Валерий Малеев: Цоохор ирвэс Монголын аялал жуулчлалын нэрийн хуудас болох ёстой

Монголд 15 жил ирвэсний зураг дарсан зурагчин

"Леонардо ДиКаприо хүртэл Монгол ирвэсийг хамгаалахын төлөө ажиллаж байна" хэмээн ярьж буй Валерий Малеев бол Монголд 15 жилийн турш ирвэсний зураг авсан зурагчин юм. Түүнд хэний ч хараагүй 1000 орчим ирвэсний гэрэл зураг бий. Бид Валерийг ээлжит аялалаа эхлүүлэхээр Монголд ирээд байхад нь уулзаж, ярилцлаа

Бюро 24/7 зөвхөн загвар, орчин үеийн амьдралын хэв маягийн талаар бичдэг гэж зарим хүмүүс ойлгодог ч бидний мэдээлэл хавьгүй өргөн хүрээг хамардаг. Зөв, ухаалаг үзэл бодолтой хүмүүсийн хийж бүтээсэн зүйлсийн ард ямар чадвар байгааг илрүүлж, уншигчиддаа шинэ зүйл хийж бүтээх урам зориг түгээхийг бид хүсдэг. Үүнд байгаль дэлхийг хайрлах, Монгол орноо сурталчлах ч бас орно. Монголчууд бид энэ өвөл ирвэс хамгаалагчийн тухай сенсааци маш их сонссон ч яг ирвэсний өөрийнх нь тухай, мөн түүний гайхамшигт чанарыг олж нээсэн хүмүүсийг тийм ч нухацтай авч үзээгүй. Үүнийг Бюро 24/7 өөрийн хэв маягийн дагуу уншигчиддаа дахин хүргэж байна. Өмнө нь зохиолч Б.Номинчимэдийн бичсэн "Миний мэдэх ирвэс гэдэг амьтан" өгүүллээр бид монгол ирвэс гэж ямар амьтан болохыг дэлгэрэнгүй зурагласан. Энэ удаад Монголд 15 жилийн турш, 14 төрлийн цоохор ирвэсний, 1000 гаруй гэрэл зураг авсан Валерий Малеев гэх эрхэмтэй уулзаж ярилцлаа. Валерий ирвэсний хойноос энэ олон жил явахдаа түүнд 12 метр зайд ойртож, харц тулгарч явсан аж. Гэлээ гээд тэр бас ирвэсийн хойноос бэдрээд нэг сарын хугацаанд олж харахгүй байж ч үзжээ. Тэгэхээр энэ бүх экстрим түүхээс бид эхний хуудсыг нь таны өмнө дэлгэж байна.

Сайн байна уу. Таныг уншигчиддаа танилцуулж буйдаа баяртай байна. Та Монголд хэд дэх жилдээ, ямар зорилгоор ирээд байна вэ?

Би арван таван жилийн турш Монголд ирвэсний зураг авч байгаа бөгөөд ээлжит зураг авалтаа хийхээр ирлээ. Ер нь жилд хэд, хэдэн удаа ирдэг. Зөвхөн ирвэс гэлтгүй Монгол орны онгон байгалийн зураг их авдаг.

Таны вебсайтнаа Монгол, Оросын байгалийн гайхалтай гэрэл зургууд их байна. Та анх хэрхэн гэрэл зурагчин болсон юм бэ? 

Зураг авах нь эхлээд миний энгийн нэг сонирхол, хобби байсан. Би өмнө нь өөр чиглэлээр ажилладаг байлаа. Харин дараа нь хийж буй зүйлээ орхихоор шийдэж, зэрлэг амьтдын зураг авахад хамаг анхаарал, цаг заваа төвлөрүүлж эхэлсэн. Зураг авдаг болоод одоо 15 жил болж байна. Түүнээс гадна би байгалийн болоод хүүхдийн ном бичдэг. Одоогоор би Оросын онгон байгаль, Оросын шувуунууд, хүүхдүүдэд зориулсан амьтны газарзүй гэх зэрэг арав гаруй ном бичиж, хэвлүүлсэн байгаа. Хажуугаар нь мөн хувийн бизнес эрхэлдэг.

Үнэг, Байгал нуур, ОХУ
Хавтгай, Говь-Алтай, Монгол улс
Тахь, Монгол улс

Таны бизнес гэрэл зурагтай холбоотой юу? Ер нь Орост байгалийн зураг сонирхдог хүмүүсийн хүрээ хэр өргөн бэ?

Би өөр чиглэлийн бизнес эрхэлдэг юм. Гэхдээ мэдээж хэрэг зурагнууд маань миний бизнесийн нэгэн жижиг хэсэг нь. Орост байгалийн зураг сонирхдог хүмүүс маш их бий. Ялангуяа сүүлийн үед Монгол орны байгаль Оросуудын сонирхлыг улам ихээр татаж байгаа. Учир нь би Монголын байгаль, хүмүүс, зэрлэг ан амьтдын талаар хувийн блогтоо бичиж, мөн хэвлэсэн номуудаа оруулсан байгаа. Тэр бүгдийг үзсэн олон орос хүн Монгол руу ирж, энэ үзэсгэлэнт орныг нүдээрээ харахыг хүсдэг болсон.

Леонардо ДиКаприо хүртэл өнөөдөр цоохор ирвэсийг хамгаалах асуудал дээр ажиллаж байна шүү дээ

Та Монголд, ирвэсний зураг авахдаа байнга очдог газрууд бий юу? Ер нь ирвэсийг яаж хайж олдог вэ? 

Би ерөнхийдөө тэдний амьдардаг газруудыг сайн мэднэ. Гэхдээ өмнө нь ирвэс олж харсан газар луу биш, харин шинэ газруудаар аялж зургаа авдаг. Газар дээрээ очоод ирвэсээ бас түүний хоолыг хайж эхэлдэг. Дуран бариад л явдаг даа. Ирвэсийг олж, зургийг нь авахад хугацаа  их шаардагдана. Тусгай технологийн дагуу ажиллах хэрэг гардаг ч нөхцөл байдал янз бүрээр л эргэдэг. Заримдаа би ирвэсийг олж харахгүй сар болох ч үе бий.

Зэрлэг амьтдын зургийг хараад хүмүүс яаж, яг дэргэд нь байгаа юм шиг авсан юм бол гэж боддог. Та хэрхэн ажилладаг вэ?  Удирдлагаар алсаас авдаг уу, эсвэл тулж ажилладаг уу?


Би үргэлж өөрөө, гараараа зургаа авдаг. Нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүрийн камер, линз ашиглана. Гэхдээ миний сонголт ихэвчлэн Nikon-ы камер байдаг. Майхан дотроос зургаа авдаг учраас амьтад надад маш сайн ойртдог. Би хамгийн ойрдоо 12 метрийн цаанаас ирвэсний зураг авч байлаа. Өөрөөр хэлбэл би алсын удирдлага зэрэг хэрэгсэл ашиглах дургүй. Энэ нь яг л утсаар секс хийхтэй адил хиймэл зүйл санагддаг юм.

Би цоохор ирвэсийг Монголын аялал жуулчлалын нэрийн хуудас, брэнд болох ёстой гэж боддог  
Та зэрлэг амьтадтай ойрхон байх мөчид танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Айдастай санагддаг уу?

Үгүй дээ, айдас төрдөггүй. Ийм үзэсгэлэнтэй амьтныг харин ч эсрэгээрээ хайрлах хэрэгтэй. Тиймээс ч би «Дотны найз шиг амьтан» гэх нэртэй ирвэсний зурагтай, жижиг бэлэгний ном гаргасан байгаа. Ирвэс бол хүний дайсан биш, харин найз. Тэр хэнд ч төвөг бололгүйгээр мөрөөрөө амьдардаг. Тэр уулын хамгийн өндөрлөг дээр амьдарч, эргэн тойрныг чимээгүй ажаад л суудаг.

Манай өмнөх нийтлэлд ирвэс хүн рүү их алмайрч, ширтдэг гэж гарч байсан. Ийм зүйл таны хийсэн видео бичлэг дээр бас байсан нь гайхалтай санагдсан. 

Би ирвэстэй харц тулгарч үзсэн. Ирвэсний ширтэж байгаа миний бичлэг дээр тэр  3-4 минутын турш нэг ч нүдээ анивчихгүй, нэг ч хөдлөхгүйгээр ширтээд л байдаг. Хүмүүс энэ бичлэгийг зураг гэж боддог ч тэр үнэхээр ямар ч хөдөлгөөн гаргаагүй юм. (Инээж байна). Хэрвээ та уул, тайгад явж байлаа гэхэд ирвэс таныг заавал ажиглаж байх болно. Гэхдээ та энэ талаар огтхон ч гадарлахгүй. Учир нь тэр хүн хараад үсэрч, дэвхэрч, эсвэл зугатах гэж оролдохгүй. Харин эсрэгээрээ тайван суугаад таныг ажиглах болно.

Та ирвэсний тухай өөрийнхөө бодлыг хуваалцаач?

Ирвэс бол маш өвөрмөц амьтан. Би өмнө нь арслан, бар гэх зэрэг муурын төрлийн амьтдын зураг олон удаа авч байсан. Гэхдээ ирвэс бол өөрийн төрлийнхнөөсөө маш их ялгардаг онцгой амьтан. Тэр бусад шиг ээ ширэнгэн ойд амьдрах биш, харин эсрэгээрээ задгай талбайд дуртай. Тиймээс түүнийг уулнаас бууж ирэхэд, аль эсвэл налуугаар алхаж явахад нь маш холоос олж харж, хажууханд нь яваа  мэт анхааралтай бас удаан ажиглах боломжтой байдаг. Түүний хувьд хүн дайсан шиг санагддаггүй. Тэр хүнд итгэдэг бөгөөд хүнээс айдаггүй. Гэхдээ үүний хажуугаар тэр бол маш үзэсгэлэнтэй араатан. Ирвэс чинь хоолны пирамидын орой дээр байдаг амьтан шүү дээ. Тэр амьд үлдэж, хоол хүнсээ олохын тулд сүүлээ ашигладаг. Сүүл нь бараг биений урттай нь тэнцүү. Би ирвэсийг 70 градус налуу уулан дээр ан хийж байхыг харж байсан. Үнэхээр хүчирхэг. Мөн ирвэс бол эмэгтэй хүн шиг гайхамшигтай гоо үзэсгэлэнтэй. Түүний нүдийг нь л хар л даа. Ирвэс задгай талбайд амьдардаг учир түүний хараа нь бусад муурын төрлийн амьтдаас хамгийн сайн нь. Тэр хүнийг 2-3 км цаанаас олж харах чадвартай. бурхан энэ дэлхий дээр эмэгтэй хүн, ирвэс ба могой гэх гурван гоо үзэсгэлэн бүтээсэн гэж надад санагддаг Би энэ амьтанд дурлачихсан тул Монгол руу 15 жилийн турш аялаж, зургийг нь дарж явна даа. Монгол улсад ийм олон амьд ирвэс байгаад та бүгд их азтай. Монголчууд үүгээрээ бахархах хэрэгтэй. Би цоохор ирвэсийг Монголын аялал жуучлалын нэрийн хуудас болох ёстой гэж үздэг. Монголын брэнд болох ёстой. Леонардо ДиКаприо хүртэл өнөөдөр цоохор ирвэсийг хамгаалах асуудал дээр ажиллаж байна шүү дээ. Бар ч биш, өөр нэг амьтан ч биш яг л цоохор ирвэс дээр анхаарлаа төвлөрүүлж байна. Би Монголд олон жилийн турш цуглуулсан уран бүтээл ба мэдлэгээрээ үзэсгэлэн гаргахыг хүсдэг. Дараа нь тэр үзэсгэлэнгээ Орост танилцуулмаар байна.


Та өмнө нь олон үзэсгэлэн гаргасан уу? Монголд нээх үзэсгэлэнгээ ямар байгаасай гэж хүсдэг вэ?

Орост, тэр дундаа Москва хотод би маш олон үзэсгэлэн зохион байгуулсан. Яг одоогийн байдлаар миний хэд, хэдэн үзэсгэлэн Москва, Хабаровск, Благовещенск хотуудад нэгэн зэрэг гарч байгаа. Ерөнхийдөө Орост зэрлэг муурын төрлийн амьтдыг хамгаалах ажлыг маш чухалчилж авч үздэг. Тухайлбал цоохор ирвэсийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Кужугетович Шойгу хариуцдаг юм. Харин Монголд үзэсгэлэн тавихын тулд юуны түрүүнд үзэсгэлэн зохион байгуулахад туслах спонсор олох хэрэгтэй. Надад Монгол ирвэсний мянга гаруй зураг бий. Гэхдээ би одоохондоо тэдгээр зургийг хэнд ч үзүүлээгүй байгаа. Би 14 төрлийн цоохор ирвэсний зураг авсан байгаа. Тэднийг би ан хийж байхад, амарч байхад, өвлийн бас зуны цагт гээд маш олон янзаар авсан. Түүнчлэн дараа жил гэхэд би олон жилийнхээ хөдөлмөрийг нэгтгэж, ирвэсний тухай ном гаргах бодолтой байгаа. Би ирвэсийг үзэсгэлэнтэй амьтан гэдгийг нь үзүүлж, ерөнхий мэдээллээс илүү ихийг хүмүүст ойлгуулахыг хүсдэг. Тэд хүмүүстэй хэрхэн харилцдаг болохыг харуулж болно. Тэд хааяа малчдын хот руу орж, ямаа дарах зэргээр сонирхолтой түүх олон гардаг. Заримдаа ирвэсийг хүмүүс эсвэл чоно агнасан тохиолдол ч бий. Хамгийн гол нь энэ асуудлыг чухалчилж, ирвэс гэдэг амьтныг хүмүүст ойлгуулж, хамгаалаасай гэж би хүсдэг.

Та ирвэсний арьсаар хийсэн хувцастай хүн харж байсан уу? Хэрэв тийм бол танд ямар сэтгэгдэл төрдөг бол?

Харж байсан. Үнэнээ хэлэхэд шууд л буудаад унагаачихмаар санагддаг шүү. (Инээж байна). Би урьд нь өөрөө анчин байсан юм. Анх удаа Монголд ирэхдээ би ан хийх зорилготой байсан. Магадгүй Монгол орон бол Африкийн дараа орох өвөрмөц газар. Юугаараа тэр вэ гэхээр энд амьтдыг сүргээр нь харах боломж байдаг. Аргаль, янгир, адуун сүрэг, хулан, тахь зэрэг үзэсгэлэнтэй амьтдыг хараад би буугаа хаяж, зургийн аппарат гартаа авсан. Тэгээд ч дэлхий дээр маш цөөн тооны ирвэс үлдсэн. Тэд муурын төрлийн амьтад дундаас хамгийн хэцүү нөхцөлд, уулын орой дээр, ямар ч ургамалгүй газар амьдардаг. Тэднийг хамгаалах хэрэгтэй.

Та маргааш ээлжит аяндаа гарах гэж байна. Та аялалдаа хүмүүс авч явдаг уу?

Би ерөнхийдөө ганцаараа зураг авахаар явдаг. Хөдөө, ууланд амьдардаг малчид надад тусладаг шүү.

Танд хөдөө хээр явахад ямар байдаг уу, илүү тав тухтай байхын төлөө үгүйлэгддэг зүйл бий юу?

Үнэхээр сайхан. Би зургийн аяндаа гарахдаа монгол гэрт, малчны гэр бүлтэй хамт амьдардаг. Байгальтайгаа уусч, нэгдэх нь үнэхээр амгалан тайван мэдрэмж төрүүлдэг. Надад энэ бүгд таалагддаг учраас л би Монголд байнга ирдэг. Ер нь монгол гэрт Нобелийн шагнал өгөх ёстой санагддаг. Монгол гэрээс илүү төгс орон сууц гэж үгүй. Тэнд хаалт, тусгаарлалт байхгүй ч гэлээ маш том багтаамжтай, дээр нь дулаахан. Хамгийн гол нь байгальд ээлтэй. Өөр тийшээ нүүх хэрэг гарвал хураагаад л аваад явчихдаг. Үнэхээр гайхамшигтай. Мянга, мянган жилийн турш уламжлагдаж ирсэн Монголын амьдралын хэв маягийг би биширдэг шүү.

Цоохор ирвэс, Монгол Улс

Марал буга, Байгал нуур, ОХУ
Хүрэн баавгай, Курилийн нуур, Камчатк, ОХУ
Алтайн янгир, Говь-Алтай, Монгол улс
Мануул, Монгол улс
Тахь, Монгол улс
Чоно, Хустай нуруу, Монгол улс
Үлийн цагаан оготно, Монгол улс

Ө.Тодгэрэл Ж.Чинбат

2016-04-05, 09:00

  • Зураг: Валерий Малеев