Шангри-Ла зочид буудлын Хутон ресторан

Улаанбаатарт

Хутон ресторан монголчуудад Хойд Азийн хоолны урлаг, тэр дундаа Улаанбаатар хот дахь хамгийн амттай Бээжин шарсан нугасаар үйлчилж эхэллээ

Billionaire сэтгүүлээс дэлхийн шилдэг арван шинэ зочид буудлыг нэрлэхэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудал багтсан баяртай мэдээ гарсан билээ. Тэгвэл Улаанбаатар хотын төв зүрхэнд байрлах дээд зэрэглэлийн тус зочид буудал саяхан шинэ Хутон ресторанаа нээгээд байна.

Тоор, лийрийн модоор шавар зууханд шарж болгосон хав халуун Бээжин шарсан нугас Хутон рестораны хамгийн гол онцлог нь юм. Анх Манж Чин гүрний эзэн хааны ордонд яг ийм аргаар нугас шардаг байжээ. Хожим нь эзэн хааныхаа итгэлийг хүлээсэн буурч нь энэ аргыг 1864 онд ордноос гаргаж хүмүүст хүргэж эхэлсэн нь алдарт Чуан Жу До сүлжээ рестораны эхлэл болсон юм.

Өнөөдөр Шангри-Ла зочид буудлын Хутон ресторанд тэр л түүхт ресторанаас ирсэн ахлах тогооч Жан Юн Ли хятад үндэстний олон төрлийн хоолоор үйлчилж байна. Хутон ресторан 130 зочин хүлээн авах багтаамжтай бөгөөд зочдын ширээнд тусгайлан бэлдсэн халуун тогоо, шавар тогоо суурилуулжээ. Шавар тогоо нь хоолыг маш зөөлөн элчээр болгодог онцлогтой. Энд та хамгийн цэвэр, орц найрлагатай шөл болон Хятадын хойд зүгийн амтлаг банш, гоймонгоос сонгож зооглоорой.

Та тав тухтай орчинд гэр бүлтэйгээ эсвэл ажлын хамтрагчтайгаа зоог барихыг хүсч байвал Хутон рестораны дөрвөн VIP өрөө таалагдана. Том, эргэдэг ширээний ард та тухлаад, багц хоолны цэснээс сонголтоо хийгээрэй. Эхний хоёр өрөө нь 10 хүний багтаамжтай. Мөн 14, 18 хүний суудалтай хоёр өрөө бий бөгөөд хоорондын тусгаарлагч ханыг авч нэг том өрөө болгож болдог ажээ.

Дашрамд дурдахад Хутон гэх нэр нь Монголын Их Юань гүрний үеэс улбаатай ажээ. Хойд Хятадын хотуудад нарийн гудамжуудыг Хутон гэж нэрлэдэг ба энэ нь "Худаг" гэх монгол үгнээс гаралтай гэнэ.

Албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 19, 14241, Монгол улс. Утас: (976) 7702 9999, Цахим шуудан: slub@shangri-la.com

 

Ж.Чинбат

2015-11-16, 13:00