Комбу далайн замаг ба комбутя ундаатай андуурч болохгүй
"Комбуча" гэдэг нэр таныг төөрөгдөлд оруулж болох ч үнэн хэрэгтээ учрыг нь олоход их амархан. Үүний тулд цайны мөөг ба иддэг комбу далайн замаг хоёрын ялгааг гаргахад л болно. Комбутя гэдэг энэхүү далайн замгаас гаргаж авсан нунтгаар япончууд ундаа хийж уудаг. Энэ нь бидний эмээ нарын хэрэглэдэг байсан мөөгтэй огт адилгүй. Гэхдээ авиа зүйн шалтгаанаас болоод мөөгийг ч тэр, далайн замгийг ч тэр комбуча гэж нэрлэх болсон аж. Комбучаг хүмүүс эрүүл мэндэд тустай, гайхамшигт ундаа гэж итгэдэг болоод байна.
Далайн замаг бол арай ойлгомжтой. Комбу далайн замаг (ламинария) нь "умами" буюу хүмүүсийн хамгийн хүсэмжит, таашаал мэдрүүлдэг амттай. Үүнийг чихэрлэг, давслаг, исгэлэн, гашуун амтны дараа орох, "тав дах амт" гэж нэрлэх нь бий. Комбу тийм сайхан амттай болгодог зүйл бол түүнд агуулагддаг глутамины хүчил аж. Хэрэв энгийнээр тайлбарлавал, хүмүүс бид уургаар баялаг хоолыг таньж, шууд л хамгийн сайхан хэмээн тооцдог бөгөөд үүнийг "умами" гэж нэрлэдэг. Харин байгалийн аргаар глутамат авах нь маш үнэтэй.
Хүнсний салбар 100 хүрэхгүй жилийн хугацаанд хямд үнэтэй, хиймэл, орлуулагч бодис гарган авах аргыг гарамгай эзэмшсэн билээ. Тиймээс л амт орлуулагч бодиснууд үйлдвэрийн хиам эсвэл жуулчдад зориулсан хятад хоолыг мартагдашгүй, таашаал өгөх амттай болгон хувиргасан юм. Одоогоор үйлдвэрийн "умами" хүний биед муу нөлөө үзүүлдэг гэх мөнхийн маргаанд дорвитой хариулт гарч ирээгүй байгаа. Тэгэхдээ танд энэхүү "амтат давс"-ыг хэр бага хэрэглэнэ, төдий чинээ эрүүл байна гэдгийг харшилтай хүн бүр хэлээд өгөх болно.
Харин одоо цайны мөөгний талаар ярилцья. Зөвлөлтийн үеийн гурван литрийн шилэн саванд хийж тавьсан, харь гарагийн амьтан шиг харагддаг, бор өнгөтэй далайн мөгөөрсийг санагдуулам зүйл бол цайны мөөг юм. Комбуча нь чихэртэй цайгаар тэжээгддэг (бор өнгөтэй болдог) амьд биет юм. Зарим хүмүүс бүр кофены уусмалаар тэжээдэг бөгөөд ингэснээр ямар ч энергийн ундаанаас илүү эрч хүч өгдөг гэдэгт итгэдэг. Исгэгч ба цууны хүчлийн бактери агуулсан комбуча нь амьдралынхаа явцад цайны уусмалыг боловсруулж, бага зэргийн хийжүүлсэн, алимны амттай квас болгон хувиргадаг байна.
Одоогийн байдлаар эрүүл хүнс худалдаалдаг дэлгүүрүүдийн лангуун дээр өнгө, өнгийн шилэнд хийсэн янз бүрийн нэмэлттэй комбуча өрөөстэй байгаа. Энэхүү мөөгний квасанд янз бүрийн амт оруулж болохыг саяхнаас л нээсэн юм. Комбучанд нэмсэн үндэс, навч бүр энэхүү ундааг эрүүл мэндэд бүр ч тустай болгоно гэж хүмүүс итгэж байна. Жишээ нь цагаан гаа сэргээж, сарнайн тос исгэгчний үнэрийг дардаг бол бэрсүүт жүрж маш их хэмжээний C аминдэмийг өгөх боломжтой гэнэ. Тэгээд энэ бүх зүйл ямар ч төрлийн өвчнийг анагааж, жин хасахад тусалж, сэтгэл санааг дэмжих үү?
Одоогоор хэн ч үүнийг батлаагүй. Тэгэхдээ л хүмүүс нэгэн төрлийн мөнхийн ус олсон мэтээр түүнийг уусаар л байна. Үнэндээ түүнээс дахиад хэдхэн шилийг уухад бидний гоо үзэсгэлэн, залуу насыг үгүй хийж байгаа муу зүйлс зогсож, ул мөргүй алга болно гэж үү? Үгүй л болов уу. Өвлийн улирлыг давахад, эсвэл өвчнөөс салахад туслаж чадна гэж амалсан гайхалтай шинэ бүтээгдэхүүн бүрт бид яг л жаахан хүүхэд шиг итгэх хандлагатай байдаг.
Харин итгэл бол гайхамшигтай зүйл юм. Үүнийг эрүүл үл итгэх үзэл ч дийлэхгүй. Гэхдээ яагаад ч юм хамгийн ухаантай хүмүүс комбуча биш зүгээр л ус уухыг илүүд үзэж байна. Тэд өглөөдөө нимбэгтэй, хүйтэн өдрүүдэд тасалгааны хэмд байлгасан, оройдоо зөгийн балтай бүлээн ус ууж байна. Хэрэв бидний биеийн ихэнхи хувь уснаас бүрддэг гэдгийг санавал энэ ингэх нь ч зөв. Энэ нь ямар нэг хурдан үйлчилгээтэй ид шидийн зүйлд итгэж, бодлогогүй тренд дагахаас хамаагүй амархан бөгөөд үр дүнтэй сонголт юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт