Харилцаа холбооны стратегийн зөвлөгч BCW компанийн 30 улс орон дахь 36,000 хүнийг оролцуулсан нэгэн судалгаанд 1997-2012 оны хооронд төрсөн Z үеийнхэн “эрх мэдэл, амжилт, гедонизм (амьдралаас аз жаргал, таашаалыг эрхэмлэх үзэл), урамшил”-ыг бусад үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү дээгүүр үнэлж, өөрсдийн үнэт зүйлээ болгодог нь тогтоогджээ. Тус судалгаа нь уг сэдвийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэгт тооцогдож байгаа бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн байна.
Судалгааны агуулгаас тодруулбал, бумерийнхний 13%, X үеийнхний 23%, миллениалуудын 37% харин Z үеийнхний 44% нь өндөр амжилтад хүрч, тухайн амжилтыг нь бусад хүмүүс хүлээн зөвшөөрөхийг хүсдэг байна. Мөн Z үеийнхний 43% өөрт таашаал өгөх зүйлс хийхийг илүүд үздэг бөгөөд хөгжилдөж болох бүхий л боломжийг алдахгүй байхыг хичээдэг байна. Тус үзүүлэлт нь миллениалуудад 38%, X үеийнхэнд 27% хүртлээ буурчээ. Цаашлаад чинээлэг амьдрах нь миллениалуудын 26%, X үеийнхний 16%, харин Z үеийнхний 32%-д чухал байр суурь эзэлдэг гэсэн хариу гарчээ.
BCW компанийн стратеги эрхэлсэн захирал Лиза Стори хүн төрөлхтний үнэт зүйл түлхүү хувь хүний амжилт руу чиглэсэн байдаг нь зууны туршид ажиглагдаж буй үзүүлэлт бөгөөд цахим ертөнц хөгжсөнөөр тус хандлага улам нэмэгдэж байж болзошгүй талаар онцолжээ. “Хүний нийгмийн байр суурь, амжилтын түвшин нь бусдад ил тод харагддаг нээлттэй орчинд Z үеийнхэн амьдарч байна. Тиймээс технологийн дэвшил, цахим платформууд хөгжөөгүй байсан үетэй харьцуулахад орчин үед эдгээр үнэт зүйлсийн эрэлт нэмэгдэж байж болзошгүй” хэмээн Стори хуваалцсан байна.
Z үеийнхэн одоогийн байдлаар дэлхийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлж байгаа ба жилд дунджаар 100 тэрбум ам.долларын худалдан авалт хийх хүчин чадалтайд тооцогддог билээ. Мөн тэд 2025 он гэхэд дэлхийн ажиллах хүчний 25% бүрдүүлснээр дэлхийн эдийн засгийн хөгжлийн жолоог атгаж эхлэх төлөвтэй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт