2023 оныг эргэн нэг дурсацгаая

Баяр, гунигаар дүүрэн 2023 оныг үдэхэд хэдхэн өдөр үлджээ

Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар, хамгийн халуун өдөр тохиосноос эхлээд “Friends” цувралын од, алдарт жүжигчин Мэттью Перригийн гэнэтийн үхэл, алдарт дизайнер Фиби Файлогийн загварын ертөнц дэх эргэн ирэлт, олон хүний амийг авч одсон шинэ дайн дэгдсэн зэрэг бид энэ богино хугацаанд маш олон үйл явдлын гэрч болжээ. Ингээд уншигч та бүхэндээ 2023 онд болж өнгөрсөн онцлох 10 үйл явдлыг тоймлон хүргэж байна.

2023.02.06

Турк улс, 2 сар, 2023 он

Турк, Сирийн хилийн ойролцоо хэдхэн цагийн зайтай болсон 7.8 болон 7.7 баллын хүчтэй хоёр газар хөдлөлтийн уршгаар 35,000 гаруй хүн үрэгдсэн нь 21-р зууны хамгийн олон хүн амь насаа алдсан газар хөдлөлтийн нэг болов.

2023.02.08

Леброн Жеймс, 2 сар, 2023 он

Алдарт сагсан бөмбөгч Леброн Жеймс NBA-н түүхэн дэх хамгийн өндөр оноо авсан тоглогч болов. 1984 оноос хойш 39 жилийн турш 38,387 оноогоор энэ амжилтыг эзэмшдэг байсан Карим Абдул-Жаббарын рекордыг эвдсэн 38 настай Леброн Жеймсийн карьер сагсан бөмбөгийн ертөнцөд одоо ч үргэлжилсээр.

2023.03.10

Ши Жинпин, 3 сар, 2023 он

Ши Жинпин БНХАУ-ын даргаар 2,900 төлөөлөгчийн 100%-ийн саналаар гурав дахь удаагаа улиран сонгогдов. Тэрээр 2018 онд БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ийнхүү гурав дахь удаагаа дахин сонгогдох боломжтой болсон юм.

2023.05.05

Tedros Adhanom Ghebreyesus, WHO Director-General, 5 сар, 2023 он

Гурван жилийн турш үргэлжилж, сая сая хүний аминд хүрсэн Covid-19 цар тахлыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага албан ёсоор дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн аюул занал биш болохыг зарлаж, онцгой байдлыг бууруулав. Улс орнуудын эдийн засаг, аялал жуулчлалын салбараас эхлээд иргэдийн өдөр тутмын амьдралд маш их өөрчлөлт авчирсан энэ өвчнөөр дэлхий дахинд 800 орчим сая хүн өвдсөн гэсэн тооцоо бий.

2023.06.14

Анхны хиймэл үр хөврөлтэй бүтэц, 6 сар, 2023 он

АНУ, Их Британийн эрдэмтдийн хамтарсан баг анх удаа эр бэлгийн эс болон өндгөн эсийн шаардлагагүйгээр нийлэг үр хөврөлтэй төстэй хиймэл бүтцийг үүдэл эснээс гарган авлаа. Энэхүү нээлт нь нөхөн үржихүйн анагаах ухааныг хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой бөгөөд эрдэмтэд энэхүү нээлтээрээ удамшлын өвчин болоод үр зулбалтын шалтгааныг илүү сайн ойлгох боломжтой хэмээн үзэж буй.

2023.07.20

FIFA Women's WOrld Cup, 7 сар, 2023 он

Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Эмэгтэйчүүдийн Хөл Бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрали болон Шинэ Зеланд улсуудад долоодугаар сарын 20-оос наймдугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Ес дэх удаагийн энэхүү тэмцээн нь анх удаа хоёр улсад зэрэг зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд Испанийн шигшээ баг Европын аварга Английн шигшээг 1-0-ийн харьцаагаар хожиж аваргын цомын эзэн болсон юм.

2023.09.01

Пап Францис болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 9 сар, 2023 он

Гэгээн ширээт /Ватикан/ улсын төрийн тэргүүн, Католик шашны тэргүүн Пап Францис Монгол улсад төрийн айлчлал хийв. 86 настай Пап Францисын энэ удаагийн төрийн айлчлал нь Монгол улсад зочилж буй анхны тохиолдол болсон юм.

2023.09.10

Жүжигчин Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ болон Гуру Медиа студийн продюсер Ц.Ариунаа, 9 сар, 2023 он

Энэ жил Монголын кино урлаг, театрын салбарын хувьд түүхэн ач холбогдол өндөртэй жил байлаа. Үүний нэг нь дэлхийн хамгийн эртний тодорхойлолттой Венецийн 80 дах удаагийн кино наадмын гол шагналуудын нэг болох “Orizzonti” төрөлд “Сэр сэр салхи” киноны залуу жүжигчин Б.Тэргэл “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн нь Монголын кино уран бүтээлчдийн хувьд томоохон амжилт болсон юм.

2023.10.07

Хамас бүлэглэл Газын зурвасаас Израйлын өмнөд хэсэгт гэнэтийн дайралт өгснөөр шинэ дайн эхлэв. Палестины салан тусгаарлагч бүлэглэл Хамасын дайралтын дараагаар Израйлын батлан хамгаалах хүчнээс цэргийн хариу арга хэмжээ авч, хоёр тал ээлж дараалан гал нээж эхэлсэн ба улмаар 18,000 орчим хүн амь үрэгдээд байна.

2023.10.30

Phoebe Philo, SS24, 11 сар, 2023 он

Алдарт дизайнер Фиби Файло загварын ертөнцөд эргэн ирэв. Chloe болон Celine брэндийн бүтээлч захирлын албыг хашиж байсан тэрээр 2017 оноос хойш зургаан жил завсарлага авсны эцэст нийт 104 загвараас бүрдсэн Phoebe Philo гэх өөрийн нэрийн брэндийн анхны цуглуулгаараа загварын салбарт ахин хөл тавьсан юм.

Buro.Mongolia

2023-12-29, 12:30