Panic attack буюу сандрал дайралт: Хэрхэн илрүүлж, даван туулдаг болох вэ?

Мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалч Тата Феодориди сандрал дайралтын шинж тэмдэг болон нөхцөл байдлыг хэрхэн удирдах талаар ярилаа.

Айдас бол хүний хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлд тооцогддог. Айдас мэдрэх үед бидний бие махбод хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд энэ нь гарын алга хөлрөх, хөл чичрэх, амьсгал давчдах зэргээр илэрдэг. Эдгээр шинж тэмдэг нь хүн сандралд автаж байгааг илтгэдэг бөгөөд хүний эрүүл мэндэд ямар нэг хор хөнөөлгүй, бүрэн удирдах боломжтой үйл явцад тооцогддог юм.


Хүн яагаад сандрал дайралтад ордог вэ?

Сандрал дайралт нь айдсын ноён оргил гэж тодорхойлдог. Энэ нь зөвхөн өндөр мэдрэмтгий, эмзэг хүмүүст тохиолддог гэж үздэг зарим мэргэжилтнүүд ч бий. Уг үзэл бодол нь үнэний ортой ч хүн зүгээр нэг сандрал дайралтад автдаггүй ба энэ нь өөрийн гэсэн шалтгаан, механизмтай байдаг тул хүн бүр энэхүү сэтгэл зүйн дайралттай тулгарах боломжтой юм.

Өвчтөнүүд сандралд автсан үеэ "хоосноос гарч буй чимээ" хэмээн тайлбарлах нь элбэг ба уг үйл явцыг шалтгаангүй тохиолдсон гэж тодорхойлдог. Гэвч паниканд ороход хүргэсэн шалтгаан үргэлж байдаг бөгөөд энэ нь өмнө тохиолдож байсан сэтгэл түгшээсэн дурсамжууд эсвэл айдас төрүүлэм ямар нэг өдөөгчөөс болдог байна. Тэгвэл тэрхүү өдөөгч болон түүнээс улбаалсан сэтгэл зүйн байдал хэрхэн үүсдэг талаар шат дараатай тайлбарлая.


1. Хүний амьдралд ямар нэг хар толбо үүсэх үед сандрал дайралт үүсэх суурь тавигддаг. Тухайлбал, та маш халуун зуны улиралд автобусанд явж байхдаа ихээр халууцаж, шингэн алдсанаас болж ухаан алдлаа гэж бодъё. Энэхүү сөрөг дурсамж нь таны ой ухаанд "автобус = муу зүйл" гэсэн айдас дагуулсан өдөөгч болон үлддэг байна. Хэрэв тухайн хүн автобусанд ухаан алдсан шалтгаанаа (халуун, бүгчим, хоосон ходоодтой явсан гэх мэт) олж тогтоосон бол бидний тархинд "ухаан алдах" болон "автобус" гэх үгнүүдийг холбож ойлгох суурь нь бүрдэхгүй юм. Харин шалтгааныг нь тогтоохын оронд аль болох муухай дурсамжаа мартах гэж хичээх нь сандрал дайралтад орох магадлалыг ихэсгэдэг билээ.

2. Энэхүү үйл явдал тохиолдсоноос хэдэн жилийн дараа тухайн хүн аагим халуун үед ахин автобусанд суулаа гэж бодъё. Тэрээр өмнө тохиолдсон хар дурсамжаа санан айдаст автдаг.

3. Айдсаас шалтгаалан зүрхний цохилт хурдсаж, амьсгал давхцаж эхэлнэ. Энэ үед хүн «Дахиад л ухаан алдах нь. Нөгөө зүйл эхэлж байна даа» хэмээн тохиолдлыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж хичээх нь байдлыг улам дордуулдаг байна.

4. Үр дүнд нь цусан дахь адреналины түвшин ихсэж, бие махбод тухайн нөхцөл байдлыг аюултай гэж тодорхойлдог. Ингэснээр сандрал дайралтын шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Үүнд:

- зүрхний цохилт хурдсах;

- даралт ихсэх;

- сульдах;

- харааны үзэгдэх орчин хязгаарлагдах;

- үе мөчний үзүүрүүд чичрэх эсвэл мэдээ алдах;

- толгой эргэх;

- агаар дутагдах;

- хөлс маш ихээр ялгарах эсвэл даарч байгаагаар мэдрэх;

- цээж, хэвлий болон ходоодны хэсэгт даралт мэдрэгдэх зэргүүд орно.

Эдгээр шинж тэмдгүүд нэг болон түүнээс дээш удаа тохиолдох нь эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэж үздэг ба таныг ухаан алдахад хүргэхгүйн сацуу зүрхний өвчин эсвэл хавдар үүсэх шалтгаан болохгүй.


Сандрал дайралт аюултай юу?

Дээр дурдсанчлан сандрал дайралт нь хүний бие махбодод үзүүлэх шууд сөрөг нөлөөгүй. Уг сэтгэл зүйн дайралтыг туулж дуусмагц сэтэл зүй, зүрх, уушги гэх мэт эрхтнүүд бүгд "байр байрандаа орцгоодог".

Гэсэн ч сандрал дайралт нь том асуудалд тооцогддог бөгөөд биед жинхэнэ өвдөлт мэдрэгддэг. Хэрэв хүн сандралд автах болсон шалтгаан болон түүнийгээ хэрхэн удирдах талаар олж мэдээгүй тохиолдолд паниканд орж өнөөх өвдөлтөө ахин мэдрэхээс айн тодорхой газар болон нөхцөл байдлаас зугтааж эхэлдэг. Паник дайралтад орох нь олшрох тусам айдсын тоо, төрөл нь ихсэж хүн өөрийгөө аль болох тусгаарлан, аюулгүй орчноо бий болгож улмаар өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг байна.


Сандрал дайралтыг хэрхэн даван туулах вэ?

Өөртөө туслах арга нь хоёр төрөлд хуваагддаг. Нэг нь, сандрал дайралтад орсон үед авах арга хэмжээ ба нөгөө нь, сандрал дайралт тохиолдохоос өмнө авах урьдчилан сэргийлэх аргууд юм.


Сандрал дайралтад орсон үед яах ёстой вэ?

Энэхүү сэтгэл зүйн дайралтыг даван туулахын тулд юуны өмнө сандрал дайралтын үе шатыг ойлгох хэрэгтэй. СД-г нийт зургаан үед хуваадаг. Үүнд:


1. Айдсын үе

2. Айдсаас болж биед шинж тэмдгүүд илрэх (хөлрөх, зүрх хурдан цохилох гэх мэт)

3. Биед илэрч буй шинж тэмдгүүдээс айж айдсын ерөнхий түвшинг ихэсгэх

4. Биед илрэх шинж тэмдгүүд хүндрэх

5. Илрэх шинж тэмдгүүдээс айх айдас хүндрэх

6. Сандрал дайралтад орох

Арга хэмжээг гуравдугаар шат эхлэхээс өмнө авах хэрэгтэй ба эхний хоёр шат тохиолдох нь энгийн үзэгдэлд тооцогддог бөгөөд заавал сандрал дайралтаар дуусах албагүй юм. Тиймээс шинж тэмдгүүд илрэх тохиолдолд "Би юунаас айсан бэ?" "Урьд нь хэзээ ийм зүйл тохиолдсон бэ?" зэргийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Харин дараа нь айх бол энгийн сэтгэл хөдлөл бөгөөд надад мэдрэгдэж байгаа шинж тэмдгүүд нь байх ёстой хариу үйлдэл гэдгийг санаж оюун санаагаа чөлөөлөх ёстой.

Хэрэв хүчил төрөгчгүй мэт санагдаж амьсгаа давчдах шинж тэмдэг илэрвэл аль болох тайван байж хүн хэзээ ч амьсгалах агааргүй болох боломжгүй гэдгээ санаарай. Учир нь хүн өөрийгөө эл байдлаар хөнөөх чадваргүй, боломжгүй гэдгийг сэтгэл засалч онцолсон юм. Амьсгаадах үед уушги маш их агаараар дүүрдэг ба тархинд хүчил төрөгчийн дутагдалд орж байгаа гэсэн худал дохиог илгээдэг бөгөөд айхын оронд аль болох удаан, бага багаар гүнзгий амьсгал авах нь байдлыг дээрдүүлдэг байна.


Сандрал дайралтад орохгүйн тулд яах ёстой вэ?

Амархан түгшдэг хүмүүс ихэнхдээ хоёр туйлт байдлаар сэтгэдэг. "Бүх юм сайхан болно" эсвэл "бүх юм муу болно" гэх мэт. Тиймээс мэргэжилтнүүд харах өнцгөө баяжуулж үйл явдлаа олон талаас нь дүгнэхийг зөвлөдөг юм. Үүний тулд та цаасан дээр аливаа үйл явдлын талаар дэлгэрэнгүй бичин тухайн нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаараа арваас дээш хувилбар жагсааж, өөрийгөө хэн нэгний оронд (хөрш, нөхөр, хүү, уран зохиолын баатар гэх мэт) тавин "Энэ нөхцөл байдалд тэд юу хийх байсан бол?" хэмээн асууж сургуулилдаг байна.

Мөн өөрийнхөө түгшилт, айдас, сандралын шалтгааныг олж тогтоох нь анхаарах ёстой зүйлүүдийн нэг билээ. Үүний тулд та өөрийгөө сандрал дайралтын хоёрдугаар шатнаас гарган авч түгшилтийн эх сурвалжийн эрэлд мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчийн хамт гараарай.

Buro.Mongolia

2021-08-12, 13:00