Уламжлалт Англи цайны соёл
Шангри-Ла зочид буудал өвлийн цэсэндээ шинэчлэгдсэн “Afternoon Tea” иж бүрдлийг санал болгож байна
Шинэхэн цөцгийтэй нарийн боов, макарон, хөнгөн сэндвич, утсан яргай загас мөн мэдээж өтгөн, сайн чанарын сонгодог Англи цай. Сайхан сонсогдож байгаа биз? Жинхэнэ Англи цайлах соёлыг сонирхсон хүмүүст зориулаад бид Шангри-Ла зочид буудлын Лобби Лаунж дахь "Afternoon Tea" буюу "Их Үдийн Цай"-г туршиж үзэхээр шийдлээ. Үүний зэрэгцээ бид "Afternoon Tea" зооглохдоо хэрхэн хувцаслах хэрэгтэй, мөн яагаад халуун цайг үлээн хөргөж болохгүй зэрэг цайлах ёсны бусад дэг жаягийн талаар хуваалцаж байна.
"Afternoon Tea" гэж юу вэ?
Английн зохиолч Льюис Кэрроллийн алдарт "Алиса гайхамшгийн оронд" зохиолыг та санаж байна уу? Мэдээж хэрэг Алиса ба үлгэрийн баатруудын цайны ёслол олон зуун дамжсан жинхэнэ Англи цайны уламжлалыг бага зэрэг хэтрүүлэгтэй ч маш тодоор харуулдаг. Харин орчин үед макарон, өргөст хэмхтэй мини сэндвичүүд болон бусад амттануудыг идэх зуураа оргилуун дарс шимж эсвэл өтгөн цай зооглож үдшийг таашаалтайгаар өнгөрөөх соёл нь олон улс даяар дэлгэрэх болжээ. Ер нь Их Британийн цайлах ёс заншил нь маш эртний бөгөөд дотроо олон төрөл агуулдаг, баялаг соёл юм. Үүний нэг төрөл болох "Afternoon Tea" цайлах соёл нь XIX зуунд Английн ихэс дээдсийн дунд дэлгэрсэн байдаг. Тухайн үед Англичууд оройн зоогоо 20:00 цагийн үед, нэлээд оройтож барьдаг байсан учир Бедфордын гүнгийн авхай Анна Рассел өдрийн хоол ба оройн зоогийн дунд хөнгөн цайны ёслол хийх санааг анх гаргасан гэдэг. Тэрээр өөрийн дотны найзуудаа үдээс хойш 16:00 цагийн үед урин хөнгөн зууш, бялуу, сэндвич болон бусад амттануудыг идэж, сайн чанарын цай зооглон, цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан гэнэ. Түүний энэхүү цайны ёслол ихэс дээдсийн хүрээнд алдаршиж, улмаар уламжлал болон тогтжээ. Одоо энэхүү цайны уламжлал нь бүхэл бүтэн амьдралын хэв маягийн нэгэн хэсэг болон хувирч, дэлхийн тансаг зэрэглэлийн зочид буудлуудын урдаа барьдаг арга хэмжээнүүдийн нэг болтлоо хөгжөөд байна.
Цэсэнд шоколадаар бүрсэн шинэхэн бялуу, цацагт хяруулын махтай мини сэндвич багтана
"Afternoon Tea"-г өдрийн хоол ба оройн зоогийн хооронд (ойролцоогоор 16:00 цагийн үед) иддэг ба энэ нь хөнгөн сэндвич, нарийн боов, амтат бялуу болон бусад зуушнуудаас бүрдэнэ. Мөн мэдээж жимсний чанамал, шинэхэн, өтгөн цөцгий, дөнгөж зуухнаас гарсан халуун нарийн боов ба бялуугүйгээр цайны соёлыг төсөөлөхийн аргагүй билээ. Шангри-Ла зочид буудал нь хүрэлцэн ирсэн зочиддоо Их Британийн хатан хаан II Элизабетийн идэх дуртай өргөст хэмхтэй, цацагт хяруулын махтай дөрвөлжин сэндвич, Франц маягийн макарон, сонгинотой жигнэмэг, шинэхэн жимсгэнэтэй тарт, шоколадаар бүрсэн бялуу зэрэг төрөл бүрийн амттануудыг санал болгож байна. Харин уух зүйлсийн хувьд халуун дарс, алим, шанзтай эсвэл сүүтэй цай, мөн оргилуун дарсны сонголт бий.
Хэзээ ч яарч болохгүй
"Afternoon Tea" цайны соёлд баримтлагддаг хэд, хэдэн дүрэм бий. Үүний нэг нь "хэзээ ч яарч болохгүй" гэсэн чухал дүрэм юм. Ийм ч учраас халуун цайг уухдаа хэзээ ч үлээж хөргөх хэрэггүй. Үүний оронд халуун цайгаа өөрөө хөрөхийг нь тайван хүлээгээрэй. Шангри-Ла зочид буудлын Лобби Лаунжийн тансаг орчинд тухлан суугаад, аажмаар цайгаа хандлан ууж, оргилуун дарс шимэн, өхөөрдөм жижиг хэмжээтэй сэндвич, бялуунуудыг амтлан, хором мөч бүрээс таашаал авч өнгөрүүлэх хэрэгтэй. Мөн найз нөхөдтэйгөө сонирхолтой яриа өрнүүлж, орчин тойрноо ажин, зөвхөн өөртөө цаг хугацааг зориулах гайхалтай шалтгаан бол "Afternoon Tea" юм шүү.
Цайлахдаа хэрхэн хувцаслах вэ?
Өнгөрсөн үетэй харьцуулахад өнөөдөр "Afternoon Tea" нь илүү албан бус, чөлөөтэй арга хэмжээ болон хувирчээ. Тиймээс цайлахын тулд заавал ёслолын хувцас өмсөх шаардлагагүй. Гэхдээ мэдээж уранхай жийнс, спорт загварын хувцас өмсөх хэрэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ер нь бол эрчүүдэд ч тэр, эмэгтэйчүүдэд ч тэр "smart casual" дресс код хамгийн тохиромжтой юм.
Шангри-Ла зочид буудлын Лобби Лаунжид "Afternoon Tea"-г өдөр бүр 14:00-18:00 цагийн хооронд амтлах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт