Хакеруудын шинэ бай: Ухаалаг автомашин

Jeep Cherookee хакердуулжээ

Технологийн дэвшил автомашиныг ч ухаалаг болгосон боловч одоохондоо сөрөг тал нь дөнгөж илрээд байна. АНУ-ын Wired сэтгүүлийн 7-р сарын дугаарт ухаантай машиныг уургалж чадсан тухай мэдээлэл гарчээ

Автомашиныг жолоочийн тусламжгүйгээр зогсоолд тавих, тоормослох, утасгүй холболт хийх зэргээр илүү сайжруулахын тулд инженерүүд сүүлийн жилүүдэд маш идэвхитэй ажилласан. Одоо харин амжилтынх нь сүүдэрт нуугдсан эрсдэлүүд илэрч эхэллээ. Жолоочийн аюулгүй байдалд заналхийлж болох мэдээллийн технологид автомашин үйлдвэрлэгчид илүү сайжрах хэрэгтэй бололтой.

Чарли Миллер гэх аюулгүй байдлын судлаач болон түүний багийнхан "Jeep Cherokee" маркийн автомашиныг хакердаж, үйлдлийн системд нь нэвтэрсэн байна. Тэд уг автомашиныг алсаас удирдаж, халуун хүйтнийг нь тохируулахаас эхлээд хянах дэлгэцэн дээр нь өөрсдийн зургаа байрлуулж ч амжжээ. Хамгийн аюултай нь тэд бүр хурдны зам дээр давхиж яваа автомашины хөдөлгүүрийг унтраах оролдлого хүртэл хийжээ.

Дээрх машиныг АНУ-ын харилцаа холбооны Sprint корпорацийн бүтээсэн бөгөөд хакерууд автомашинд хийсэн холболтын сул талыг овжноор ашиглаж, онцгой дутагдалтайг нь илрүүлжээ. Тэд үүгээрээ автомашин үйлдвэрлэгчид хэдийгээр шургуу хөдөлмөрлөж, олон дэвшилтэт технологийг хэрэглээнд нэвтрүүлсээр байгаа ч тоон системийн хувьд харьцангуй туршлага багатайг харуулахыг зорьсон аж. Автомашин бүрэн автомат системд шилжих тусам түүний аюулгүй байдлын тухай асуудал сөхөгддөг. Энэ нь бүр АНУ-ын Сенатад өргөн баригдсан "Автомашины аюулгүй байдлын тухай хууль"-ийн шинэ төсөлд тодорхой оржээ. Үүнийг дагаад автомашин үйлдвэрлэгчид аюулгүй байдлыг чухалчлан авч үзэх биз ээ. Харин Их Британи улсад автомат удирдлагатай машинуудад шаардлагатай аюулгүй байдлын санамжийг саяхан нийтийн хүртээл болгосон байна.

 

Buro.Mongolia

2015-08-06, 15:33