Парадоксик нойргүйдлээс сэргийлэх аргууд

Эрт орондоо орж, бүхэл шөнөжин унтсан боловч өглөө босохдоо огт унтаагүй юм шиг нойрмог, сульдсан, нозоорсон мэдрэмж авч байсан уу? Өглөө сэрсний дараа эрч хүчээр сэлбэгдэх ёстой байтал яг эсрэгээрээ бүхэл шөнийн турш цурам хийлгүй ажиллачихсан мэт тархи өвдөж байвал та нойргүйдлийн асуудалд оржээ гэсэн үг. Гэхдээ унтсан ч унтаагүй юм шиг санагддаг энэ төрлийн нойргүйдлийг “парадоксик нойргүйдэл” гэж нэрлэдэг. Энэ нь нойргүйдлийн асуудалтай хүмүүсийн ердөө тавхан хувьд тохиолддог хөнгөн эмгэг ч гэлээ яаралтай арга хэмжээ авахгүй бол ужгирах аюултай. Нэг зүйлд хэт их санаашрах, болоогүй зүйлийн тухай урьдаас сэтгэл чилээх, стрессийн түвшин нэмэгдэх, хийсвэр догдлол эсвэл айдас түгшүүрт автах үед парадоксик нойргүйдэлд өртөх магадлал хамгийн их байдаг гэнэ.

Парадоксик нойргүйдлээс сэргийлж, нойрныхоо чанарыг сайжруулах замаар тархи болон биеэ амраахыг хүсвэл эмчийн зааврын дагуу мелатонин гэх нойрыг идэвхжүүлдэг дааврын бэлдмэлийг уух нь хамгийн энгийн үр дүнтэй арга юм. Үүний дараа сэтгэл санаагаа тайван байлгаж, биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх, унтахын өмнө элдэв зүйлс бодож төлөвлөхгүй байх, гар утас, зурагт, компьютер үзэхгүй, хүнд хоол идэхгүй байх зэрэг нийтлэг зөвлөгөөнүүд орно.

Эдгээрээс гадна “парадоксик оролдлого” гэх шалгарсан арга бий. Энэ нь унтах гэж албан хүчээр хичээхийн оронд унтахгүй байх гэж хичээх сэтгэлзүйн хууралтын арга юм. Үнэхээр бие тань унтахад бэлэн болж, нүд тань анилдах хүртэл ороо засахгүй, тааз ширтэж хэвтэхгүй, сайн унтана шүү гэж өөрийгөө албадахгүйгээр ухаан санаагаа өөр бодолд чиглүүлж, нэгэн хэвийн удаан хэмнэлтэй ямар нэг зүйлд анхаарах нь нойргүйдлийн эсрэг эерэг үр дүнг бий болгодог гэдгийг судлаачид тогтоожээ. Бөх нойрсож чадахгүй байгаагаа бодож бухимдах нь энэ эмгэгийг сэдрээх үндсэн нөхцөл болдог учраас нойргүйдлийн тухай айдаст бодлыг тархиндаа дамжуулалгүйгээр тэс хөндлөн зүйл бодож, тархиа амраагаад үзээрэй. Зуун хонь тоолж, ягаан зааны тухай бодож суутал өөрийн эрхгүй эвшээлгэвэл парадоксик оролдлого тань амжилттай болжээ гэсэн үг юм.

Buro.Mongolia

2023-04-28, 12:42