө уухгүй байхыг зөвлье. Учир нь матча бага боловч коффейнтой. Тиймээс бага насны хүүхдэд амсуулаад хэрэггүй шүү. Хэрэв та яг одооноос матчаны амтыг мэдэрч үзэхээр шийдсэн бол танд хэрэг болох доорх брэндүүдийн бүтээгдэхүүнийг санал болгох байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт