Загварын салбарыг илүү ухаалаг, байгаль орчинд ээлтэй болгох Fashion Tech Lab төсөл Парис хотноо нээлтээ хийлээ

Мирослава Дума ба Стелла Маккартни нарын зохион байгуулсан алдартнуудаар бялхсан үдэшлэг

Аравдугаар сарын 2-нд дэлхийн загварын салбарын бүхий л нөлөө бүхий хүмүүс Парис хотын Google Arts & Culture Lab лабораторид цуглан Fashion Tech Lab төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Мирослава Думагийн үүсгэн байгуулсан Fashion Tech Lab буюу FTL төсөл нь загварын салбарыг илүү дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй ирээдүй рүү чиглүүлэх зорилготой юм. Загвар ба технологийн салбарын үндсэн тоглогчид хүчээ нэгтгэсний ачаар энэ төсөл аливаа хязгаарыг тэлж, шинийг санаачилж, ирээдүйг тодорхойлох болно.

Төслийн нээлтэд зориулагдсан коктейль үдэшлэгийг Мирослава Дума дизайнер Стелла Маккартнигийн хамтаар зохион байгуулсан бөгөөд арга хэмжээн дээр Цахиурын Хөндий, Европ болон дэлхийн бусад улс орон, өнцгүүдээс авчирсан хамгийн сүүлийн үеийн технологиуд дэлгэгдсэн байлаа.

FTL төсөл нь загвар ба технологийн салбарыг уусган нэгтгэж, байгаль орчинг хамгаалах чин хүслийнхээ дагуу эхний ээлжид долоон гайхалтай технологийг танилцуулаад байгаа юм. Эдгээрээс цөөн хэдийг нь дурдвал үүнд лабораторийн нөхцөлд боловсруулдаг очир эрдэнэ чулуу, далайн хог хаягдлыг дахин боловсруулсны үр дүнд гаргаж авдаг материал, жүржийн шүүс үйлдвэрлэлтийн үр дүнд гарсан хоёрдогч түүхий эдээр хийдэг материал гэх зэрэг гайхалтай технологиуд бий.

Үдэшлэгт загвар, технологи, хөрөнгө оруулалт, байгаль орчинг хамгаалах нийгэмлэг зэргээс нийт 400 гаруй хүндэт зочин хүрэлцэн ирлээ. Тэр дунд Александр де Бетак, Мария Грация Кьюри, Альбер Эльбаз, Диана фон Фюрстенберг, Памела Андерсон, Антуан Арно ба Хайдер Акерманн гэх зэрэг томоохон нэрс багтсан байгаа.

Ө.Тодгэрэл

2017-10-04, 15:00