Зурхайн 13 дах шинэ орд Офиукус хаанаас гарч ирсэн бэ?

Хөдөлгөөнт дэлхийн нөлөөгөөр

Зурхайн шинэ орд бий болсон мэдээ хүмүүст маш цочирдом, үл итгэм, хүлээж авахыг хүсмээргүй зүйл байлаа. Тэгэхдээ энэ бол шинэ зүйл биш бөгөөд NASA зөвхөн өмнө нь байсан зүйл болохыг баталсан юм. Харин ийм зүйл яагаад бий болсныг та бүхэнд тодорхой хүргэе

Дэлхийн хүмүүс бүгд гайхшралд автаж, "NASA зурхайн шинэ орд нээх эрхгүй", "Би Хилэнцийн орд л доо, тэгэхдээ бас Тэнгэрийн мөрний шинэ ордынх болчихлоо", "Үхрийн биш хонины орд болсноос үхсэн нь дээр", "Шал худлаа" гэх зэрэг гайхширсан сэтгэгдлүүд хөвөрч байна. Энэ ганцхан Монголд ч биш, дэлхийн хаа сайгүй болж байгаа зүйл юм. Тэгэхээр бүгдээрээ тайвшраад, шинэ зурхайн орд бий болсон гэдэг нь ямар үндэслэлтэй зүйл болохыг олж мэдэцгээе. Олон улсын одон орончдын холбоо энэ асуудлыг 2006 онд авч хэлэлцээд, "Жил бүр арваннэгдүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 17 хүртэл нар байрлах Тэнгэрийн мөрний ордыг шар замын шинэ орд болгон зарлах шаардлагатай" гэж хүлээн зөвшөөрч байжээ. Энэ тухай бид физикч, 2000-2005 онд ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн  институтид ажиллаж байсан С.Хүрэлсүхийн "Орчлонгийн анир" (2012 он) бүтээлээс албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Тэрбээр энэ намар Чили улсын Атакама дахь дэлхийн хамгийн том одон орны судалгааны төвд эрдэм шинжилгээний ажлаар явах гэж буй хүн юм. 

Чилийн Атакама цөл дэх одон орон судлалын оргил

Тэнгэрийн оддыг хэрхэн орд болгон хуваадаг вэ?

Шөнийн гүн харанхай тэнгэрт түгсэн тоогүй олон оддыг харж, түүний гайхамшигт энергийг танин мэдэх гэж хүмүүс эртнээс зурхай болон шинжлэх ухааныг хөгжүүлжээ. Хүмүүс олон оддын тодорхой дүрс үүсгэсэн бүлэглэлийг одны орд (Созвзидия-Contallation) гэж нэрлэх болсон юм. Одны орд нь тод однуудын бүлэглэл төдийгүй тэдгээрийн тэнгэрт эзлэх орон зайг тогтоож өгдөг. Олон жилийн турш улс орон, ард түмэн бүр өөр өөрийн гэсэн янз бүрийн одны ордны зураглал хийж иржээ. Эртний Хятадын одны зураглалд 29 орд байсан бол Монголчуудын зураглалд 237 одны орд байжээ. (Төв номын сан дахь одны зураглал бүхий чулуун бараас харж болно. Редакторын тэмдэглэл)

Одоогийн баримталж байгаа одны ордуудын зураглалыг 1922 онд Олон улсын одон орончдын Ерөнхий ассамблей баталсан бөгөөд нийт 88 тооны одны орд байхаар тогтсон байна. Уламжлал ёсоор ихэнх одны ордууд эртний Грег-Ромын үлгэрийн баатруудын нэрээр нэрлэгдсэн байдаг.

Одны ордуудыг тэнгэрийн бүрхүүлийн эргэх хөдөлгөөний явцад тэнгэрийн хаяа руу үл шингэх өмнөд ба хойд туйл орчмын, тэнгэрийн хаяа рүү шингэдэг гэж хоёр ангилдаг.
Оддын нийт 88 ордны 32 нь тэнгэрийн хойд бөмбөрцөгт оршдог бол есөн орд бөмбөрцгийн экватор орчимд байрладаг. Тэнгэрийн хойд бөмбөрцгийн ордуудыг туйл орчмын ордууд, хаврын тэнгэрийн, зуны тэнгэрийн, намрын тэнгэрийн ба өвлийн тэнгэрийн оддын ордууд гэж ангилна.

Шинэ орд төрүүлсэн гол буруутан буюу Дэлхийн хөдөлгөөн

Нарны байрлал харагдах зөрөө: МЭ 1 онд болон 2011 онд

Дэлхий нийт 13 төрлийн хөдөлгөөнд нэгэн зэрэг оролцож байдаг. Эдгээрээс хамгийн ил, бидний сайн мэдэх нь нарыг ба тэнхлэгээ тойрон хийх хөдөлгөөнүүд юм. Нарыг тойрох хөдөлгөөнөөс жил, тэнхлэгээ тойрох хөдөлгөөнөөс хоног гэсэн ойлголтууд бий болсон. Эдгээр хөдөлгөөнүүд нь жигд бус хөдөлгөөнүүд аж.

Нарыг тойрох хөдөлгөөн эллипс таяг тойрогтой ба наранд ойртох үед дэлхийн хурд ихэсч, холдоход багасдаг. Дэлхийн наранд хамгийн их ойртох цэгийг (147 сая км) перигелий, нарнаас хамгийн холдох цэгийг (152 сая км) апогелий гэнэ. Дэлхийн ийнхүү нарыг тойрохдоо дундаж хурд нь 30 км/цаг байдаг.

Дэлхийг тэнхлэгээ тойрон эргэлдэх хөдөлгөөний явцад түүний тэнхлэгийн чиглэл аажим өөрчлөгдөнө. Энэ хөдөлгөөн удаан хугацаанд хийгдэх ба прецесс гэж нэрлэгдэнэ. Прецессийн дүнд дэлхийн тэнхлэг 26000 жилийн хугацаанд нэг давтагдах конус хэлбэрийн хөдөлгөөнийг хийх ба энэ нь дэлхийн гурав дахь хөдөлгөөн болно. Прецессээс болж дэлхийн эргэлтийн тэнхлэгийн чиглэлтэй давхцах туйлын одод өөрчлөгдөж байдаг.

Манай тооллын өмнөх 2700 он хүртэл туйлын одны үүргийг Тэнгэрийн газарчийн тод од гүйцэтгэж байжээ. Харин Алтан гадас од хойт туйлыг заагч үүргээ 3500 он хүртэл гүйцэтгэх бөгөөд 3500 он хүртэл гүйцэтгэх бөгөөд 10000 оноос цааш өөр од руу шилжинэ.

Нарны нэг жилд явах зам тэнгэрийн мандалд ямар байхыг дэлхийгээс харуулсан муруйг эклиптик гэж нэрлэнэ. Эклиптикийн даган байрласан одны ордыг зодиакийн ордууд гэдэг. Энэ ордуудад Хонь, Үхэр, Ихэр, Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Хилэнц, Нум, Матар, Бумба, Загасны одны ордууд багтана. Эклиптик нь хавар, намрын тэнцлийн цэгүүдэд тэнгэрийн хаяатай огтлолцдог.

Олон зуун жилийн туршид энэ өдөр нар Хонины ордод байрлаж байсан. Дэлхийн прецессийн улмаас энэ нь 72 ЖИЛд баруун тийш нэг хэмээр шилжсээр одоо цагт нар энэ өдөр Загасны ордод байрлах болжээ. 

Нарыг тойрох хөдөлгөөний явцад дэлхийн тэнхлэгээ тойрох хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөхгүй. Хойд туйлын шөнө, өмнөд туйлын зуны улиралын хамаарах орон нутгийн хэмжээ багассаар гуравдугаар сарын 21-нд дэлхийн эргэлтийн тэнхлэг нарны чиглэлд перпендикуляр болдог. Энэ өдөр дэлхийн аль ч цэгт өдөр шөнө тэнцэх ба түүнийг хаврын тэнцэл гэж нэрлэдэг. Энэ өдөр нар Загасны ордод, дэлхий Охины ордод байна. Харин одоогоос 2000 орчим жилийн өмнө хаврын тэнцлийн өдөр нар Хонины ордод байрлаж байжээ.

Есдүгээр сарын 22 ба 23-нд дэлхийн эргэлтийн тэнхлэг наранд перпендикуляр болж намрын өдөр шөнийн тэнцэл болно. Хуанлийн тоолол хаврын өдөр шөнийн тоолол гуравдугаар сарын 21-нд таарч байхаар хийгдсэн байдаг. Энэ нь хэзээнээс хаврын өдөр шөнийн тэнцлийн цэг Хонины ордод байрлаж байсан, Мэлхий ба Матарын тропикууд өөрийн нэрийг хэрхэн олж авсныг тодруулах боломж өгдөг аж.

Хаврын өдөр, шөнийн тэнцлийн цэг дэлхийн прецессийн дүнд аажмаар зодиакийн ордуудыг дамжин шилжинэ. Хаврын өдөр шөнийн тэнцлийн хуучин ба шинэ байрлалын хооронд 32 хоногийн зөрүү байгаа ба энэ нь өнгөрсөн 2280 жилээс үүссэн зөрүү юм.

Нар Тэнгэрийн мөрний ордод байрлаж байгаа нь

Оддыг ажиглах нь

Тэгэхээр дэлхийн эргэлтийн улмаас шөнийн тэнгэрт оддын байрлал өөрчлөгдөж байдаг байх нь. Түүнчлэн нарыг тойрох дэлхийн эргэлтээс хамаарч жилийн туршид ч оддын байрлал тэнгэрт өөрчлөгдгийг бид анзаардаг. Гэвч дэлхийн аль ч цэгт зүг чигийг тогтоох боломжийг олгодог тодорхойлогч одод бий. Энгийн нүдээр харж болох 6000 орчим оддоос зүг чиг тогтооход 26 тод одыг ашигладаг байна. 

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхийн эргэлтийн тэнхлэг дэлхий ба нарыг холбосон шулуун перпендикуляр болж хаврын өдөр, шөнийн тэнцэл болдог. Олон зуун жилийн туршид энэ өдөр нар Хонины ордод байрлаж байсан. Дэлхийн прецессийн улмаас энэ нь 72 жилд баруун тийш нэг хэмээр шилжсээр одоо цагт нар энэ өдөр Загасны ордод байрлах болжээ. Түүнчлэн зуны туйлд нар Ихрийн ордод, өвлийн туйлд Нумын ордод, намрын өдөр, шөнийн тэнцлийн үед Охины одод байрлах болсон байна. 

Нар одоо жилд шар замын 12 ордыг бус 13 ордыг дайрч байгаа нь бидний дөнгөж шинээр танилцаад байгаа Тэнгэрийн мөрний орд гарч ирсний гол шалтгаан юм.


Одоогоос 2000 орчим жилийн өмнө шар замын ордод Тэнгэрийн мөрний орд хамаарах болжээ. Өнгөрсөн 1000 жилийн хугацаанд нар шар замын ордуудад байрлах хугацаа өөрчлөгдөж эхэлжээ. Улмаар нар Охины ордод 45 хоног, Хилэнцийн ордод ердөө зургаан хоног байрлаж байгаа. Энэ асуудлыг Олон улсын одон орончдын холбоо 2006 онд авч хэлэлцээд "Жил бүр арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 17 хүртэл нар байрлах Тэнгэрийн мөрний ордыг шар замын шинэ орд болгон зарлах шаардлагатай болсныг хүлээн зөвшөөрчээ.

Үүнийг үндэслэн NASA агентлаг өөрсдийн цахим хуудсандаа тайлбар гаргасныг дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд авч, нийтлэснээр өмнө нь цөөн тооны одон орон сонирхогч, судлаачдын мэддэг байсан зүйл өнөөдөр дэлхийн олон нийтийг гайхшруулж, балмагдуулсан шуугиан болж хувирчээ.

Тэнгэрийн мөрний ордны тухай

Тэнгэрийн мөрний орд экватор орчмын одны ордод хамрах маш том орд юм. Энэ орд тэнгэрийн уудамд 948 кв.градус талбайг эзлэн орших ба талбайн хэмжээгээр бүх ордоос арваннэгдүгээрт ордог байна. Энэ орд тэнгэрийн заадсын хамгийн гоё хэсэгт байрладаг ба долоо, наймдугаар сард тэнгэрийн хаяанаас дээш өмнөд зүгт ажиглаж болно. Эдгээрийн 13 од нь дөрөвдүгээр хэмжигдэхүүнээс тод од гэнэ. Хамгийн тод зургаан одыг нь шулуунаар холбож, уг ордны онцлог дүрс болох сунасан олон өнцөгтийн дүрсийг үүсгэдэг байна.

Тэнгэрийн мөрний орд нь шар замын 13 дах орд бөгөөд нар хилэнцийн ордод шилжихийн өмнө энэ ордод 20 хоног байрладаг.

Тэнгэрийн мөрний орд буюу могой залагчийн орд нь Аполлон бурхан, түүний эхнэр усан гүнж Коронид нарын хүү Эскулапыг мөнхжүүлж нэршсэн орд ажээ. Эхнэрээ "араар нь тавьсан"-ыг нь мэдсэн Апполон түүнийг хөнөөгөөд өөрийн хүүг мэргэн Хиронд шавь оруулжээ. Эмчлэх ухааныг төгс эзэмшсэн Эскулап үхэгсдийг сэхээж эхэлсэнд Зевс бурхан машид хилэгнэн түүнийг аянгаар цохиж алсан гэж домогт өгүүлдэг байна.

Зурхайн энэхүү шинэ ордонд ямар од, эрхэс байдгийг та үзэж, нарны замын хаана огтлолцож байгааг харахыг хүсвэл Star Chart гэх аппыг гар утсандаа татан аваарай. 
Мөн эцэст нь сануулж хэлэхэд Хилэнцийн ордод яг хэзээнээс эхэлж зургаан өдөр оногдох болсон нь одоогоор тодорхойгүй байна. 

Ж.Чинбат

2016-09-19, 14:00