Тавдугаар сарын зурхай: Зөн совин, дотоод сэтгэлээ сонсох цаг үе ирж байна

Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2024 оны тавдугаар сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.


Хонь

Тавдугаар сар таны хувьд зорилго, ирээдүйн төлөвлөгөөнүүдээ чухалчилсан онцгой саруудын нэг байх болно. Энэ сарын эхээр найз нөхөдтэйгөө уулзаж, хүмүүстэй харилцаа тогтоож, нийгэмшилдээ анхаарах хэрэгтэй. Дэлхий ван гараг тавдугаар сарын 2-ны өдөр ухрах хөдөлгөөн хийснээр ажил мэргэжил, карьер дээрээ томоохон алхам хийх үе тохиох болно. Хэрвээ та улсын байгууллагад ажилладаг бол удаан хугацааны турш зогсонги байдалд байсан, хийгээгүй орхисон ажлууд тань эргэн сөхөгдөж асуудал үүсэх, өөрөөс тань дээд албан тушаалтан таныг хэт удирдах гэж оролдох магадлалтай. Иймд ажлуудаа маш нягт нямбай хийж, өөрийгөө батлан харуулаарай. Шинэ сар энэ сарын 7-ны өдөр гарах үед орлого ашгийн үүд хаалга нээгдэх өндөр магадлалтай. Сарын дунд үеэс үр хүүхэдтэй хонины ордынхон хүүхдийнхээ сургууль соёл, нийгэмшилд анхаарч, тулж ажиллах үе ирэх тул хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлагыг сайн сонсоорой. Мөн санхүүгээ сайтар тооцоолж, үрлэг зарлагаа хянаж, хэрэггүй зүйлд мөнгө бүү үр.

Тавдугаар сарын 20-нд нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил төрөл, хамт олны уур амьсгал дээрдэж эхэлнэ. Тийм учраас ажил дээрээ хэн нэгэнтэй үл ойлголцох, эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхий. 23-ны өдөр сар нумын ордод битүүрснээр аз туршсан үйлдлүүд хийхэд нэн таатай байна. Итгэл үнэмшил тань олон боломжуудыг нээж өгч, зоригтой шийдвэр гаргахад тань тусална. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд өмнө нь хараагүй олон саадуудыг олж харж, бусдаас авах ёстой байсан өр шир, эд бараа гэх мэт зүйлсээ олж авна. Түүнчлэн ойрын аялалд гарах боломж өндөр байна. Сарын сүүлээр санхүүгийн байдал тань тогтворжиж эхэлнэ. Шинэ ажлуудыг эхлүүлэх, шинэ унаа тэрэг худалдан авах, шинэ зүйл сурах зэрэг олон эерэг өөрчлөлтүүд тохионо. Энэ үеэр мөн мэдрэмж, зөн совин тань сайжирч зүүд нойроороо олон чухал мэдээллүүдийг олж авах боломжтой.

Үхэр

Энэ сарын эхээр ажил төрөл тань эерэг нааштай байж, тээр болж байсан асуудлууд жигдэрч эхэлнэ. Тавдугаар сарын 7-нд шинэ сар гарах үеэр удаан хугацааны турш төлөвлөж байсан ажлуудаа эхлүүлж, эрүүл мэндээ үзүүлэхэд нэн таатай үе тохиож байна.

Сарын дунд үеэр буюу Буд гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийж эхлэхэд өмнө нь үл ойлголцож байсан хүнтэйгээ учир зүйгээ ололцож, шийдэгдэхгүй байсан ажил, асуудлуудын гарц гаргалгааг олох болно. Ингэснээр танд дутуу байсан зүйлс нөхөгдсөн мэт мэдрэмжийг өгөхийн зэрэгцээ олон эргэлзээтэй асуудлуудын хариултыг олж авна. Мөн харилцаа холбоо нэлээд идэвхжиж удаан хугацааны турш яригдаж байсан ажлууд эргэн гарч ирнэ. Түүнчлэн эв түнжин муутай байсан хосуудад ч мөн адил эвлэрэх, харилцаагаа сайжруулах чухал үе ирж байна. Нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр санхүүгийн асуудал тань цэгцэрч, эерэг өөрчлөлтүүд тохионо. Энэ үеэр үнэт эдлэл худалдаж авбал маш таатай. Гэвч гэр бүлийн амьдралд тань санхүүгийн асуудал үүсэх боломжтой учир үрлэг зарлагаа танавал зохистой. Тавдугаар сарын 23-нд сар нумын ордод битүүрэх үеэр танд тулгарч буй сэтгэл зүйн асуудлууд, дотроо тээж явдаг бодлуудаа цэгцлэхэд нөлөөлнө. Хостой хүмүүс гэр бүлийн хүнтэйгээ маш сайн ярилцаж, ойлголцох шаардлагатай бол ганц бие хүмүүс сэтгэл зүйн тогтворгүй, тааламжгүй байдлыг мэдэрнэ. Тиймээс энэ үеэр таныг юу тавгүй болгож байна гэдгийг ухаарч, дотоод сэтгэлээ сонсох хэрэгтэй. Нөгөөтээгүүр маш олон боломж, удаан хугацааны турш мөрөөдөж явсан зүйлсээ биелүүлэх мөч тохионо. Шинэ ажлын санал орж ирэх, удаан хугацааны турш бүтэхгүй байсан ажлууд бүтэх, шинэ санаа төрөх гэх мэт олон сайхан боломжууд тохиож, санхүүгийн байдал тань тогтворжино. Сарын сүүлээр Бархасбадь гараг ихрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийх үеэр хоол хүнсэндээ өөрчлөлт оруулж, зарим үед ашиггүй худалдан авалтаа танах хэрэгтэй гэдгээ ухаарна. Санхүүгийн байдал тань өдөр өдрөөр дээшилж, та олсныхоо хэрээр санаа зоволгүй үрэх нөхцөл бүрдэнэ.

Ихэр

Сарын эхээр Дэлхийн ван гараг ухрах хөдөлгөөн хийхэд үзэл бодол, сонирхол, дотоод сэтгэл зүйд тань томоохон өөрчлөлт гарч, сэтгэлдээ тээж явдаг хуучны дурсамжтайгаа нүүр тулах хэрэгтэй болно. Тиймээс өөртөө итгэлтэй байж, дотор хүнээ сайтар сонсоорой. Тавдугаар сарын 7-ны өдөр шинэ сар үхрийн ордод гарснаар өөрийнхөө сул талуудыг олж харж, ажил төрөл, хувийн амьдралд тань яг юу болохгүй байгааг олж мэднэ. Нөгөөтээгүүр энэ үеэр ямар нэгэн сувилал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, өөртөө анхаарал хандуулж амарвал зохистой.

Сарын дунд үеэс эхлэн сэтгэл зовоосон ажлуудаасаа түр ч болов амсхийж гэр бүлдээ цаг гарга. Энэ үеэр томоохон гэрээ хэлэлцээр хийх, хэн нэгэнд амлалт өгөх хэрэггүй. Төлөвлөгөөнүүдээ сайтар гаргаж, өөрөө өөртэйгөө ярилцах хэрэгтэй. Нар ихрийн орд руу ирэхэд хамгийн эерэг боломжууд нээгдэж, эрч хүч, энергиэр бялхана. 23-ны өдөр бүтэн сар нумын ордод гарахад хүн хоорондын харилцаа, холбоо илүү ойлгомжтой болж, хэнтэй яаж харилцахаа ухаарч эхэлнэ. Ингэснээр та хүмүүст маш их таалагдаж, үүний зэрэгцээ хүнтэй их ярилцах, тэднийг сонсох боломжууд гарч ирнэ. Мөн энэ үеэр өөртөө юм худалдаж авч, өөрийгөө баярлуулах хэрэгтэй. Сарын сүүлээр хамгийн эерэг гаргуудын нэгт тооцогддог Бархасбадь гараг таны орд руу ирэх үед маш эерэг өөрчлөлтүүд тохиох ба ажил үйлс тань цэгцэрч, карьер дээр тань шинэ боломжууд гарч эхэлнэ.

Мэлхий

Сарын эхээр итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл, бусадтай харилцах харилцаа, гэр бүлийн дотоод үйл явдал, сэтгэл зүйн асуудлууд гэх мэт чухал зүйлс дээр тань өөрчлөлт ирнэ. Гэнэтийн айдас, стресс, салалттай холбоотой асуудлууд эргэн сөхөгдөх боломжтой. Энэ үеэр харилцаа холбоо дээр тань ямархуу нөхцөл байдал үүсэж байна вэ гэдгийг эргэн харах нөхцөл бүрдэнэ. Энэ сарын 7-нд шинэ сар үхрийн ордод гарах үеэр хэтийн зорилгоо тодорхойлсон алхмыг хийх хэрэгтэй. Тухайлбал шинэ ажилд орох, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх, олон хүнийг хамарсан ажил зохион байгуулахад тун таатай үе. Үр хүүхэдтэй холбоотой асуудлуудыг ч шийдэхэд нэн тохиромжтой.

Сарын дунд үеэр өмнө нь зорьж байсан олон төлөвлөгөөнүүдээ ажил хэрэг болгох боломж гарч ирнэ. Бусдаас өвөрмөц сэтгэж, бусдыг өвөрмөцөөр харах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн дотоод сэтгэл зүйгээ сайтар сонсож ах дүү, хамаатан садантайгаа харилцаа холбоогоо сайжруулах хэрэгтэй. Тавдугаар сарын 20-нд нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр амралт авч, өөрийгөө хайрлаж, эрч хүчээ нөхөөрэй. Энэ үеэр сүм хийдээр орох, амралтад явах, ойрын аялалд гарахад таатай. Тавдугаар сарын 23-нд сар битүүрэх үед эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын хэв маяг, санхүүгийн асуудал, өр зээлээ цэгцлэх боломж тохиолдоно. Эрүүл мэндийн хувьд удаан хугацааны турш асуудалтай байсан хүмүүс эергээр шийдэж чадна. Энэ өдөр мөн Сугар гараг байршлаа сольж ихрийн ордод ирж байгаа тул зүүд нойр, зөн совингоо сонсох хэрэгтэй. Санхүүгийн хувьд их хэмжээний мөнгө үрэх, хэн нэгэнд гэнэн байдлаар итгэх, хууртагдахаас болгоомжил. Сарын сүүлээр ажил мэргэжил, албан тушаалтай холбоотой асуудлууд үүсэх магадлалтай бөгөөд хэн танд хор учруулж, таны ардуур худал ярьж байгаа гэдгийг олж мэдэх боломжтой.

Арслан

Тавдугаар сарын 2-ны өдөр Дэлхийн ван гараг хумхын орд руу ухрах хөдөлгөөн хийнэ. Арслан болон хумхын ордууд харалдаа оршдог тул харилцаа холбоо дээр тань тодорхой хэмжээний асуудлыг татах болно. Энэ үеэр эр эмийн харилцаа тогтворгүй болж, ажлын түншүүдтэй холбоотой харилцаа хурцадмал болох магадлалтай. Цаашлаад сэтгэл санаа таагүй болж дотоод хүнтэйгээ ярилцах шаардлага тулгарна. Үүнээс улбаалан гэр бүлийн амьдрал, ажил төрлийн асуудлууд дарамт үүсгэж, ачаалалтай санагдаж эхэлнэ. Тавдугаар сарын 7-ны өдөр ажилгүй байсан хүмүүс шинэ ажилд орж, тогтсон ажилтай хүмүүсийн хувьд шинэ төсөл эхлүүлбэл маш амжилттай болно. Ийнхүү ажил, амьдрал тань илүү тогтворжиж, сэтгэл хангалуун өдрүүд ирнэ.

Сарын дунд үеэр бичиг цаасны ажлууд, тамга тэмдэгтэй холбоотой шийдэх ажлууд гарч ирнэ. Хүнтэй их уулзаж, олон газар луу явах шаардлагатай болно. Албан тушаал дэвшье гэж бодож байвал байр сууриа ахиулах боломж өндөр байна. Үүний зэрэгцээ гэр бүлийн шийдэгдээгүй байсан асуудлууд анхааралд орж эхэлнэ. Нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр нийгэмд эзлэх байр суурь тань илүү баттай болж, зорилго тэмүүлэл идэвхэжнэ. Үр хүүхэдтэй арслангийн ордныхны хувьд хүүхдийнхээ боловсрол, нийгэмшилд анхаарснаар эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Сугар гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр амьдрал тань илүү аз жаргалтай, хөгжилтэй болж, найз нөхөдтэйгөө уулзана. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнтэй танилцаж, болзох магадлал өндөр. Сарын сүүлээр сэтгэл санааны хувьд амар амгаланг мэдэрч хүндхэн асуудлуудыг төвөггүй даван туулж чадна. Мөн удаан хугацааны турш авахыг хүсэж байсан зүйлсээ өөрийн болгож чадахын сацуу орлого ашгийн үүд хаалга тань нээгдэж байна.

Охин

Сарын эхээр гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж, үл ойлголцож, үүнээс улбаалан төвөгтэй дарамт шахалтыг мэдрэх магадлалтай. Ганц бие хүмүүсийн хувьд дээд албан тушаалтан, хамаатан садантайгаа маргалдах боломж өндөр. Тиймээс энэ үеэр хэн нэгэнтэй зөрчилдөхөөс болгоомжил. Тавдугаар сарын 7-нд шинэ сар үхрийн ордод гарах үеэр гадаад улс руу зорчих, сургуульд сурах гэх мэт гаднын улс оронтой холбоотой сураг дуулна.

Сарын дунд үеэс бусадтай ярилцах, чухал шийдвэр гаргах, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулахад таатай. Олон нийтийг хамарсан ажил зохион байгуулах, илтгэл тавих, хэн нэгнийг ятгах чадварууд тань нэмэгдэнэ. Нөгөөтээгүүр амлалт өгөх, худал ярихаас болгоомжил. Нар байршлаа солих үед ажил төрөл, карьер дээрээ анхаарлаа хандуулж, албан тушаал, байр сууриа бататгах хэрэгтэй. Энэ үеэр шинэ ажил эхлүүлэх, шинэ зүйл сурах хүсэл тань нэмэгдэнэ. 23-ны өдөр бүтэн сар гарах үед гэр бүлийн дотоод уур амьсгал сайжирч, амьдарч буй орчноо солих, нүүж суух нөхцөл бүрдэнэ. Мөн удаан хугацааны турш ажиллаж байсан ажлынхаа үр шимийг хүртэж, магтаал сонсох боломжтой. Сугар гараг ихрийн орд руу шилжих үед ажил мэргэжлээрээ дамжуулан хууль, улсын байгууллагатай холбоотой ажлуудаа шийдэхэд тохиромжтой. Сарын сүүлээр шинэ бизнес эхлүүлэх, орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай тул маш анхааралтай, няхуур хандаарай. Мөн энэ үеэр ажил дээр тань үүсээд байсан саад тотгоруудыг олж харахын зэрэгцээ хүмүүсийн үнэн мөн чанар, дотоод төрхийг олж харна.

Жинлүүр

Тавдугаар сар таны хувьд тэр чигтээ харилцаа холбоо идэвхтэй чухал сар байх болно. Энэ сарын 2-ны өдөр Дэлхий ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр үр хүүхэдтэй холбоотой сэтгэл зовоосон асуудлуудаас ангижирна. Хүүхдээ хэтэрхий их хянаж, юу хийхийг нь шаарддаг бол тэр зангаа засах хэрэгтэй. Ганц бие хүмүүс хобби, хийж байгаа зүйлсээсээ аз жаргалыг мэдэрч, айдсаа даван туулна. Ажил хэрэг тань танаас сэргэлт, бүтээмж шаардаж байгаа тул ажилдаа дарагдалгүйгээр бүтээлч сэтгэлгээгээ ажиллуулаарай.

Сарын дунд үеэр Буд гараг үхрийн ордод шилжих хөдөлгөөн хийснээр хүмүүсийн нууцыг олж мэдэх, өөрийнхөө сул талуудыг олж харах боломжтой. Нар ихрийн орд руу шилжих үед олон саадтай мэдрэмжүүдийг давж, эерэг шийдлүүдийг олж эхэлнэ. 23-ны өдөр бүтэн сар гарах үеэр шинэ зүйл сурах, шалгалт өгөх, хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх боломжтой үе тохиож байна. Сугар гараг байршлаа сольж ихрийн ордод ирэх үеэр хийж дуусгаагүй зүйлсээ дуусгахад таатай. Бүтэн сар гарсны дараа ажлууд тань шил дараалан саадгүй бүтэж, эерэг холбоосуудыг үүсгэж эхэлнэ. Харин хэн нэгнээс тусламж гуйх шаардлага гарвал бүү цааргалаарай. Сарын сүүлээр яг юу хийх ёстойгоо илүү ойлгож, өөрийгөө зөв зам руу чиглүүлж, сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаж чадна.

Хилэнц

Тавдугаар сарын 2-ны өдөр Дэлхий ван гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр орон байр, гэр бүлтэй холбоотой өөрчлөлтүүд үүснэ. Орон байраа солих, өөрчлөх, янзлах шаардлагатай тавилгуудаа засах хэрэгтэй бөгөөд үүнээс улбаалан гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой таагүй уур амьсгалыг татах боломжтойг анхаарна уу. Олон хүмүүсийг хамарсан, нийгэм рүү чиглэсэн ажил эрхэлдэг бол шинэ сар үхрийн орд руу гарах үед удаан хугацааны турш төлөвлөж байсан ажлаа эхлүүлэхэд тохиромжтой. Ганц бие хүмүүс энэ үеэр харилцаа холбоо дээрээ анхаарлаа хандуулж, харьцаж байгаа хүнээ сайтар ажиглаж, цаашид болзох эсэхээ шийдээрэй.

Сарын дунд үеэс эхлэн өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурахад маш таатай. Нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үед дотоод сэтгэл тань өөрчлөгдөж, хүнтэй яаж харилцах, хүний арга эвийг хэрхэн олох талаар ойлгоно. Хэрвээ та хэн нэгнээс салсан бол салалтын өв хөрөнгөө өөрийн болгож чадна. Мөн бодол санааны хувьд шинэ түвшинд очих магадлалтай учир сэтгэл судлаач, үзмэрч дээр очиход тохиромжтой ба мөн өөрийнхөө мэдэхгүй байсан зүйлсийнхээ гарц гаргалгааг олж, олон нууцуудыг олж мэдэх боломжтой. Бүтэн сар нумын ордод гарах үеэр санхүүгийн асуудлууд шийдэгдэж, ямар өөрчлөлт хийвэл үрлэг зарлагаа тогтворжуулж чадах вэ гэдгээ ухаарна. Санхүүгийн шинэ үүд хаалга нээгдэж, ашиг орлогын өөр боломжуудыг олж харна. Үүнд гэр бүлийн болон ойр дотнын хүн тань туслах магадлалтай. Тавдугаар сарын 23-нд Сугар гараг ихрийн орд руу шилжих үеэр өв хөрөнгөтэй холбоотой асуудлууд байсан бол нааштай шийдэгдэнэ. Харин сарын сүүлээр өр шир, банктай холбоотой асуудлууд санааг тань зовоож эхлэх магадлалтай учир хэн нэгнээс мөнгө зээлэх хэрэггүй.

Нум

Дэлхий ван гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр бодол санааны хувьд өөрчлөлт мэдэрч, бага зэрэг сөрөг бодлуудыг сэтгэлдээ тээх магадлалтай. Тэр үеэр аль болох эерэг зүйлсийг бодож, сэтгэлээ амар байлгаарай. Орон байраа өөрчлөх, зарах аль эсвэл өмнө нь хийж зүрхэлдэггүй байсан зүйлсээ хийж, айдсаа даван туулна. Гэр бүл, хамаатан садантай холбоотой асуудлууддаа анхаарах хэрэгтэй ба тэдэнтэй холбоотой хэл ам үүсэж магадгүй учир маргалдаж, зөрчилдөхөөс аль болох зайлсхий. Тавдугаар сарын 7-нд шинэ сар үхрийн ордод гарах үеэр эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө амраа.

Сарын дунд үеэр эрүүл мэнд, зүүд нойр, сэтгэл санааны хувьд эмзэг болох магадлалтай. Нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил төрөл идэвхтэй болж, эерэг холбоосуудыг татах учир та илүү өөртөө итгэлтэй болж, өөрийгөө хайрлаж эхэлнэ. Харилцаа холбоо эрчимжиж байгаа тул гаднын улс руу аялах, ойрын аялалд явах боломж нээлттэй байна. Бүтэн сар нумын ордод гарах үеэр удаан хугацааны турш сэтгэлд тань булшлагдсан асуудлуудыг өөрөөсөө тавьж явуулж, ирээдүйгээ төлөвлөх шаардлагатай. 23-ны өдөр Сугар гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцаж, хосын харилцаа үүсгэх боломжтой. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд үл ойлголцол үүсэх, зөрчилдөх магадлалтай учир нэгнээ ойлгож, уян хатан хандах хэрэгтэй. Сарын сүүлээр таны ордыг удирддаг Бархасбадь гараг ажил үйлс, амьдралд тань эерэг боломжуудыг татаж, мөнгө санхүүгийн үүд хаалга нээгдэхэд туслах болно.

Матар

Энэ сарын эхээр ажил үйлс, харилцаа холбоонд тань томоохон өөрчлөлтүүд гарна. Хэн нэгний үгэнд итгэх, ятгалгад автахаас болгоомжилж, маш бодлоготой байх хэрэгтэй. Өөрийнхөө зорилго тэмүүлэл, мөрөөдөлд тууштай хандаж, дотоод хүнээ сонс. Бодож байгаа зүйлс тань нэг л мэдэхэд биеллээ олно. Ямар нэгэн зүйл шинээр сурах, бүтээх, өөрчлөхөд таатай. Энэ үеэр машин тэрэгтэй холбоотой саад, асуудлууд учрах боломжтойг анхаарна уу. Тавдугаар сарын 7-нд шинэ сар гарснаар бүтээлч байдал нэмэгдэх учир зорьж байгаа зүйлээ эхлүүлбэл маш тохиромжтой. Үр хүүхэдтэй хүмүүсийн хувьд хүүхдийнхээ боловсролд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Сарын дунд үеэс шийдэгдэхгүй удсан асуудлуудын учир олдож эхэлнэ. Тиймээс зоригтой алхам хийж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Шинэ санаа төрж, шинэ зүйл хийх хүсэлд автах магадлал өндөр. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй романтик харилцаа холбоо тогтооно. Нар байршлаа солих үед эрүүл мэнд, ажил үйлстэй холбоотой асуудлууд овоорох хандлагатай тул завгүй өдрүүдэд өөрийгөө бэлдээрэй. Тавдугаар сарын 23-ны өдөр бүтэн сар гарах үеэр хүмүүсийн нууцуудыг олж мэдэж, мэдэхгүй байсан асуултуудынхаа хариуг олно. Энэ үеэр сайтар амарч, өөрийгөө тордоорой. Сарын сүүлээр ажил үйлс идэвхтэй болох ч санхүүгийн асуудал үүсэж магадгүй учир хийж буй ажлаа хойшлуулалгүй дор, дор нь амжуулах шаардлагатай байна.

Хумх

Тавдугаар сарын 2-нд Дэлхийн ван гараг хумхын ордод ухрах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр танд тулгарч буй асуудал, айдас, стрессээс ангижирч, сэтгэл зүйн хувьд тайван болж эхэлнэ. Түүнчлэн мөнгө, санхүүтэй холбоотой асуудлууд тулгарч магадгүй тул үрлэг зарлага дээрээ няхуур ханд. Шинэ сар гарах үеэр гэр бүлийн дотоод асуудлууд шийдэгдэж, шинэ газар, байр худалдаж авах магадлалтай.

Сарын дунд үеэр холоос сураг чимээ сонсох, гаднын улс оронтой холбоотой шинэ мэдээлэл олж авах боломжтой. Буд гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүлийн дотоод уур амьсгал дээрдэж, тулгамдаж байсан асуудлуудыг шийдэхэд таатай. Ажил мэргэжил, карьер дээрээ шинэчлэлт хийж, өөрчлөх боломж олдоно. Нар ихрийн орд руу шилжих үеэр өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх, бусдад өөрийгөө ойлгуулах боломжууд гарч ирж зорьсон ажлуудаа бүтээж чадна. Үр хүүхэдтэй холбоотой асуудлууд ч нэн таатай болж ирнэ. Тавдугаар сарын 23-нд сар битүүрэх үед найз нөхдийн жинхэнэ мөн чанар танигдаж, танилын хүрээ өөрчлөгдөнө. Мөн ганц бие хүмүүс хэн нэгэнтэй болзох, үерхэх, танилцах боломж өндөр. Сарын сүүлээр бодож, санасан зүйлсийнхээ эхлэлийг тавивал амжилттай бүтнэ. Та ямар ч ажлыг манлайлах төрөлхийн чадвартай нэгэн гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй. Түүнчлэн санхүүгийн асуудал дээрээ анхаарлаа хандуулж, зөв хөрөнгө оруулж, үрлэг зарлагаа нягт нямбай тооцоол.

Загас

Сарны эрхшээл өөрийн тань зорилго тэмүүлэл, зүүд нойронд идэвхтэй нөлөөлж байгаа тул удаан хугацааны турш сэтгэлдээ тээсэн асуудлуудаа тавьж явуулах цаг иржээ. Энэ үеэр дотоод сэтгэл зүйн айдас, хямрал, эрүүл мэндийн асуудлууд анхаарлын төвд орно. Далд ухамсарт тань болж буй нуугдмал үйл явдлууд идэвхжиж бие, сэтгэл тань танаас өөрчлөлт шаардаж буйг мэдэрнэ. Шинэ сар гарах үеэр шинэ ажил эхлүүлэх өндөр боломжтой. Найз нөхдийн хүрээлэл тогтворжиж, тэдэнтэй илүү их цаг хугацааг өнгөрүүлэхэд таатай ба удаан хугацаанд уулзаагүй найз нөхөд, ажлын хамтрагчтайгаа уулзах болно.

Буд гараг үхрийн орд руу ирэхэд харилцаа холбоо идэвхжиж, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Ажилтай холбоотой ойрын аялалд гарах магадлалтай. Сарын дунд үеэр итгэл үнэмшилтэй тань холбоотой асуудлууд эргэн гарч ирэх, шийдэж чадахгүй байсан асуудлуудаа шийдэх нөхцөл бүрдэнэ. Нар ихрийн ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр өөрөө өөртэйгөө ажиллах боломж олдох бөгөөд дотор хүнтэйгээ ярилцаж, өөрчлөлт хийх хэрэгтэй. Ерөнхийдөө эрч хүч, энергиэ өөртөө зарцуулах шаардлагатай үе ирж байна. Ажил мэргэжлийнхээ үр шимийг хүртэж эхлэх боловч гэр бүлтэй холбоотой асуудлуудаа бүү март. Юу хийх ёстой, юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй байснаа сайтар нягталж тунгаа. Сугар гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үед гэрээ янзлах, нүүх, орчин тойрноо солих, шинэ зүйл худалдаж авах магадлалтай. Сарын сүүлээр өөрийнхөө сул болон давуу талыг олж харж, өөртөө илүү итгэлтэй болж, бодол санааны хувьд шинэ түвшинд очих болно.

Энэ сарын онцлох өдрүүд

Тавдугаар сарын 2 - Дэлхийн ван гараг хумхын ордод ухрах хөдөлгөөн хийнэ.

Тавдугаар сарын 7 - Шинэ сар үхрийн ордод гарна.

Тавдугаар сарын 16 - Буд гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Тавдугаар сарын 20 - Нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Тавдугаар сарын 23 - Сар нумын ордод битүүрнэ.

Buro.Mongolia

2024-05-01, 18:14